Пирамидыг март, цаана ч бүүр том гайхамшиг сүндэрлэх гэж байна хэмээн Египетийн шинэ нийслэлийн тухай мэдээллүүд хөвөрч байна.
Шинэ хот Манхэттэнээс 12 дахин, Парисаас 7 дахин, Вашингтон ДС-гээс дөрөв дахин том байна.
Энэ нь тус улсын Засгийн газар одоо байгаа нийслэл Каир хотын зүүн талд гайхамшигт шинэ нийслэлээ босгох болсон тухай төлөвлөгөөгөө танилцуулсантай холбоотой. Хүн амын өсөлт, агаарын бохирдол, замын түгжрэл, дэд бүтцийн хэт бөөгнөрөл, түрээсийн төлбөр хэт өндөр болсон зэрэг олон асуудлуудыг үгүй хийхээр ийнхүү шинэ нийслэлтэй болохоор болсон байна.
Одоогийн нийслэл Каир хотод 18 сая орчим хүн ам аж төрж байна. Ирэх 40 жилийн хугацаанд энэ тоо даруй 2 дахин нэмэгдэнэ гэж тооцоолжээ. Парламентын ордон, Засгийн газрын байрууд, яамд, гадаадын элчин сайдын яамнууд шинээр баригдах метрополис хот руу нүүх юм байна. Шинэ нийслэл Египет улсын биш дэлхийн нийслэл болно хэмээн тэд “ам гараад” байна.
Шинэ хот нь 700 ам.км талбайг эзлэн сүндэрлэх ба энэ нь Манхэттэнээс 12 дахин, Парисаас 7 дахин, Вашингтон ДС-гээс дөрөв дахин том гэсэн үг юм.
Египет улс Арабын Нэгдсэн Эмират улстай хамтран уг төслөө хийхээр болж байгаа ба нийтдээ 45 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэн 5-7 жилийн дотор барьж дуусгах аж.
ШИНЭ ХОТОД ЮУ БАЙХ ВЭ?
6000 гаруй км замаар хот дахь байгууламжууд холбогдоно
Засгийн газар болон бүх элчин сайдын яамдууд байрлана
Хитроугоос том олон улсын нисэх буудалтай байна
Нарны эрчим хүч үйлдвэрлэх байгууламж
40 мянган зочид буудлын өрөө
2000 сургууль
18 эмнэлэг
ДАВУУ ТАЛУУД
1. Барилга байгууламжийн хоорондох зай, ногоон байгууламжийн хэмжээ дэлхийн аль ч хотод байхгүй их
2. Одоогийн ашиглагдаж буй дэвшилтэт технологиудаас гадна томоохон шинэ технологиуд уг хотод ашиглагдана
3. Байгалийн эрчим хүчийг бүхий л барилга байгууламжид ашиглах боломжийг эрэлхийлнэ
4. Усыг дахин ашиглах, хэмнэх технологийг бүхий л хэсэгт ашиглана
5. 40, 50 жилийн дараах хүн амын өсөлт, төвлөрөл зэрэг өөрчлөлтөд тохируулан өөрчлөх уян хатан бүтэцтэй байх гэнэ.
Египет улсын том мөрөөдөл хэмээн нэрлэгдээд буй энэ төсөл бодит ажил хэрэг болж “том бүтээн байгуулалт” болон сүндэрлэхийг хүлээх л үлдлээ.
Н.ЦЭНД