Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15-р хороо "KH апартмент" хотхоны хойд талд байрладаг барилгын хоосон хашаанд Ч.Чамин-Эрдэнэ нас барсан хэрэгт хэрэг бүртгэлт нээн Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс мөрдөн шалгах ажиллагааг гурван сарын хугацаанд хийжээ. Хохирогчийн өмгөөлөгч нар өчигдөр хавтаст хэргийн материалуудтай биечлэн танилцсан байна.
Энэ талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал “Өндөр албан тушаалтны хүүхэд холбогдсон тул цагдаа нар хэргийг бүрэн шалгахгүй байна” гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаж байна. Тийм асуудал байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлмээр байна. Хэргийн газрын үзлэг, сэжиглэгдэж байсан хүмүүсийн хувийн мэдээллийн талаар шалгалтууд хийсэн. Цагдаагийн байгууллага бусдын нөлөөнд автаж, нотлох баримтыг нууж хаасан зүйл огт байхгүй. Гадуур яригдаж байгаа сэжиг, таамгуудыг бүгдийг шалгасан. Гэхдээ энэ хэрэг дээр сэжигтэн олдоогүй. Мөрдөн шалгах ажиллагаагаар тус хотхоны камерын бичлэгүүдийг хураан авч үзлэг хийхэд 2018 оны аравдугаар сарын 24-ны өдрийн 10.35-16.30 цагийн хооронд 6B байрны арван давхраас цахилгаан шатаар бууж В1 давхрын 6В, 6D байрны гараашаар ганцаараа явж тухайн өдрийн 10.37 цагт В1 давхраас цахилгаан шатанд сууж 6D байрны 11 давхарт бууж байгаа бичлэгийг эд мөрийн баримтаар хураан авсан. Талийгаач хүний хөдөлгөөн багатай, барилгын хоосон хашаанд унасан учраас хүмүүс хараагүй. Тухайн үед ажилласан мөрдөгч нар 11-14 давхарт үзлэг хийсэн. Ингээд 14 давхрын коридорт мөрдөн байцаалтын туршилт явуулж цонхны онгойх зай хэмжээ, түүгээр хүн багтах эсэхийг туршилт явуулж шалгахад цонхны зайгаар хүний бие багтах нь мөрдөн байцаалтын үеэр тогтоогдсон. Хэргийг шалгаж дуусч байгаа.
Франц улсад байгаа талийгаачийн ах болох Ч.Гэрэлхүүгийн цахим хуудаснаа мэдээлсэн “Дөрвөн иргэн виски бариад байранд нь орсон” гэх мэдээллийг мөн үргэлжлүүлэн шалгахаар төлөвлөж байна” гэв.
Э.БУРАМ