Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2019.01.25-нд нийтлэгдсэн

Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжинэ

Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжинэ

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэдээлж байгаагаар монгол хүний давсны дундаж хэрэглээ хоногт 11 грамм байгаа нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөс 2 дахин их үзүүлэлт. Хүн хоногт 5 граммаас ихгүй давс хэрэглэх нь эрүүл мэндээ хамгаалах нэг арга бөгөөд халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх анхдагч нөхцөл юм. Давсыг зохист хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд бөөрөнд ачаалал өгч, артерийн даралт ихсэх, улмаар тархинд цус харвахад тодорхой хэмжээгээр нөлөөлдөг байна.

Хүн хоногт хэрэглэх давсныхаа 77 хувийг үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнээс, 12 хувийг сүү, мах, жимс зэрэг бүтээгдэхүүний агууламжаас, үлдсэн 11 хувийг хүн өөрөө хоол, цайндаа хийж, хэрэглэдэг гэдгийг судалж тогтоожээ.

Тиймээс хүнс, хоол үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний давсны агууламжийг бууруулахад аж ахуйн нэгжүүдийг татан оролцуулах замаар давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, түүнчлэн иоджуулсан давсны дотоодын үйлдвэрлэл, чанар, аюулгүй байдлын хяналтыг сайжруулах зорилгоор “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хамтарсан тушаалын дагуу хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Тус арга хэмжээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Нийслэл, аймаг, орон нутгийн ЗДТГ, Хүнс, хөдөө аж ахуйн газар зэрэг төрийн байгууллага, эрдэм, шинжилгээ, судалгааны институт хамтран зохион байгуулж байна.

2018 оны хоёрдугаар сараас эхэлсэн эхний үе шатны арга хэмжээнд нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий 11 аж ахуйн нэгж өөрсдийн хүсэлтээр хамрагдаж, хоол, хүнсэн дэх давсны агууламжаа тодорхой хувиар бууруулж чадсан юм. Аж ахуйн нэгжүүдийн үр дүнгийн талаар мэдээллийг ЭНД дарж авна уу.

“Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” хоёрдугаар шатны арга хэмжээ 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс улс орон даяар эхэлж, үйлдвэрлэж буй хүнс, хоолныхоо давсны агууламжийг бууруулах хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийг бүртгэж эхэллээ. Арга хэмжээнд хүнсний бүтээгдэхүүн, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр гурваас доошгүй жил тогтмол үйл ажиллагаагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага хамрагдах боломжтой.

Мөн эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан барилга байгууламж, тоног төхөөрөмж, мэргэшсэн ажилтан, ажиллагсадтай байх, мэргэжлийн хяналтын байгууллагатай бүртгүүлсэн, бүтээгдэхүүний үйлдвэрлэлд дэвшилтэт техник, жор технологи нэвтрүүлсэн, үйл ажиллагаандаа зохистой дадлыг хэрэгжүүлж ажилладаг байх шаардлагыг тавьж байна.

Түүнчлэн нийгмийн хариуцлагын хүрээнд холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран, хэрэглэгчдийн хоол, хүнс, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, хоол, хүнсний бүтээгдэхүүнийг эрүүл, зохистой зөв хэрэглэх талаарх мэдлэг, мэдээлэл олгох сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулах төлөвлөгөөтэй байна.

“Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” хоёрдугаар шатны арга хэмжээнд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийн мэдүүлгийг 2019 оны 2 дугаар сарын 15-ны дотор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, тухайн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт тус тус хүлээн авна.

Ийнхүү арга хэмжээнд хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн аж ахуйн нэгжүүдийн дунд давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар арга зүйн зөвлөгөө, сургалтуудыг зохион байгуулж, хоол, хүнсний бүтээгдэхүүний давсны агууламжийг лабораторийн нөхцөлд тодорхойлолт, үнэлэлт, дүгнэлт өгөх зэрэг олон ажлыг зохион байгуулагчдын зүгээс авч хэрэгжүүлнэ.

Үүний үндсэн дээр 2019 оны 10, 11 дүгээр сард арга хэмжээнд хамрагдсан аж ахуйн нэгжүүдээс 13 шалгуур үзүүлэлтийн дагуу 7 номинациар шилдгүүдийг шалгаруулж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчлах юм. Үүнд, “Давс багатай талх, гурилан бүтээгдэхүүн”, “Давс багатай махан бүтээгдэхүүн”, “Давс багатай нөөшилсөн ногоо”, “Давс багатай хоол”, “Давс орлуулагч, хүнсний шинэ жор технологи”, “Давс багатай хоол үйлдвэрлэгч”, “Давсны зохистой хэрэглээг дэмжигч байгууллага”-ыг тус тус шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулна.

Тиймээс хүнс, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, албан байгууллагууд уг арга хэмжээнд хамрагдаж, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангах үйлсэд хувь нэмрээ оруулан, бүтээгдэхүүнийхээ үнэ цэнийг өсгөж, нэр хүндээ эрхэмлэхийг уриалж байна.

Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийг шалгаруулах шалгуур үзүүлэлтийг танилцуулъя. Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нь:

  • Хүнсний бүтээгдэхүүн болон хоолны давсны агууламжийг бууруулах шинэ жор, технологийг санаачлан нэвтрүүлсэн байна.
  • Хоол хүнсээр дамжих өвчин /хоолны хордлого/-тэй холбоотой зөрчил гаргаагүй байна.
  • Хүнсний бүтээгдэхүүн болон хоолны давсны агууламжийг 40 хувиас доошгүй бууруулсан, үр дүн нь лабораторийн шинжилгээгээр баталгаажсан байна.
  • Хүнсний бүтээгдэхүүний шошго, хоолны цэсэнд 100 гр-д агуулагдах давсны хэмжээг бичиж тэмдэглэсэн байна.
  • Үйлдвэрийн ажилчдад олгож буй хоолны агууламжийг бууруулах арга хэмжээ авч үр дүнг тооцсон байна.
  • Давсны зохистой хэрэглээний талаарх байгууллагын ажилчдын мэдлэг, хандлагыг дээшлүүлж, үр дүнг тооцсон байна.

Нийгмийн хариуцлагын хүрээнд холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран хэрэглэгчдийн хоол хүнс, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, хоол, хүнсний бүтээгдэхүүнийг эрүүл зохистой хэрэглэх талаарх мэдлэг, мэдээлэл олгох сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулах төлөвлөгөө гаргаж, төлөвлөгөөний дагуу хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг ирүүлнэ.

"Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье" хоёрдугаар шатны арга хэмжээний удирдамж, шалгуур үзүүлэлттэй дэлгэрэнгүй танилцаарай.

"ДАВС БАГАТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖЬЕ" ХОЁРДУГААР ШАТНЫ АРГА ХЭМЖЭЭ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

"Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” 2-р шатны арга хэмжээг 2019-2020 онд улсын хэмжээнд зохион байгуулах ажлын нээлтийн үйл ажиллагаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хурлын танхимд боллоо.

Өнөөдрийн арга хэмжээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Батлан хамгаалах яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газар, Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо, нийслэл хотод хүнс болон хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл оролцов.

Нээлтийн үйл ажиллагаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, Эрүүл мэндийн дэд сайд Л. Бямбасүрэн, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал, Анагаах ухааны доктор Д.Нарантуяа нарын албаны хүмүүс нээж үг хэллээ.

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле: “Энэ жил хоёрдугаар шатны арга хэмжээг орон даяар эхлүүлэхээр бэлтгэл ажлыг ханган, өнөөдөр танилцуулах уулзалтыг нийслэл, 21 аймагт зэрэг зохион байгуулж байна. Цаашид давсны зохистой хэрэглээг хэвшүүлэх, хэрэглэгч, үйлчлүүлэгчийн эрүүл мэндийг дэмжин хамгаалахад хоол, хүнс үйлдвэрлэгчдийн идэвх, санал санаачлага туйлын чухал тул та бүхэн энэхүү арга хэмжээнд нэгдэн ажиллахыг уриалж байна. Энэхүү арга хэмжээ нь салбар дундын хамтын ажиллагааны үр дүнд амжилттай хэрэгжиж буй бидний ажлуудын нэг гэдгийг энд онцлон хэлэх нь зүйтэй. Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” хоёрдугаар шатны арга хэмжээг орон даяар нээснийг үүгээр мэдэгдье. Бид бүхний эрүүл монгол хүний төлөө хийж буй хамтын ажиллагаа улам дэлгэрч, монгол хүн бүр эрүүл, аз жаргалтай байх болтугай” гэв.

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн: 2 дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү арга хэмжээ нь хүн амын эрүүл мэндийг хамгаалах, эрүүл хүнс үйлдвэрлэх чиглэлд төр, хувийн хэвшил амжилттай хамтран ажиллах боломжтойг харуулсан сайн жишээ болж байна. Эхний шатны арга хэмжээнд идэвхтэй оролцсон аж ахуйн нэгжүүд, амжилттай зохион байгуулсан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон бусад төрийн болон төрийн бус байгууллагуудад талархлаа илэрхийлье.

Давс хэтрүүлэн хэрэглэх нь артерийн даралт ихсэх, тархинд цус харвах, яс сийрэгжих зэрэг халдварт бус олон өвчний шалтгаан болж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээчдийн баг Монгол Улсад халдварт бус өвчин, түүнээс үүдэлтэй цаг бус нас баралтаас сэргийлэх хамгийн өртөг багатай, үр дүнтэй арга хэмжээ бол давсны хэрэглээг бууруулах интервенц гэж тодорхойлсон байдаг.

Давсны хэрэглээг бууруулахад зарцуулсан зардал нь бусад нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаанд зарцуулсан зардлаас хамгийн өндөр үр дүнтэй буюу давсны хэрэглээг бууруулах арга хэмжээнд зарцуулж буй 1 төгрөг 16 төгрөг болж өсдөг нь судалгаагаар тогтоогдсон. Энэ ч үүднээс "Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье" аяны 2 дугаар шатны үйл ажиллагааг үндэсний хэмжээнд зохион байгуулахад эрүүл мэндийн салбарынхан хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдийг мэргэжил арга зүйгээр ханган, хамтран ажиллах болно” гэдгээ илэрхийллээ.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нарантуяа: “НЭМҮТ-ийн судалгаагаар Монгол Улсын 15-64 насны гурван хүн тутмын нэг нь 70 нас хүрэхээсээ өмнө зүрх судасны өвчин, чихрийн шижин, амьсгалын замын архаг өвчин болон хорт хавдарын аль нэгээс шалтгаалан нас барах эрсдэлтэй, 25-64 насны 10 хүн тутмын 8 нь хоногт 5 гр-аас их давс хэрэглэж байна.

Тиймээс ч "Давсны хэрэглээг бууруулах" үндэсний стратегийг батлуулан хэрэгжүүлж байгаа бөгөөд уг стратегид тусгагдсанаар хоол, хүнсэн дэх давсны агууламжийг 40 хүртэл хувиар бууруулах, түүнчлэн хэрэглэгчид давс багатай бүтээгдэхүүн хэрэглэх өргөн сонголтыг бий болгох, улмаар монгол хүний давсны хэрэглээг бууруулах, тэдний эрүүл мэндийг хамгаалахад хүнс болон хоол үйлдвэрлэгчдийн үүрэг, оролцоо дэмжлэг маш хэрэгтэй байна.

Өнөөдрийн улс орон даяар нээлтээ хийж буй "Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье" 2-р шатны арга хэмжээг амжилттай хэрэгжүүлэхэд бүх шатны боловсролын байгууллага (цэцэрлэг, ЕБС, их дээд болон тусгай мэргэжлийн сургууль), эмнэлэг, хүнсний үйлдвэрүүд, нийтийн хоолны газрууд, зохион байгуулалттай хооллодог цэрэг, анги нэгтгэл, үйлдвэр аж ахуйн газруудын оролцоо, дэмжлэг, бидний хамтын ажиллагаа хамгийн чухал үүрэгтэй.

Арга хэмжээг зохион байгуулагчдын зүгээс хоёрдугаар шатны арга хэмжээнд оролцох аж ахуйн нэгж, байгууллагад зөвлөгөө өгөх, хамтарсан сургалт, сурталчилгаа явуулах зэргээр дэмжлэг үзүүлэх бөгөөд энэхүү арга хэмжээний үр дүнд зах зээлд нийлүүлж буй хүнсний бүтээгдэхүүн болон хоолны давсны агууламж 40 хувь хүртэл багасч, олон улсын стандартад нийцсэн, давс багатай бүтээгдэхүүн, нийтийн хоолны нэр төрөл, хэрэглээ нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

"Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье" арга хэмжээнд хамрагдах аж ахуйн нэгжүүдэд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийн талаар НЭМҮТ-ийн Хоол судлалын эрдэм шинжилгээний ажилтан Г.Энхтунгалаг мэдээлэл хийж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэргэжилтэн энэ арга хэмжээнд байгууллагынхаа гүйцэтгэх үүргийн талаар ярьж, өнгөрсөн жилийн арга хэмжээнд амжилттай оролцож, гран при хүртсэн СХД-ийн 112 дугаар цэцэрлэгийн ахлах тогооч Г.Оюунсүрэн үр дүнгээ тайлагнаж, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгөн, нэгэн зэрэг арга хэмжээний нээлтээ хийж буй аймаг, орон нутгийн төлөөлөлтэй утсаар холбогдож мэдээлэл авлаа.

Эх сурвалж: ХХААХҮЯам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж