Америк цагдаа нар цаазлуулж магадгүй

Хуучирсан мэдээ: 2010.07.15-нд нийтлэгдсэн

Америк цагдаа нар цаазлуулж магадгүй


Олныг хамарсан эмх замбараагүй явдал, байгалийн гамшгийн үед галт зэвсэг хэрэглэх эрхээ хэтрүүлэн хүний амь бүрэлгэн, хэргээ нуун дарагдуулахаар оролдсон цагдаагийн офицеруудын хэргийг АНУ-ын Хууль зүйн департамент шалгаж байна.

Катрина хуй салхины дараах эмх замбараагүй явдлын үеэр зэвсэггүй хоёр хүнийг буудаж, амийг нь хөнөөсөн Нью-Орлеансын цагдаагийн дөрвөн оффицер цаазаар авахуулах ял сонсож магадгүй байна гэж “CNN” агентлаг мэдээлж байна. Тус цагдаагийн хэлтэс мөн авлигын асуудалтай холбоотойгоор хэд хэдэн удаа холбооны зүгээс шалгалтанд ороод байгаа юм. Тэднийг өөр хоёр оффицерын хамт шүүхээс 27 зүйлээр буруутгасан байна.

Нью-Орлеансын өөр таван оффицер хэдийн Данзигер Гүүрэнд болсон хүн буудсан хэргийг дарахаар оролдсон хэрэгт буруутгагдаад байгаа юм. Цагдаа нар Нью-Орлеанс хотын Данзигер Гүүрэн дээр хоёр хүнийг буудаж алаад дөрвөн хүнийг шархтай нь орхисон хэрэг Катрина хар салхи тус хотыг түйвээсний дараахан 2005 оны наймдугаар сард гарсан юм. Буудуулж нас барсан хүмүүсийн нэг сэтгэцийн өөрчлөлттэй нэг хүнийг цагдаа нар нуруу луу нь буудаад, дараа нь нас барахаас нь өмнө өшиглөж зодсон байна.

Цагдаа нар өөрсдийгөө хамгаалж, хүмүүсийг буудсанаа зөвтгөхийн тулд гэрчүүдийн мэдээллийг хуурамчаар бүрдүүлж, рапортоо худлаа бичиж, хэргийн газар буу зохиомлоор нэмж байрлуулсан гэж прокурорууд үзэж байгаа юм. Энэ явдал шуурга болсны дараа гарсан олон хүчирхийллийн нэг жишээ гэж үзэж байна. Энэ нь Нью-Орлеансын цагдаа нарын буруу ажиллагаатай холбоотойгоор 2005 оны 8 сараас хойш Хууль зүйн департаментаас хийсэн шалгалтын хүрээнд шалгаж байгаа хэргүүдийн нэг нь юм. Өнгөрсөн сард өөр таван оффицерыг буудуулж нас барсан 31 настай Хенри Гловерын хэрэгтэй холбоотойгоор ялласан. Түүний шатаж, түлэгдсэн цогцос Катринагийн дараахан ил гарч ирсэн юм.

Нью-Орлеансын 80 хувь нь усан доор ороод байх үед хээл хахуульд олонтаа холбогдож байсан түүхтэй тус хотын цагдаагийн хэлтэс хотод нүүрлэсэн гэмт хэргийн давалгаатай тэмцэхээр оролдсон ч офицеруудынх зарим нь гэмт хэрэгтнүүд болсон юм. Үүнтэй холбоотойгоор олон арван цагдаагийн оффицерын албан тушаалыг нь түдгэлзүүлж, ажлаас халсан. Тус хотын шинээр томилогдсон дарга цагдаагийн газрынхаа даргыг сольж, АНУ-ын Хууль зүйн яамыг тус цагдаагийн газар шалгалт хийх хүсэлт тавьсны дараахан цагдаа нартай холбоотой сүүлийн үеийн хэргүүд илэрсэн байна.

АНУ-ын Ерөнхий Прокурор Эрик Холдер Хууль зүйн департаментын албан тушаалтнууд тус хотын удирдлагуудтай хамтран иргэд цагдаагийн газартаа итгэх итгэлийг сэргээхийн төлөө ажиллаж байгаа талаар ярьсан байна. “Энгийнээр хэлбэл бид олон нийтийг хамгаалах тангараг өргөсөн хүмүүсийн буруутай үйл ажиллагааг тэвчихгүй” гэж тэрээр мягмар гаригт Нью-Орлеансчуудад хандан хэлсэн байна.

Гүүрэн дээр буудсан хэрэгтэй холбогдуулан цагдаагийн долоон офицерийг хүн амины хэрэг болон хүн алахаар завдсан гэж яллаж 2006 оны 12 сард шүүхээр оруулсан ч 2008 оны 8 сард мужийн шүүгч ялласныг нь хүчингүй болгосон. Түүний дараа АНУ-ын Холбооны удирдлагууд энэ хэргийг татан авч өөрсдөө шалгалтаа эхлүүлсэн байна. Одоогийн байдлаар цагдаагийн таван офицер Данзигер гүүрэн дээр болсон явдлыг нуун дарагдуулахад оролцсон гэж буруугаа хүлээгээд байгаа бөгөөд удахгүй тэднийг шүүх хурал болох болно. Мягмар гаригт Дэслэгч Роберт Гисевиус болон Кеннет Баувен, офицер Антони Вилавасо, офицер асан Роберт Фаулкон нарыг хууль бусаар зэвсэг хэрэглэсэн хэрэгт ялласан байна. Хэрвээ шүүхээс ялыг нь батлавал тэд цаазаар авахуулах ял ч авч магадгүй. Гэхдээ прокурорууд тийм ял оногдуулах эсэхээ эцсийн байдлаар шийдээгүй байна гэж АНУ-ын прокурор Жим Леттен ярьжээ.

Дэслэгч Артур Кауфман болон чөлөөндөө гарсан дэслэгч Жерард Дюгю нарыг хүн буудсан хэргийг мөрдөн шалгах ажлыг замхруулсан тул шударга ёс тогтоох, мөрдөн байцаах үйл ажиллагаанд саад учруулсан гэж яллаад байна. Энэ бол Хууль зүйн департамент мужийн түвшний мөрдөн байцаалт, хуулийн ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон анхны хэрэг биш. 1990-ээд онд Хууль зүйн департамент цагдаагийн дээгүүр албан тушаалтай зарим ажилтны хээл хахуультай холбоотой хэргүүд болон 1994 онд бусдад алуулсан нэгэн эмэгтэйн хэрэгт цагдаагийн ажилтан оролцсон хэргийг шалгаж байсан юм.

Сүүлийн шалгалтуудыг тус хотын шинэ захирагч Митч Ландрию болон цагдаагийн шинэ удирдлага Ронал Серпас нарын хүсэлтээр хийсэн бөгөөд тус хотын цагдаагийн газрыг доороос нь дээш нь хүртэл шалгажээ. Данзигер гүүрэн дээр буудуулж хохирсон хохирогч нарын нэгийг өмгөөлж байгаа хүний эрхийн өмгөөлөгч Мери Хоувелл тус хотын цагдаагийн газар “удаа дараа” асуудалд холбогдож байгаа бөгөөд хангалттай урт настай шинэчлэл хийгдэхгүй байгаа гэж ярьж байна.

Офицер Гисевиусын хуульч ялласан явдал бол гэнэтийн зүйл байгаагүй гэж ярьсан. “Энэ өдөр хэзээ нэг цагт ирэх байх гэж бид хүлээж байсан” гэж хэлсэн. Харин Дюгюгийн өмгөөлөгч Клауде-Келли үйлчлүүлэгч нь гэмт хэргийг нуун дарагдуулахад оролцоогүй гэж ярьсан. Шуурга болсны дараахан ажлаасаа гарсан Фаулкеныг Хьюстон хотод гэртээ байхад нь цагдаагийнхан баривчилсан байна. Гисевиус, Баувен, Виллавасо нар Нью-Орлеансын Холбооны Мөрдөн Товчооны байранд өөрсдөө очин баривчлагджээ. Тэднийг шүүх хурал болтол цагдан хорих болно гэж АНУ-ын Прокурор Жим Леттен мэдэгдсэн байна.

Прокурорууд Фаулкеныг 40 настай эрэгтэй, ноцтой сэтгэцийн өвчтэй Рональд Медисоныг гүүрний баруун талаар явж байхад нь хойноос нь буудсан гэж яллаж байгаа. Харин Баувеныг Медисоныг буудуулж газар унасан ч шархтай газар хэвтэж байхад нь очиж өшиглөж зодсон гэж яллаж байна. Цагдаа нар талийгаачийн ах Ланс Медисоныг баривчлан цагдаагийн офицерыг алах гэж оролдсон гэж ял тулгасан ч гурван долоо хоног хорьсны дараа түүнийг яллалгүйгээр сулласан байна. Баувен, Гисевиус, Фаулкен болон Виллавасо нарыг мөн гүүрний зүүн талд байсан зэвсэггүй гэр бүлийн хүмүүсрүү буудаж 17 настай Жеймс Брисеттыг алж, өөр дөрвөн хүнийг шархдуулсан гэж яллаж байна. Бүх зургаан офицерыг гэмт хэргээ нуун дарагдуулах гэж оролдсон гэж давхар яллаж байна гэж Нью-Орлеансаас “CNN” агентлаг дамжууллаа.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж