Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Швейцарын Холбооны Улсаас тус улсад хавсран суугаа Элчин сайд Ж.Ж. Де Дарделийг бүрмөсөн буцахтай нь холбогдуулан 1 дүгээр сарын 25-ны өдөр Төрийн ордонд хүлээн авч уулзав.
Сайд Д.Цогтбаатар Элчин сайд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажилласанд талархал илэрхийлээд, түүнийг ажиллах хугацаанд ШХУ-ын Гадаад хэргийн сайд Монгол Улсад анх удаагаа айлчилсан нь чухал ач холбогдолтой байсныг онцлов. Мөн Монголын соёл, урлагийг дэмжин олон улсын хэмжээнд таниулахад өөрийн хувь нэмрээ оруулж ирснийг өндрөөр үнэлж, цаашдын ажилд нь амжилт хүсэв.
Элчин сайд Ж.Ж.Де Дардел Швейцар, Монголын харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг тэмдэглэн Швейцарт Монгол Улсыг сонирхох хандлага нэмэгдэж байгааг дурдахын хамт хоёр орны харилцаа цаашид улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Элчин сайд Ж.Ж.Де Дардел ШХУ-ын Элчин сайдын нэрэмжит урлагийн шагнал бий болгох санал дэвшүүлж, Монголын урлагийн академи, Женев дэх “Residency” урлагийн сургуультай хамтран уг шагналд нэр дэвшигч уран бүтээлчдийг шалгаруулан ШХУ-д урлагийн чиглэлээр суралцуулах, тэдгээрийн уран бүтээлийн үзэсгэлэнг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн ажилладаг юм.
Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ
Холбоотой мэдээ