“Монгол Улсын анхан ба хоёр дах шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн ахлах зөвлөх Иноүэ Нобуаки, зохицуулагч Нозаки Тамоцү, сувилахуйн мэргэжилтэн Икараши Мэгүми нартай тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж 2019 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр уулзлаа. Уулзалтад Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, мэргэжилтэн Д.Баярмаа болон төслийн ажилтан О.Түмэндэмбэрэл, А.Цэнгүнмаа нар байлцав.
Төслийн ахлах зөвлөх Иноүэ Нобуаки төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах чиглэлээр төслийн хүрээнд хийгдсэн томоохон ажлууд, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийн талаар, Токио дах Анагаах ухаан, эрүүл мэндийн олон улсын төвийн мэргэжилтэн, зөвлөх Икараши Мэгүми сувилагчийн сургалтын хэрэгцээг тодорхойлох үнэлгээний дүнгийн талаар танилцууллаа.
Эрүүл мэндийн яамны зүгээс төслийн үйл ажиллагааг цаашид өргөтгөж сувилагч нарын төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах, сургалтын эмнэлгийн загвар бий болгох, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад сургалт зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллах хүсэлттэй байгаа гэдгийг Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж илэрхийлэв.
Төслийн Хамтарсан зохицуулах зөвлөлийн ээлжит хурлыг 2019 оны гуравдугаар сард багтаан зохион байгуулж, үйл ажиллагааг өргөтгөх, төслийн хугацааг сунгах эсэх талаар хэлэлцэхээр хоёр тал зөвшилцлөө.
Эх сурвалж: ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ
Холбоотой мэдээ