Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлж, татварын буцаан олголт авахаар материалаа бүрдүүлж өгсөн хүмүүст хүлээлт үүсээд байна. Өнгөрсөн онд шинээр орон сууц худалдан авсан болон барьж байгуулсан, эсвэл хүүхэд нь их дээд сургуульд элсэн орсон иргэд шинээр материал бүрдүүлж өгсөн бол өмнө нь материалаа бүрдүүлээд хоёр болон түүнээс дээш удаа татварын буцаан олголтод хамрагдаж буй хүмүүс ч цөөнгүй.
2013 онд л гэхэд 66 мянган иргэн материал бүрдүүлэн татварын албадад өгч, 36,5 тэрбум төгрөгийн буцаан олголт авсан гэсэн тоо бий. Тэгвэл 2014 оны буцаан олголтод энэ тоо буураагүй, харин ч өсөх магадлалтай. Тиймээс бид Татварын ерөнхий газрын холбогдох мэргэжилтнээс татварын буцаан олголтын талаар тодруулахад “Эхний ээлжийн буюу нэгдүгээр сарын 25-наас өмнө хөнгөлөлт, чөлөөлөлтийн материалаа хүлээлгэн өгсөн татвар төлөгчдийн буцаан олголт ирэх дөрөвдүгээр сарын сүүлээр дансанд орно. Харин хоёрдугаар ээлжинд буюу нэгдүгээр сарын 25-наас хоёрдугаар сарын 15-ны хооронд материалаа бүрдүүлж өгсөн иргэдийн хувьд тавдугаар сар хүртэл хүлээгдэнэ” гэсэн хариу өглөө.
М.СУРА