Хариуцлага хүлээх хүмүүс нь хариуцлагаа хүлээнэ биз!

Хуучирсан мэдээ: 2019.01.26-нд нийтлэгдсэн

Хариуцлага хүлээх хүмүүс нь хариуцлагаа хүлээнэ биз!

“News” агентлаг өнгөрч буй долоо хоногийн онцлох ярилцлагуудаа багцлан хүргэж байна.


С.ЭРДЭНЭ: АЖЛАА ХИЙСЭН НЬ ХОХИРЧ, ПОПУЛИСТУУД ХОЖИЖ БОЛОХГҮЙ

Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын намрын чуулганыг сунгах саналаа илэрхийлсэн. Энэ талаар сөрөг хүчин болох Ардчилсан намын дарга С.Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.


-Намрын чуулган сар гаруй хугацаанд завсарласан. Үүнтэй холбоотой намрын чуулганыг сунгах саналыг Ерөнхийлөгч гаргаад байгаа. Та чуулганы сунгах асуудлаар ямар байр суурьтай байна вэ?

-Намрын чуулган бараг л хуралдсангүй шүү дээ. Намрын чуулган хуралдаж байх хугацаанд өөрсдийгөө эх оронч, шударга ёсны төлөө тэмцэж байгаа гэсэн хэсэг нөхөд Монголын төрийн ажлыг гацааж намрын чуулган хуралдсангүй. Эрх барьж байгаа МАН дотоод зөрчил тэмцлээ болих, төрийн ажлыг битгий гацаагаач ээ гэдэг шаардлагыг АН удаа дараа тавьсан. Нэг намын дотоод зөрчлөөс болж Монгол төрийн ажил гацахыг яагаад ч хүлээн зөвшөөрч болохгүй. УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж УИХ-ын гишүүн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чуулганы гуравны нэг олон хоногоор чуулгандаа суугаагүй бол эгүүлэн татдаг өөрчлөлт хийсэн. Гэтэл чуулганы хуралдааныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэр бүхий гишүүд намрын чуулганыг тасаллаа шүү дээ. Ажлаа хийж байгаа гишүүд нь хохироод улс төр, популизм хийсэн нөхдүүд нь хожоод байж болохгүй. Чуулганы хуралдааныг сунгаж хуралдуулах талаар нэг бус гишүүний саналыг сонссон. УИХ-ын чуулган Дэгийн хуулийнхаа хүрээнд тогтоосон цаг хугацаандаа л хуралдах ёстой. Түүнээс биш хэн нэгэн хүн хүссэн үедээ тасалж байдаг, хэн нэгэн хүн хүссэн үедээ сунгаж байдаг асуудал биш.

-Хэлэлцэж амжаагүй хуулиудаа хаврын чуулган болтол хойшлуулах уу?

-Хуульд нээлтээ хийх, хаалтаа хийх өдрийг тодорхой хуульчлаад өгчихсөн. Монгол төрийн ажил улс төрийн сонирхлоор явахгүй. Хууль дүрмийн хүрээнд л явах ёстой. Хариуцлага хүлээх хүмүүс нь хариуцлагаа хүлээнэ биз. Хэрвээ асуудал ярих гэж байгаа бол хуулийн хугацаанд нь асуудлуудаа шахаад явах хэрэгтэй. Маш олон хууль хэлэлцээд явах хугацаа байхад ямар ч үр ашиггүй өнгөрөөдөг. Хэрвээ шахаад хуралдвал үлдсэн асуудлуудаа хаврын чуулганд багтаад хуралдах бүрэн боломжтой.

дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

Ж.ГАНБААТАР: НАМРЫН ЧУУЛГАНЫ ХУГАЦААГ СУНГАЖ ХУРАЛДУУЛАХ ЁСТОЙ

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатараас цаг үеийн зарим зүйлийг тодрууллаа.


-УИХ-ын чуулган үүргээ гүйцэтгэж чадсангүй.  Ерөнхийлөгч  Х.Баттулга УИХ-ын намрын чуулганы хугацааг сунгах саналаа хүргүүлсэн. Таны хувьд чуулганыг сунгаж хуралдуулах шаардлага бий юу?

-Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж байгаа. УИХ-ын 40 гишүүний бойкотоос болж намрын чуулган сар гаруй хугацаанд гацлаа. Энэ хугацаагаа нөхөж ээлжит бусаар хуралдах нь зөв. Цагаан  сарын үеэр амраад ээлжит бус чуулганыг зарлаж гацсан хуулийн төслүүдийг хэлэлцэх ёстой. Төрийн ажил тасралтгүй явах үүрэгтэй.

-Дараагийн УИХ-ын даргад та ямар шаардлага тавьж байгаа вэ?

-Дараагийн УИХ даргаар олон сонгогдсон хүн томилогдоосой гэж хувь гишүүнийхээ хувьд хүсч байна.

-Татварын багц хуулийн төсөл намрын чуулганаар орж чадсангүй. Уг хуулийн төсөлд  таны хувьд  нэлээдгүй хүлээлт тавьж байгаа болов уу?

-Татварын багц хуулийг  хэлэлцэх үеэр олон  талаас ярих зүйл их бий. Хуулийн төсөл чуулганаар орж ирэх үеэр би өөрийнхөө саналыг хэлнэ. УИХ-ын байнгын хороодын  ирц хүрэхгүйгээс хуралдаж чадахгүй байна. Гишүүдийн ихэнх нь тойрогтоо  ажиллаж байгаа юм байна.

дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

Ж.ДЭЛГЭРСАЙХАН: МОНГОЛД УЛС ТӨР, СЭТГЭЛГЭЭНИЙ ХЯМРАЛ БИЙ БОЛСОН

Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн зөвлөх, эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.


-Та ирэх онд манай улсын макро эдийн засгийн төлөвийг мэргэжлийн хүний нүдээр хэрхэн харж байгаа вэ. Биднийг эдийн засгийн ямар орчин хүлээж байна вэ?

-2019 оны эдийн засгийн төлөв байдлыг харьцангуй өөдрөг харж байна. Өнөөгийн эдийн засгийн өсөлт саарахгүйгээр хадгалагдах төлөвтэй. Эдийн засгийн төлөв байдал сүүлийн найман улирал дараалан өсөлттэй гарлаа. Дэлхийн эдийн засгийн гол төлөв байдлыг илэрхийлэгч АНУ, Хятадын эдийн засгийн нөхцөл байдал өсөлттэй байна. ОУВС болон бусад байгууллагууд дэлхийн эдийн засгийн өсөлтийг 3.5 хувиас дээш байхаар тооцоолж байна. Энэ хэрээр манай улсын гадаад зах зээлийн хувьд таагүй нөлөөлөл  харьцангуй бага байх болов уу. Бид дотоод үл ойлголцлын асуудлаа шийдэж Засгийн газрын зүгээс аль болох томоохон төсөл хөтөлбөрүүдээ хөдөлгөж, нааштай шийдвэрүүд гаргаж чадвал эдийн засгийн хувьд  2019 он таатай жил байх болно.

-Хэрэв олон улсын зах зээл дээр нүүрс болон зэсийн үнэ өсвөл Монголын эдийн засаг өсдөг. Эсрэгээрээ нүүрс болон зэсийн үнэ буурвал манай эдийн засаг мууддаг. Энэ удаагийн эдийн засгийн өсөлтөд юу нөлөөлж байна вэ. Нүүрсний экспортоос гадна ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” эдийн засагт эерэг үр дүн авчирсан гэдэгтэй та санал нийлэх үү?

-Эдийн засгийн өсөлтөд нөлөөлсөн гол хүчин зүйл нь гадаадын зах зээл дахь эрдэс бүтээгдэхүүний үнэ, энэ төрлийн бүтээгдэхүүний экспортын хэмжээ нэмэгдэж үнэ нь өссөнтэй  холбоотой. Уул уурхайн шууд болон дам нөлөөллөөс бид илүү их өсөлтийг хүртэв үү дээ гэж олж харж байна. Хоёрдугаарт, ОУВС-т хөтөлбөрт хамрагдсанаар бид олон давуу талыг олж авсан. Хамгийн чухал ололт нь санхүүгийн томоохон хүндрэлтэй асуудлуудаа шийдвэрлэсэн. Ялангуяа санхүү талдаа буюу банк санхүүгийн зах зээл дахь эрхзүйн орчинд илүүтэй эерэг нөлөө үзүүлсэн. Мөн Монгол Улсын зээлжих зэрэглэл нэмэгдсэн. Төсвийн сахилга бат харьцангуй сайжирсан. Сүүлийн хоёр жил төсвийн өндөр алдагдлыг бууруулж төсөвт тодотгол хийгээгүй нь эерэг үр дүнгийн үзүүлэлт.

дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж