-Хятадын бизнесменүүд 2020 он гэхэд америкийн баячуудаас хоёр дахин баян болно-
Фото: iStockphoto
Баян чинээлэг хятадууд 2020 он гэхэд Америкийн бүдүүн түрийвчтэнгүүдээс хоёр дахин баян болно. Хятадын бизнесменүүдийн залуу үе өнөөдөр дэлхий даяар мөнгө босгон, орлогын их үүсвэрээ өргөжүүлэхээр юунаас ч айхгүй хөдөлж эхэлжээ. Гэхдээ чинээлэгчүүдийн армийн өсөлт нь нийгмийн олон давхаргыг үүсгэнэ хэмээн шинжээчид үзэж байна.
Хятадын бизнесийнхэн америкчуудыг ардаа орхин гүйцэн түрүүлэх тухай South China Morning Post сонин Economist Intelligence Unit байгууллагын илтгэлд тулгуурлан бичжээ. Уг илтгэлд 100 мянган ам.доллараас хоёр сая хүртэлх санхүүгийн хөрөнгөтэй 32 орны чинээлэг хүмүүсийн санхүүд судалгаа хийсэн байна.
Өнгөрсөн оны баячуудын чансааг америкийн баячууд нийт 23 их наяд ам.долларын нийлбэр хөрөнгөтэйгээр тэрүүлсэн юм. Араас нь Хятадын баячууд 19,5 их наяд ам.доллартайгаар хоёрт итгэлтэй бичигдсэн байна. Түүгээр ч барахгүй тэд ойрын таван жилдээ америкчуудын оронд чансааны нэгд бичигдэх бүрэн боломжтой ажээ.
Тухайлбал, 2020 онд тэдний санхүүгийн хөрөнгийн нийлбэр 53 их наяд болох бөгөөд тэр үеэр хөрөнгө нь 27 их наяд болох америкчуудаас хоёр дахин шахуу давсан байх юм. Хятадуудын баяжих үндсэн шалтгаан нь ойрын таван жилд харьцангуй өндөр байх эдийн засгийн өсөлт нь болж байна. Standard & Poor's дүгнэснээр, 2015 онд Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 6,9 хувь байх ба 2016 онд ч 6,6 хувиас буухгүй гэжээ.
Энэ оны Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн чуулган дээр Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэцян мэдэгдэхдээ эдийн засгийн салбаруудын хэсгийг барууны зах зээлд нээн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ гэсэн юм. Энэ нь өндөр цалин хөлстэй хятад хүмүүсийн эгнээг нэмэгдүүлэх нь мэдээж. Мөн жижиг, дунд бизнесийг дэмжихээр тэд зээлийн хүүг өнгөрсөн оны 9,2 хувиас буулгах юм. Хүн амын тоо ч үүнд нөлөөлнө. Өнгөрсөн онд тэдний тоо долоон саяар нэмэгдэн 1,367 тэрбум хүн болжээ. Харьцуулахад, АНУ-ын хүн ам 318,9 сая юм. Тэгэхээр хүн амд ноогдох баян хүмүүсийн тоогоор АНУ тэргүүлсээр байх юм. Таван жилийн дараа дундаж баян америкчууд $491 мянган ам.доллартай байх бол дундад улсын иргэн $319 мянган ам.доллартай байх ажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР