Хувцсаа индүүдэх нь угаасан хувцасны үрчлээг арилгах төдийгүй хувцсанд наалдсан нян бактерийг устгаж байдгаараа их чухал үүрэгтэй юм. Индүү өөрөөсөө өндөр хэмийн уураар хувцсыг толигор болгохоос гадна цэвэрлэж байдаг. Заримдаа тэрхүү уур гардаг сувгаар ус гоожих тохиолдол бий. Маш олон шалтгаанаас болж индүүнээс ус гоождог. Ихэвчлэн хүмүүс индүүгээ гамнаагүйгээс болдог учир бид та бүхэнд индүүнээс ус гоождог шалтгаан болон түүнийг хэрхэн засах талаар зөвлөгөө бэлтгэлээ.
ХАНГАЛТТАЙ ХАЛАХГҮЙ БАЙХ
Индүүний уур цацах товчийг дараагүй байсан ч хувцсыг бага зэрэг чийглэхийн тулд тодорхой хэмжээний уурыг өөрөөсөө гаргаж байдаг. Харин индүү хангалттай хэмжээнд халахгүй бол гадагшилж байгаа усыг уур болгон хувиргаж чадахгүй байна гэсэн үг юм. Тиймээс индүүгээ сайтар халсны дараа хувцсаа индүүдэж эхлэх болон уур цацах үйлдлийг нь хийж хэвшээрэй
ХАТУУЛАГ ИХТЭЙ УС ХЭРЭГЛЭХ
Индүү болгон өөрийн ажиллах функцээсээ хамаараад олон янзын арчилгаа шаарддаг. Зарим брэндийн индүү шүүсэн ус хэрэглэх заавартай байхад зарим нь энгийн гоожуурын ус хэрэглэдэг. Зарим нь бүр нэрмэл ус хэрэглэхийг ч зөвлөсөн байх нь бий.
Тухайн брэндийн индүүнд тохирохгүй ус хэрэглэснээр индүүний ууршуулах чадварыг бууруулах, шохойжилт ихээр үүсгэх, эд ангийг гэмтээх эрсдэлтэй бөгөөд улмаар ус дусах үндэс болдог. Ихэнх тохиолдол хатуулаг багатай, цэвэршүүлсэн ус хэрэглэх нь индүүнийг хэрэглээг улам уртасгадаг.
ИНДҮҮГЭЭ ЦЭВЭРЛЭХГҮЙ УДАХ
Заримдаа индүүнээс ус дусаад зогсохгүй индүүдлэг хийх явцад хувцсыг бохирдуулах нь ч бий. Энэ нь усны танк болон уур гаргах нүхийг цэвэрлэлгүй удсанаас усны эрдсүүд болон шохой цугларсаар байгаад ус дусах, уур гаргах нүхийг бөглөх шалтгаан болдог. Иймд индүүний өөрийгөө цэвэрлэх функцыг тогтмол ашиглах нь зүйтэй.
Ихэнх индүүнд өөрийгөө цэвэрлэх функц байдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй бөгөөд тэр ч бүү хэл шохой цуглуулагчтай индүү ч байдаг. Манайх шиг хатуулаг ихтэй устай оронд та эдгээр функц бүхий индүү хэрэглэх нь илүү үр дүнтэй.
ИНДҮҮНИЙ УСНЫ ТАНКЫГ ХЭТ ДҮҮРГЭХ
Индүүний усны танканд хийх усны хязгаарыг заасан хэмжээс байдаг бөгөөд түүнээс илүү болон дүүрэн ус хийх нь дотор нь даралт үзүүлэх зайг үгүй хийж илүүдэл усыг гадагшлуулах шалтгаан болж байдаг. Тиймд усаа танкны усны хязгаараас хэтрүүлэхгүйгээр хийж хэвшээрэй.
ХЭРЭГЛЭЖ ДУУССАНЫ ДАРАА УСНЫ ТАНКАНД УС ҮЛДЭЭХ
Ихэнх индүүний Ашиглалтын гарын авлага дээр хэрэглэж дуусаад доторх усыг нь асгахыг заасан байдаг. Учир нь танкан дахь ус улны хэсэг рүү орж удаан байх нь тэр хэсгийг шохойжуулах, тунадас үүсгэж нүхийг бохирдуулах эрсдэлтэй байдаг тул хэрэглэж дууссаны дараа үлдсэн усыг асгаж хэвшээрэй.