ЗХЖШ: Бид хариуцлага хүлээхэд бэлэн

Хуучирсан мэдээ: 2019.01.25-нд нийтлэгдсэн

ЗХЖШ: Бид хариуцлага хүлээхэд бэлэн

ЗХЖШ: Бид хариуцлага хүлээхэд бэлэн

Дорноговь аймагт хугацаат цэргийн алба хааж байсан байлдагч амиа алдсан асуудлаар Зэвсэгт хүчний жанжин штаб өнөөдөр /2019.01.25/ мэдээлэл хийлээ.

БРИГАДЫН ГЕНЕРАЛ Б.АМГАЛАНБААТАР: Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа учир хэн нэгний нэрийг дурдах боломжгүй.

Уг хэрэг явдал 2019 оны нэгдүгээр сарын 22-ний өдрийн 14.30-16.00 цагийн хооронд болсон. Энэ хугацаанд ангийн захирагчийн тогтоосон журмын дагуу тав, зургадугаар цагийн хичээл орж байсан. Энэ үед салбарын ахлагч нар цэргийн ангид үзлэг хийсэн. Үзлэгийн явцад эмх замбараагүй хадгалсан эд зүйлс, гар утас олдсон. Салбарын захирагч дотоод журмыг зөрчиж гар утсаар ярьсан байна хэмээн цэргүүдэд сахилгын арга хэмжээ авАхуулах үүрэг өгсөн. Ахлагч цэргүүдийг талбай дээр гүйлгэсэн.

Тухайн үед талийгаачийн дотор эвгүйрхээд гүйж чадахгүй байна гэсэн тайлбарыг өгсөн. Дараа нь талийгаач гүйж байх хугацаандаа дотор нь эвгүйрхэж биеийн байдал нь мууджээ. Талийгаачийн бие муудахад орон дээр хэвтүүлж, дэргэд нь байсан ахлагч нар гар хөлөнд нь массаж хийн, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн. Дараагийн хичээл ороход талийгаач таталт өгсөн тул багийн эмчийг дуудаж талийгаачийг Зүүнбаянгийн эмнэлэг рүү авч явсан. Тэгтэл эмнэлэг рүү явах замдаа нас барсан. Ингээд багийн эмч үзээд зүрх нь зогссон талаар хэлж, цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Ар гэрийнхэнд нь бид маргааш өглөө нь дуулгасан.

Ажлын хэсгийн дүгнэлтээр хэд хэдэн зөрчил илрүүллээ. Тухайлбал, ангийн удирдлага сахилга, хяналт сул байсан. Хоёрдугаарт, салбарын захирагч шийдвэр гаргахдаа цэргийн сахилгын дүрмийг зөрчсөн байсныг тогтоосон. Гуравдугаарт, эмнэлгийн анхан шатны тусламжийг хожимдож үзүүлсэн. Иймээс ажлын хэсгийн дүгнэлтийг салбарын сайдад танилцууллаа. Одоо Зүүнбаянд цагдаагийн байгууллага, тагнуулынхан хэргийн газар ажиллаж байна" гэв.

Мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Тухайн байлдагчийг зодож, дарамталдаг байсан гэсэн мэдээлэл цацагдлаа. Таны яриа талийгаачийн төрсөн ахын яриатай авцалдахгүй байна. Үүнд тайлбар өгөөч?

-Эмчийн үзлэгийн тэмдэглэл байгаа. Эмчийн дүгнэлтэд ямар нэгэн гадна шарх, сорвигүй, ил гэмтэлгүй гэж бичсэн учраас зодсон гэж хэлэхэд хэцүү байна. Гүйж чадахгүй байхад нь тухайн хариуцаж байсан ахлагч жагсаал гүйцэхгүй баашиллаа гээд цохисон асуудал байна. Үүнийг нуухгүй. Гэхдээ үхэлд хүргэсэн эсэхийг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоох байх. Цохисон болохыг хажууд байсан цэргүүдийн яриагаар нотолсон. Харин ээжтэйгээ утсаар ярьсныг би мэдэхгүй. Олдсон утас нь талийгаачийн утас биш н.Отгонбаяр гэдэг байлдагчийн утас байсан.

-Цэргийн ангийн ахлагчид хариуцлага тооцсон уу. Өмнө нь тус цэргийн ангид осол гарч байсан тохиолдол бий?

-Д.Өлзийбаяр хурандааг албан тушаал бууруулж байсан. Сахилгын шийтгэл, цэргийн дүрмийн дагуу хоёр жилийн хугацаа нь дууссан учир дахин цэргийн ангийн захирагчаар томилсон нь үнэн. Хэрэг гарах үед Д.Өлзийбаяр хурандаагийн ар гэрийнхэн Улаанбаатарт мэс засалд орсон учраас тэрбээр  нийслэлд байсан.

-Талийгаачийн нуруун тус газар, шилбэ, баруун гарын хэсэгт шарх байсан гэх мэдээллийг өмгөөлөгч нар нь өгсөн. Үүнд тайлбар өгөөч?

-Би цогцсыг үзээгүй болохоор сайн мэдэхгүй байна.

-Шинэ цэргийг яргалдаг, тамалдаг гэсэн яриа бий. Танай байгууллагаас үүнд ямар тайлбар хийх вэ?

-Тэр тухайд сошиалаар яваад байгаа шиг нөхцөл байдал байдаггүй. Сэтгүүлчид та бүхэн манай цэргийн ангийг үзэж болно. Өдөр бүр дэглэдэг зүйл байдаггүй. Аль болох ийм хэрэг гаргуулахгүй байхын төлөө бид тэмцэж байна. Хариуцлага алдсан бүх албан тушаалтанд арга хэмжээ тооцно. Мөн 2017 онд үүнтэй төстэй хэрэг гарч байсан. Тухайн үед ангийн удирдлагуудыг нийтээр нь сольсон. Тиймээс энэ хэрэгт буруутай хүмүүст хариуцлага тооцно. Цаашид цэргийн алба хаах орчин нөхцөлийг сайжруулна гэж бодож байна.

-Ар гэрийнхэнтэй нь холбоо тогтоосон уу?

-Ар гэрийнхэнтэй нь цэргийн ангийн удирдлагууд газар дээр нь уулзсан. Шарилыг Зүүнбаянгаас Орхон аймагт хүргэхээр оршуулгын комисс томилогдсон. Оршуулгын комиссын бүрэлдэхүүн талийгаачийн гэрт байгаа.

-Та нар хариуцлага хүлээхэд бэлэн үү?

-Бид хариуцлага хүлээхэд бэлэн.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж