Цагдаагийн байгууллагаас “Сар шинэ 2019” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж буй. Тээврийн цагдаагийн алба энэ долоо хоногт нийт 1062 дуудлага хүлээн авснаас ослын шинжтэй 805 дуудлага мэдээллийг шалгаж, шийдвэрлэжээ.
Хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 140 жолоочийг илрүүлэн арга хэмжээ авсан бол 21 жолоочийг баривчилсан байна.
Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд нэг хүний амь нас хохирч, 25 хүн гэмтэж бэртсэний тав нь бага насны хүүхэд бөгөөд бүгд явганаар хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртжээ. Мөн зам тээврийн осол гаргасан жолоочийн 20 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, гурав нь үл хөдлөх зүйл мөргөжээ.
Хэрэг, зөрчлийг өмнөх долоо хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 7 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 6 хувиар, гэмтсэн хүн 38 хувиар, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 6 хувиар тус тус өсчээ.
.