Монголын бүргэдчин охин нэрээрээ алдаршиж, “Айшолпаны амьдрал” хэмээх баримтат кино нь олон улсын томоохон наадмаас шагнал хүртсэн Нургайвын Айшолпан өдгөө Баян-Өлгий аймгийн Өлгийн сумын дунд сургуулийн ахлах ангид сурч буй.
Н.Айшолпан өнгөрөгч 2018 онд “Алтангадас” одонгоор шагнагдаж, энэхүү хүндтэй шагналаа Ерөнхийлөгч Х.Баттулгаас авсан. Тэгвэл түүнтэй холбоотой мэдээллийг нэгэн хэвлэлийн байгууллага буруу ташаа орчуулсанд харамсаж байгаагаа Н.Айшолпан Баян-Өлгийн ард түмэн илэрхийлжээ.
Н.Айшолпан хэдхэн хоногийн өмнө Казахстан улсын ерөнхийлөгч Н.Назарбаевтай уулзахдаа “Хэдий би Монгол улсад төрж өссөн ч Казахстан бол эцэг өвгөдийн өлгий нутаг гэдгийг хэзээ ч мартаж байгаагүй.” гэж хэлжээ. Харин үүнийг нэг вэб сайт мэдээлэхдээ “Би Казахстанд амьдардаггүй таван сая казах хүний төлөөлөл. Бас Монголд төрж өссөн. Гэхдээ би Казахстаныг эх орноо гэж боддог” хэмээн ташаа орчуулсан байна.
Н.Айшолпан “Сайн байцгаана уу Монгол ард түмээн. Хэд хоногийн өмнө миний бие Казахстан улсын ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын залуучуудтай хийсэн уулзалтын үеэр Казахстан улсыг АТАМЕКЕН буюу миний өвөг дээдсийн төрсөн нутаг гэж хэлснийг минь гуйвуулж Казахстан миний эх орон гэж буруу ташаа мэдээлэл түгээжээ. Миний эх орон Монгол. Би Монголд төрж өссөн казах охин. Би энэ сайхан эх оронд төрж өссөндөө цаг үргэлж бахархаж явдаг гэдгийг та бүхэнд хэлмээр байна. Буруу ташаа мэдээлэл гаргасан мэдээлэл тараасан хэвлэлийнхнийг залруулга хийхийг хүсэж байна” гэж өнөөдөр/2019.01.25/ өөрийн цахим хуудсаараа дамжуулан хэлжээ.
Бүгд Найрамдах Казахстан улсын ерөнхийлөгч Н.Назарбаев 2019 оныг “Залуусын жил” буюу залуу үеэ дэмжих, тэдний боловсрол хөгжилд нь хувь нэмрээ оруулах жил хэмээн зарласан байна. Үүнтэй холбогдуулан казах түмнээ төлөөлөн салбар бүрт алдар нэрээ гаргаж байгаа залуусыг нэг дор цуглуулж томоохон арга хэмжээ зохион байгуулжээ. Энэхүү уулзалтад Монголд амьдарч байгаа казах түмнийг төлөөлөн Холливудад улс үндэснтнээ алдаршуулан бүргэдчин охин Айшолпаныг уригджээ.
Н.Айшолпан одоо Казахстанд байгаа юм байна.
Холбоотой мэдээ