Давост юу яригдаж байгааг Ц.Элбэгдорж дамжууллаа | News.MN

Давост юу яригдаж байгааг Ц.Элбэгдорж дамжууллаа

Ц.ЭЛБЭГДОРЖ

Давост юу яригдаж байгааг Ц.Элбэгдорж дамжууллаа

Давост юу яригдаж байгааг Ц.Элбэгдорж дамжууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж Швейцарийн Давос хотноо зохион байгуулагдаж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт (ДЭЗЧУ)-д урилгаар оролцож байна. Тэрбээр өчигдөр Давос хотоос монголчуудтайгаа мэндчилж, чуулганы хүрээнд зохион байгуулагдаж буй арга хэмжээнүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Видеог ЭНД дарж үзнэ үү

Ц.Элбэгдорж ДЭЗЧУ гурав дахь өдрөө үргэлжилж байгааг хэлээд, энэхүү чуулганд Монгол Улс идэвхтэй оролцож ирснийг онцлон тэмдэглэсэн юм. Энэ удаагийн чуулганаар технологийн ололт амжилтуудын талаар голчлон ярьж байгаа ажээ. Үүний зэрэгцээ хүмүүнлэгийн ажлууд хэрхэн өрнөж буй тухай, 2019 онд эрчим хүчний асуудлыг хэрхэн зохицуулах тухай хэлэлцэж буй юм байна.

2050 он гэхэд дэлхий нийт эрчим хүчээ салхи, нарнаас хангана гэж үзэж, энэ тухай томоохон хэлэлцүүлэг өрнөжээ. Мөн газар зүйн байдал, улс төр, эдийн засгийн өөрчлөлт, дэлхийн үнэ цэнийн сүлжээ, эрүүл мэндийн салбарын асуудлууд, эмийг хэрхэн зөв хэрэглэх вэ зэрэг сэдвүүдийн хүрээнд ярилцсан байна.

Ц.Элбэгдорж хэлэхдээ, Монгол Улс Давост яригдаж буй сэдвүүдийн хүрээнд зохион байгуулагддаг олон ажилд маш идэвхтэй оролцдог уламжлалтай байсан. Түүний нэг нь усны асуудал болохыг дурьдлаа.

Мөн тус чуулга уулзалтад оролцогчид дүрвэгсдийн асуудал, шинжлэх ухааны ололтууд, олон нийтийн санал бодол хэрхэн хурдан өөрчлөгддөг, юу түүнд эерэг болон сөргөөр нөлөөлж байна вэ гэдэг дээр нэлээн анхаарал хандуулан ярилцсан байна. Өнгөрсөн 2018 онд 2.5 тэрбум худал мэдээлэл, худал зураг, хувь хүний нууцтай холбоотой 4.5 тэрбум хуурамч мэдээлэл дэлхийгээр таржээ. Дэлхийд өдөрт 25 сая худал мэдээлэл тардаг. Эдгээр худал мэдээлэл, дайралтуудыг зохицуулахын тулд хэрхэн ажиллах тухай ч яригджээ.

Давосын чуулга уулзалт био технологийн асуудал, сошиал технологи, даяаршил, дэлхийн дулаарал, хэрхэн урт наслах вэ, орлогоо хэрхэн нэмэгдүүлэх вэ, эмээр хүнийг эмчилдэг биш судсаар нь жижиг робот оруулаад яг өвчилж байгаа эсэнд нь эмчилгээ хийх тухай анагаах ухааны сүүлийн үеийн ололтуудын тухай сонин содон мэдээллээр дүүрэн байгаа аж.

Соёл иргэншил, цөмийн зэвсэглэл, хэвлэлийн эрх чөлөө хүндэрч байгаа тухай хөндөн ярилцаж буйн зэрэгцээ эмэгтэйчүүдийн удирдлага, нийгмийн ажил, онлайн аюулгүй байдлын тухай асуудлууд их яригдаж буй юм байна.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Капитализмын төгсгөлийн тухай бодохоос дэлхийн төгсгөлийн тухай бодох нь илүү амархан болжээ” гэсэн үгийг онцлов. Тэрбээр “Энэ нь капитализм хэр амьдрах чадвартайг харуулж байна. Ер нь баялаг бүтээгчдээ, юм хийж байгаа хүмүүсээ дэмжиж байж дэлхийн хямралаас гарна гэдгийг энд хэлж байна. Хүмүүс урд нь, технологи хойно нь явах ёстой гэсэн агуулгатай их том хурал болсон. Энэ чиглэлээр юу хийж байгаа тухай идэвхтэй яригдаж байна” гэлээ. Тэрбээр ардчиллын эрин үе ямар хэлбэрээр өөрчлөгдөж, ямар арга хэмжээнүүд авагдаж байгаа тухай хуралдаанд идэвхтэй оролцсон байна.

1970-2020 оны хооронд дэлхийн амьд байгалийн 1/3 нь устана гэж үзэж байгаа ажээ. Ямар аюулд байна вэ гэдэг асуудал яригджээ.

Давосын Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт Оросын өрсөлдөх чадварын талаар тусдаа авч хэлэлцсэн бол өмнөд хөршийн хувьд олон сэдвээр маш олон хурал болж буй юм байна.

Ц.Элбэгдорж “Нэг үе Давост Монгол Улс, монголчуудтай холбоотой 5-8 асуудал идэвхтэй яригддаг байлаа. Одоо бараг нэг ч асуудал байхгүй болжээ. Дэлхийн анхаарал өнөөдөр Давосын хөндий рүү чиглэсэн байна. Тэгэхээр дэлхийн харж байгаа цонхон дээр гарч ирж бүжиглэж, ярьж, өөрийнхөө асуудлыг ойлгуулах нь хамгийн чухал гэдгийг Давос харуулж байгаа юм гэдгийг хэлэх нь зөв байх” гэв.

“БИ МЭДЭЭЖ ДАВОСЫН АЖЛАА ДУУСГААД МОНГОЛДОО ОЧНО”

Давосын чуулга уулзалтад оролцож буй улс орнууд авлигын асуудалд анхаарлаа хандуулжээ. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хэлэхдээ “Надтай холбоотой Тавантолгойн асуудал яригдаж байна гэсэн. Би мэдээж Давосын ажлаа дуусгаад очно. Тавантолгой, төмөр замтай холбоотой асуудалд надад холбоотой зүйл байхгүй. Ер нь өөрийнхөө зуурсан бантанг надад үүрүүлэх гэсэн тийм арга байж магадгүй. Тавантолгой илэрхийлсэн миний санал бодлууд, шүүмжлэлд эмзэглэж явдаг улсууд байдаг байх л даа. Өөрсдийнхөө бурууг хүнд тохох гэсэн арга явж байгаа.

Ер нь Монгол авлигын эсрэг их идэвхтэй тэмцдэг орон байсан шүү дээ. Нэг үе дэлхийн орнуудаас 120-д жагсаж байснаа авлигын эсрэг эрчимтэй, шүүхийн шинэчлэл хийж ажиллаад 70 руу оруулсан амжилтад хүрч байсан. энэ сэдэв Монголын барьж явах сэдэв. Авлигыг иргэд, ялангуяа залуучууд их ярьж байгааг маш их дэмжиж байна. Тэр тэмцэл цаашаа үргэлжлэх ёстой гэдэг дээр би санал нэг байгаа юм. Авлигын эсрэг тэмцэх нь зөв, тэмцэгч нь хэзээ ч нэр сайтай байдаггүй юм. Дараа нь хамгийн муугаараа дуудуулж байдаг ч тэмцэж л байх ёстой гэдгийг авлигын тухай хэлэлцүүлгээр онцолж байна.

Олон улсын эмх журмын уналт, эмэгтэйчүүдийн оролцооны тухай ч яригдаж буй ажээ. Хүний сэтгэл зүй, сэтгэл санаа, оюун ухаан, мэдрэл нийгмээрээ маш их өөрчлөгдөж буй. Тэр бүгдийг маш хурдан хордуулж, үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг ажиллагаа дэлхий нийтээр түгсэн байна. Дэлхийн чуулга уулзалтын үеэр технологийн чиглэлийн маш олон үзэсгэлэн дэлгэгджээ.

Ц.Элбэгдорж сонирхолтой статистик мэдээлэл дуулгалаа. Тэрбээр Дэлхийн 20 технологийн компаний ес нь, дэлхийд хэрэглэгдэж буй 10 технологийн 5-ыг нь манай өмнөд хөрш үйлдвэрлэж, бий болгожээ. Ерөөсөө дэлхийн технологийн 50 хувийг манай өмнөд хөрш авч яваа гайхамшгийн тухай ярьж байна. Энэ хуралдаанд идэвхтэй оролцож, нэлээн нүд нээгдлээ. Европын холбооны 27 орон шинэ технологийн хөгжилд жилд 100 тэрбум евро гаргаж хөрөнгө оруулалт хийнэ гэж зарлалаа. Улс орон цааш хөгжье гэвэл энэ чиглэлд хөрөнгө оруулалт хийж, төсөвтөө суулгах тухай ярих ёстой. Дэлхий хаана байна вэ, Монгол хаана байна вэ гэдгийг харж, шинэ санаа авч хэрэгжүүлэх боломжууд байгаа юм” гэв.

Ардчиллын ирээдүйг хэрхэн харах вэ? Ард түмэн, иргэний оролцоо хэрэгтэй. иргэнийхээ дуу хоолой, хяналтыг илүү бий болгох ёстой. Төр нь өөртөө эрх мэдэл төвлөрүүлдэг биш, иргэндээ эрх мэдэл төвлөрүүлэх хэрэгтэйг онцолсон хэлэлцүүлэгт Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж их идэвхтэй оролцож байр сууриа илэрхийлсэн байна.

Чуулга уулзалтаар өрийн асуудал хөндөгджээ. Өрийг манай хойч үе төлчихнө гэж ярьж болохгүй, ямар менежмент хийж ажиллах талаар идэвхтэй яригдаж байгаа аж. Дэлхийд нийт 250 их наяд долларын өр хуримтлагдсан бөгөөд яаж барагдуулах вэ гэдэг талаар улс төр, эдийн засгийн лидерүүд оролцсон чухал хэлэлцүүлэг явагджээ.

Мөн дэлхий нийтэд тахлын хэмжээнд хүрээд буй хар тамхины хэрэглээний тухай хөндөн ярилцжээ. Манай улсад ч эцэг эх, залуу үе онцгой анхаарах сэдэв болж байгааг Ц.Элбэгдорж онцлов. Дэлхийн хүн ам 2050 он гэхэд 9 тэрбум хүрэх ажээ.

МОНГОЛ УЛСЫН ХУВЬД ДАВОСЫГ ДОРГИОЖ БАЙСАН ҮЕ БИЙ

Монгол Улс сэргээгдэх эрчим хүчнийхээ эх үүсвэрийг ашиглавал зөвхөн Монголоо төдийгүй Хятад, цаашлаад Азийн хэрэгцээг хангах боломжтой талаар өмнө нь эрчимтэй яригдаж байсан бол одоо бараг алга болоод байгаа аж. Хотын бохирдлын тухай хэлэлцүүлэг өрнөжээ. Ц.Элбэгдорж “Ерөнхий сайд нь шууд онцгой байдал зарлаад, Засгийн газар, Засаг дарга сайд нар хариуцлага хүлээгээд явахгүй бол болохгүй. Монгол улсын бохирдол, утааны асуудлыг бид ярих ёстой. Энэ асуудлыг хоёр удаа хөндөж байсан, хамтын ажиллагааны тодорхой эхлэлүүд байсан, шаардлагатай мэдээллүүд хүмүүст хүргэхээр нэлээн идэвхтэй ажилласан” хэмээн дурдав.

Тус чуулганд оролцогчид мөн аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал, сансрын шинэ ололт амжилтын тухай, үнэнийг хайх тухай, дэлхийн боловсрол ямар хурдтай өөрчлөгдөж байгаа,  боловсролын систем, боловсролын тухай ойлголт тэс өөр болсон тухай, шинэ эдийн засаг, мартах өвчин, эрх чөлөө ардчиллын үнэ цэнийн тухай зэрэг 500 гаруй сэдвээр ярилцаж буй ажээ.

Давосын чуулга уулзалтад дэлхийн ирээдүйг тодорхойлох чиглэлийн бүхий л үйл ажиллагаа явуулдаг удирдагчид, эрдэмтэн мэргэд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдах түвшний томчууд цуглажээ.

Энэхүү чуулганд хэн дуртай нь оролцох боломжгүй аж. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн мэдээлснээр, нэг улсын Ерөнхийлөгч онгоцтойгоо Давост буугаад,  чуулга уулзалтад оролцъё гэхэд нь оруулаагүй байна. Тэрбээр хэлэхдээ “Хэрвээ энд урилгагүй бол хэн ч орохгүй. Монголоос намайг урьсан. Сая Сумъяабазар сайд нэг хоног ажиллаад, тодорхой уулзалтууд хийгээд буцлаа. Мэдрэмжтэй байна. Монгол улсын хувьд доргиож байсан үе бий.

Давост дөрвөн үдэш байсны нэгийг Монгол эзэлж, “бут” авдаг байлаа. Өөрийн хоол унд, ноолууран бүтээгдэхүүнийг зардаг, Монголын дуу хөгжим, аялгуу эгшиглэдэг байлаа. Нэг үе Давосын хөндийд Монгол гэдэг маш том од байсан юм шүү гэдгийг энд хэлье. Энэ үйл ажиллагаа цаашаагаа сэргэх байх аа гэж бодож байна” гэв.

Дэлхийн том орнууд энэхүү чуулга уулзалтын үеэр өөрсдийгөө хамгийн их сурталчилж байгаа ажээ. Дэлхийн өнөөгийн бодлогыг тодорхойлж буй хүмүүс таван өдөр таван шөнийн турш ийнхүү чуулж буй юм байна.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж төгсгөлд нь, нийт монголчууддаа хандан удахгүй болох сар шинийн баярын мэндчилгээг дахин уулзахын ерөөлийн хамт дэвшүүлэв.

Д.ЭРДЭНЭТУЯА

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
927
ТэнэглэлТэнэглэл
183
ГайхмаарГайхмаар
97
ЗөвЗөв
11
ХөөрхөнХөөрхөн
11
БурууБуруу
10
ХахаХаха
6
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж