Эх орны тусгаар тогтнол, газар орны бүрэн бүтэн байдлын төлөө 1939 онд Халх голын дайнд эрэлхэгээр амь үрэгдсэн 6 дугаар морьт дивизийн командлагч, хошууч Чимэдийн Шаарийбуугийн тухай "Эх орон эрэлхэг хүүгээ мартахгүй” бүрэн хэмжээний баримтат уран сайханы кино дэлгэцэнд гарч, үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ. Киноны уран бүтээлчид энэхүү бүтээлээ Халхын голын ялалтын 80 жилийн ойд зориулан бүтээсэн учир ойг тэмдэглэн өнгөрүүлэх Засгийн газрын комисст хүлээлгэн өгөхөөр шийдвэрлэсэн байна. Энэхүү ёслолын ажиллгаа ирэх мягмар гарагт Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин зэрэг төр засгийн удирдлага, УИХ-ын зарим гишүүд, БХЯ, ХХЕГ-ын удирдлага, нутгийн төлөөлөл оролцож Зайсан дахь Монгол-Зөвлөлтийн дайчдын хөшөөнд хүндэтгэл үзүүлснээр эхлэх аж.
Киноны үйл явдал тэртээх 80 жилийн өмнө болсон 1939 оны 5 дугаар сарын 27, 28-ны өдрүүдийн Халх голын тулалдааны халуун үнэний тухай өгүүлэх бөгөөд Халх голын дайнд эрэлхэгээр амь үрэгдсэн 6 дугаар морьт дивизийн командлагч, түүхэн хүн Чимэдийн Шаарийбуугийн тухай ахмад сэтгүүлч Л.Гүнсэн, сэтгүүлч, хурандаа Г.Нэргүй нарын 30 орчим жил уйгагүй бичиж, эрэн сурвалжилж олж цуглуулсан мэдээлэл, шинэ баримт дээр тулгуурлан бүтээгдсэнээрээ онцлог аж.
Энэхүү түүхэн баримтат уран сайханы киноны Ерөнхий найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Нагнайдорж, кино зохиолыг Монголын радиогийн ахмад сэтгүүлч соёлын гавьяат зүтгэлтэн Л.Гүнсэн, хурандаа Г.Нэргүй нар бичиж, “Хасу Мегаватт” ХХК-ний Ерөнхий захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюуш ивээн тэтгэж санхүүжүүлсэн байна.
Тус түүхэн баримтат уран сайханы киноны Ерөнхий найруулагчаар ажилласан УГЗ Б.Нагнайдоржтой хөөрөлдсөнөө хүргэе.
-Та бүхэн Халх голын ялалтын 80 жилийн ойд зориулсан бүрэн хэмжээний баримтат уран сайханы кино бүтээж, үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болжээ. Киноныхоо тухай хуучлаач?
-Манай ахмад сэтгүүлч Л.Гүнсэн гуайн 30 шахам жил уйгагүй бичиж эрэн сурвалжлаж байсан нэгэн баатарлаг эх орончийн тухай сонсоод баримтат кино хийе гэсэн сэтгэлд хөтлөгдөөд бараг гурван жил Үндэсний архив болон Батлан хамгаалах яамны түүхийн архивын сан хөмрөгт буй баримтат дүрс, фото зураг зэргийг цуглуулж, бусад холбогдох хүмүүстэй уулзасны эцэст энэ бүрэн хэмжээний баримтат уран сайхны киног бүтээсэн. Зураг авалтыг 1939 оны Халх голын тулалдаан болж байсан яг тэр газарт нь авсан.
-Киноны гол онцлог юу вэ?
-Энэ кино бол Монголын баримтат кинонд нэг алтан хуудас болно гэж бодогдож байна. Уг кинонд маш олзуурхууштай дахин хэзээ ч давтагдахгүй чухал хэсгүүд бол тэр үеийн 6 дугаар морьт дивизийн байлдааны штабын даргаар томилогдон үүрэг гүйцэтгэж байсан өдгөө 103 насыг зооглож амьд сэрүүн суугаа Монгол Улсын баатар, хурандаа Пунцагийн Шагдарсүрэнгийн дурсамж яриа юм.
Мөн 17 дугаар морьт хороог командалж байсан Монгол Улсын домогт баатар Лодойн Дандар болон 6 дугаар морьт дивизийн сургуулийн сумангийн дарга Нямжав, Улс төрийн удирдагч З.Төгсжаргал, дивизийн комисар Д.Пэлжээ, байлдааны ангийн дарга Ж.Осор нарын олон дайчдын яриа дурсамж, кино дүрс болон фото зураг оруулж хөдлөшгүй баримтыг нийтэд дэлгэж буйгаараа онцлог юм.
Баримтуудыг бүүр үнэмшилтэй болгох зорилгоор Ч.Шаарийбуугийн амьдралын зарим хэсгийг уран сайхны тавилттай зураг авсан гээд бараг 3 жилийг кино бүтээхэд зориуллаа. Хамтран ажилласан бүх уран бүтээлчид болон “Хасу мегаватт” комбанийн хамт олон, “Хасу фильм” продакшныхандаа баярлалаа. Киноны төгсгөлийг бид бүхэн дайчин эр, хурандаа, Монгол Улсын баатар П.Шагдарсүрэн гуайн сэтгэлийн гуйлтаар төгсгөсөн. “Эх оронч Шаарийбуу бол баатар болох ёстой хүн” гэж тэр хэлдэг. Тэгээд яагаад баатар болоогүй юм бэ? гэсэн асуултанд буурал дайчин нулимс унаган хэлэх үггүй шаналан суугаа нь нэгэн окопт хамт дайтаж тушаалыг нь биелүүлж явсан тэр нэгэн цэргийн даргын одоо амьд сэрүүн дээрээ заавал Баатар цолоор шагнуулна гэсэн их горьдлогоор төгсгөсөн.
Ялалт бүхэн хямд үнээр олдоогүй. Ийм нэгэн түүхэн баримтат уран сайхны киног бүтээсэн уран бүтээлчид хайснаа олсон, олсоноо баталгаажуулж баримтжуулсан байна. Киног бүтээхэд Батлан хамгаалах яам, Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагууд, түүхийн болон цэргийн зөвлөхүүд, оролцсон анги салбар хилийн отряд, заставын нийт бүрэлдэхүүнд баяр хүргээрэй гэж УГЗ Б.Нагнайдорж найруулагч чухалчлан захисныг мөн дуулгая. Энэхүү кино ирэх гуравдугаар сарын дундуур кино театруудаар гарч эхлэх аж.
Холбоотой мэдээ