Ахмадууд "Насны хишиг"-ээ дансаар бус бэлнээр авах сонирхолтой байна

Хуучирсан мэдээ: 2019.01.25-нд нийтлэгдсэн

Ахмадууд "Насны хишиг"-ээ дансаар бус бэлнээр авах сонирхолтой байна

Ахмадууд "Насны хишиг"-ээ дансаар бус бэлнээр авах сонирхолтой байна

Ахмадууд сар шинийн баяраас өмнө “Насны хишиг”-ийнхээ мөнгийг авахаар өнгөрсөн даваа гаригаас хойш банкны гадаа уртаас урт дараалал үүсгээд буй. Өчигдрөөс эхлэн арилжааны банкуудаар “Насны хишиг”, “Одонгийн мөнгө, “Ахмад дайчны мөнгө, “Цалинтай ээж” хөтөлбөрийн мөнгийг олгож эхэлсэн. Энэ жил 120.000 мянга гаруй ахмад настанд  “Насны хишиг” олгоно. Эдгээр "хишиг"-ийг банкных нь картаар олгодог болбол ачаалал буурах боломжтой. Энэ талаар бид сурвалжлага бэлтгэхээр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбар 100 айл тооцооны төв мөн  100 айл дах  Төрийн банкаар ороход хоёул ачаалалтай, урт дараалал үүссэн байв. 

                         АХМАДУУД ХАЛАМЖИЙН МӨНГӨӨ БИЕЭРЭЭ ОЧИЖ АВАХЫГ ИЛҮҮД ҮЗДЭГ ГЭВ

Энэ жил 80 нас зооглож буй ахмад Д.Алтангэрэл:  Өнгөрсөн өдрүүдэд банк ачаалалтай, маш их оочиртой байлаа. Өвөө нь гурван өдөр дугаарласны эцэст өчигдөр дөрвөн цаг хүлээж байж “Насны хишиг”-ээ авлаа. Өнөөдөр харин ч банкны ачаалал багасчээ. Банканд ирснээсээ хойш 30 минут л боллоо. Байрны мөнгөө тушаахын зэрэгцээ тэтгэврийн мөнгөө авахаар сууж байна. Халамжийн мөнгө, “Насны хишиг”-ийн мөнгийг уул нь хүүхдүүдийн данс руу шилжүүлчихвэл биед амар байх юм. Хүүхдүүд картаасаа мөнгө аваад л надад өгнө шүү дээ.

Сүхбаатар дүүргийн оршин суугч 79 настай н.Цагаан: Өвөө нь тэтгэврийн мөнгөө авахаар дугаарлаж байна. Өчигдөр “Насны хишиг”-ээ авсан. Өдрөөс хойш дугаарлаж оройхон л авсан. Дүүрэг харгалзахгүй халамжийн мөнгө олгож байгаа, төвд ачаалал бага гэж  надад хэлсэн л дээ. Гэхдээ автобусанд сууж явах нь бас л  нэг ажил шүү дээ. Эндээ дугаарлаж байгаад мөнгөө авсан нь дээр”  гэлээ.

Ахмадуудын ихэнх нь өөрсдөө данс ашигладаггүй боловч тэтгэвэр, халамжийн мөнгөө  хүүхдийнхээ данстай холбох сонирхолтой байлаа. Мөн зарим нь данснаас илүү бэлэн мөнгөөр авах сонирхолтой байдгаа илэрхийлж байв.

Тус банкны ахлах теллер “Банкны зүгээс ачааллыг бууруулахын тулд халамжийн мөнгийг дансаар холбох ажлыг хийж байгаа. “Насны хишиг”-ийг жилд хоёр удаа л олгодог. Одоогоор иргэдийн данстай холбоогүй. Тухайн иргэн хүсэлтээ гаргавал халамжийн мөнгийг нь хүүхдийнх нь данстай холбох боломжтой. Банканд урт дараалал үүсч байгаа шалтгаан нь ахмадууд данс ашиглаж мэддэггүйгээс гадна мөнгөө бэлнээр нь авах сонирхолтой байна. Өндөр настай хүмүүс мөнгийг нь данс руу шилжүүлнэ гэхэд итгэдэггүй. Дансанд нь халамжийн мөнгө орчихсон байхад бэлэн мөнгө гаргуулж авдаг. Ихэнх нь данс ашиглаж, картаар мөнгө авахаас түвэгшээдэг. Энэ нь ахмадууд өөрсдийн биеэрээ ирж бэлэн мөнгөө авах сонирхолтой байдагтай холбоотой байх.

Бид “Насны хишиг”-ийг харьяа дүүрэг харгалзахгүйгээр банкны бүх салбарт олгож байгааг иргэдэд хэлдэг боловч, дугаарласаар л байдаг. Улсаас халамжийн мөнгөний санхүүжилтээ ахиу шилжүүлчихвэл бас урт дараалал үүсэх нь багасна. “Насны хишиг”-ийн санхүүжилт улсаас орж ирээгүй байхад л хүмүүс дугаарласаар байсан. Бид хэлж, ойлгуулахыг хэлээд ямар ч үр дүнд хүрээгүй. Нэгэнт санхүүжилт орж ирээгүй байхад урт дараалалд дугаарлах нь ямар ч үр дүнгүй шүү дээ. Гэвч бид үйлчлүүлэгчдээ хөөж болохгүй. Тэр хүмүүс явах үгүйгээ өөрсдөө л мэднэ” гэв.

Хаан банкны 100 айл дахь тооцооны төвийн ахлах  менежер М.Эрдэнэчимэг “Халамжийн мөнгийг харьяа, дүүрэг харгалзахгүйгээр олгож байгаа. Энэ тухай иргэдэд мэдээлж зөвлөдөг боловч манай салбараар л үйлчлүүлэх сонирхолтой, дугаарлаж байдаг. Сүхбаатар дүүрэгт өндөр настан харьцангуй их оршин суудаг. Өндөр настай иргэд магадгүй автобусанд сууж, өөр салбарыг зорихоос илүүтэй гэртэйгээ ойрхон гэж сонгодог байх. Харин улсаас олгож буй “Насны хишиг”-ийн мөнгөө ахмадууд дансаар авах боломжгүй. Жилд хоёр удаа олгодог учраас тэтгэврийн мөнгө, бусад халамжийн мөнгө шиг данс холбохгүй. Тиймээс л урт дараалал үүсээд байгаа юм” гэлээ.  

Тус тооцооны төвийн 02 дугаарт “Насны хишиг”, “Одонгийн мөнгө”, тэтгэвэр зэрэг халамжийн мөнгө олгож байгаа тул банкны ачаалал их, дугаарлах хүн олон байв. Халамжийн мөнгөө авах гэсэн ахмадуудын зарим нь гурван өдөр дугаарласны эцэст өнөөдрөөс халамжийн мөнгөө авах гэж байгаа бол нөгөө хэсэг нь өнөөдөр авахаар банканд 2.00 цаг орчим дугаарласан гэдгээ хэлж байв. Банканд дугаараа хүлээх ахмадуудын олонх нь “Насны хишиг”-ээ авахаар хүлээж байгаа бол зарим нь “Одонгийн мөнгө”,  тэтгэврийн мөнгөө авахаар ирсэн аж. 

 Улсын бүртгэлийн ерөнхий газрын ойролцоо буюу  100 айл дахь  Төрийн банкны салбараар орвол багагүй ачаалалтай байв.

Хүлээлгийн танхим дүүрэн хүн урт дараалал үүсгэжээ. Таяг тулсан, өндөр настай буурай нар “Насны хишиг”, “Одонгийн мөнгө” тэтгэврийн мөнгөө  авахаар хүлээлгийн сандал дээр сууж байлаа.

Сүхбаатар дүүргийн оршин суугч Д.Адъяажав: Банкны ачаалал их байна. Цаг орчим хүлээж сууна. “Насны хишиг”-ээ авна. Данснаас илүү биеэрээ ирж авсан нь илүү дээр байдаг.

Сүхбаатар дүүргийн оршин суугч Г.Удвалсүрэн: Насны хишиг”-ээ өчигдөр дугаарлаж байж авсан. Банкны ачаалал багассан байна. Одоо тэтгэврийн мөнгөө авахаар хүлээж сууна. Өнгөрсөн хэдэн өдөр банкны ачаалал дийлдэхээргүй, оочир их байна гэхээр нь гарч зүрхэлсэнгүй. Өчигдрөөс “Насны хишиг” олгож байна гэхээр нь очиж авлаа гэв.

Халамжийн мөнгө олгож буй арилжааны банкуудын ачаалал харилцан адилгүй байна. Ардын эрх, Бөмбөгөр, Баянмонгол орчимд ачаалалгүй цөөн хүн үйлчлүүлж байсан бол 100 айл, X хороолол, XVI хороолол, XXI хороолол, долоон буудал орчимд хамгийн их ачаалалтай буюу иргэд урт дараалал үүсгэн дугаарлаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж