Хүн төрөлхтөн сүйрлийн ирмэг рүү хэр зэрэг ойртож байгааг харуулах зорилготой бүтээгдсэн “Мөхлийн цаг”-ийг өчигдөр /2019.01.24/ 11:58 болгон хөдөлгөлөө.
Хүйтэн дайны үед атомын зэвсэг бүтээхэд тусалсан эрдэмтэд өөрсдийнх нь бүтээсэн ажлын үр дагавар дэлхий дахинд асар их сөрөг үр дагавартайг ухамсарласны үр дүнд “Мөхлийн цаг”-ийг 1947 онд бүтээжээ. “Мөхлийн цаг”-ийн гол зорилго нь дэлхий ертөнц сүйрэл рүү хэр ойртож байгааг хүмүүст бодитоор харуулж, байгаль дэлхий, энх тайвны төлөөх ухамсрыг дээшлүүлэх юм. Тус цаг нь 70 гаруй жилийн түүхэндээ олон удаа урагш, хойш болж байжээ.
Тухайлбал, 1953 онд АНУ болон ЗХУ устөрөгчийн бөмбөг туршсаны дараа “Мөхлийн цаг”-ийн зүүг шөнө дунд болоход ердөө хоёрхон минут дутуу болгон урагшлуулж байсан бөгөөд үүнээс хойш тус цаг шөнө дунд руу хоёр минут ойртож байсан тохиолдол үгүй юм. Харин хүйтэн дайн дууссаны дараа буюу 1991 онд цагийг 17 минутаар ухрааж байв.
Тэд өчигдөр /2019.01.24/ цагийг 11:58 болгосон нь хүйтэн дайнаас хойш мөхөлд хоёр минут ойртсон анхны тохиолдол юм.
Одоогийн байдлаар “Мөхлийн цаг”-ийг хөдөлгөх багийн гишүүдэд эрдэмтэн, судлаачдын багууд болон Нобелийн шагналтай 15 эрдэмтэн багтдаг аж.
АНУ “Парисын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэлэлцээр” болон “Ираны цөмийн хэлэлцээр”-ээс гарсан нь минутын зүүг ийнхүү хөдөлгөх шалтгаан болжээ. Д.Трамп уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэлэлцээрээс гарсан нь дэлхийн дулааралтай тэмцэх олон улсын хүчин чармайлтад саад учруулсан хэрэг болов. Харин “Ираны цөмийн хэлэлцээр” бол эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийг нь цуцалсны хариуд Иран улс цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах үүрэг хүлээх, цөмийн зэвсгийг хориглох сонирхлыг олон улсын хамтын нийгэмлэгт төрүүлэх чухал үүрэгтэй олон улсын гэрээ байсан юм.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ