Дахин давтагдашгүй ур хийцийг гайхуулсан үзэсгэлэн

Хуучирсан мэдээ: 2019.01.25-нд нийтлэгдсэн

Дахин давтагдашгүй ур хийцийг гайхуулсан үзэсгэлэн

Энэхүү мөнгөн аяганы ёроолынх нь хээг утсан сүлжмэлийн аргаар сүлжиж урлажээ. Аяганы алхан хээг нь шүрэн шигтгээгээр чимсэн нь дархны ур чадварыг илтгэх мэт. Зургаан сарын турш урласан 45 сая төгрөгийн үнэтэй уг мөнгөн аяга цор ганц, дахин давтагдашгүй хийцээрээ ялгарна.

Энэ мэт  хүний сонирхлыг татахуйц уран хатгамалт хөөрөгний даалин, 19 дүгээр зууны хийцтэй хэт хутга, шүрэн, халтар манан шилмэл хөөрөгнүүд, зэсэн, гуулин сав суулганууд, бүрэн тоноглолтой эмээл гээд уламжлалт цагаан сарын баярт зориулсан үнэт эдлэл, хөөрөг, гоёл чимэглэлийн үзэсгэлэн “Арт хаус” төвд үүдээ нээжээ.

“Сар шинийн гоёл-2019” хэмээх уг үзэсгэлэн ес дэх жилдээ олны хүртээл болж байгаа юм. Үзэсгэлэнд 100 гаруй шилмэл хөөрөг худалдаалагдаж байгаа бөгөөд Говь-Алтай аймгаас гаралтай, өв дамжин уламжлагдсан чүнчигноров хөөрөг олны нүд хужирлана.

Улаан, бор, шар гэсэн гурван өнгө хосолсон маш ховор чүнчигноров хөөрөг гэдгийг тайлбарлагч хэлж байв. Ховор чүнчигноров хөөрөгний дэргэд хамгийн өндөр зэрэглэлийн цагаан хашаар урласан хаш хөөргийг зэрэгцүүлэн тавьсан байлаа. Үзэсгэлэн ирэх хоёрдугаар сарын 4-нийг хүртэл гарна.

Үзэсгэлэнгийн танхимын гол хэсэгт хүүхдийн, эмэгтэй, хонины, гоёлын эмээлүүдийг эгнүүлэн байрлуулжээ. Тэр дундаа жаргалын найман морьтой эмээл олны сонирхлыг татаж харагдав. Монголын 13 дугаар зууны эзэнт гүрний үеийн монгол эмээлний загварыг уран дархчууд сэргээж хийсэн нь энэ ажээ. Эмээлийг “Арт хаус” төвийн захирал А.Алтангэрэл тайлбарлахдаа “Манай уран дархны урлан энэ эмээлийг сүүлийн 10-аад жил сэргээж хийж байгаа. Монголын дархчуудын эмээлний хэрэглээ энэ загвар руу шилжсэн. Хуучин хэрэглэдэг байсан ембүү хэлбэртэй буюу Дарьганга,  Батноров хийцийн эмээлээс ялгарч, хэрэглээнд бүрэн зохицсон төгс хийцийн эмээл юм. Монголчууд өмнө нь хударга хөмөлдрөгө гэдгийг эмээлд заавал хэрэглэдэг байсан. Энэ нь өнгөрсөн 19, 20 дугаар зуунд тасарсан байсныг сэргээж эмээлийг бүрэн хэмжээгээр хийж эхэлсэн” гэв.

Ингээд “Арт хаус” төвийн захирал А.Алтангэрэлтэй үзэсгэлэнгийн талаар  цөөн хором ярилцлаа.

А.Алтангэрэл: Үзэсгэлэнд зах зээлд шалгарсан, шилдэг бүтээлүүдийг сонирхуулдаг

"Арт хаус" төвийн захирал А.Алтангэрэл

-Сар шинийн баярт зориулсан уламжлалт үзэсгэлэнгээ дэлгэжээ. Энэ жилийн үзэсгэлэнд ямар онцлог бүтээлүүдээс сонирхуулж байна вэ?

-Уламжлалт цагаан сарын баярт зориулан “Арт хаус”  төвд үнэт эдлэл, хөөрөг, гоёл чимэглэлийн “Сар шинийн гоёл-2019” үзэсгэлэнгээ ес дэх жилдээ дэлгэж байна. Монгол ахуйн соёл, уламжлалыг таниулах уг үзэсгэлэнд 10 гаруй хувь хүн, аж ахуйн нэгж оролцож, өөрсдийн бүтээлээ сонирхуулж байна. Монголчуудын олон зуун жил хэрэглэж ирсэн бүхий л эд зүйлсийг сэргээж үзэсгэлэнд тавьсан байгаа. Жишээлбэл, дээд зэргийн хийцтэй хөөрөг, хөөрөгний даалин, гаанс, шүрэн толгой, алт, мөнгөн аяга, эмээл, хазаар гэх мэт. Уламжлалт үзэсгэлэнд тавигдаж буй бүтээлүүдэд өндөр шалгуур тавьж, зах зээлд шалгарсан бүтээлүүдийг сонирхуулдаг гэдгээрээ онцлог. Тиймээс манай төвөөс ямар нэгэн хуурамч, дууриамал бүтээл худалдахгүй байх зорилго тавьж ажилладаг.

-Танай төвийн дархчууд хуучны, мартагдсан монгол хийцийг сэргээж, дахин давтагдашгүй бүтээл хийжээ. Үзэсгэлэнд ямар ховор, содон бүтээлүүдээ олонд танилцуулж байна вэ?

-Манай “Арт хаус” төвийн дэргэдэх “Master jewelry” уран дархны урланд хуучны мартагдсан хийц, загваруудыг сэргээж хийдэг. Уран дархчууд маань 13 дугаар зууны монгол эмээлний загварыг сэргээж урласан. Утсан сүлжмэлийн аргууд буюу 13 дугаар зуунд хийж байсан угалз хээ, чимэглэлүүдийг хийж байна .Мөн социализмын нийгэмд монгол дархны арга барил тасарсан байсныг дахин сэргээж байна. Монголын уран дархны хийцүүд нутаг нутгийн нэртэй байдаг. Жишээлбэл, Батноров, Дарьганга, баруун монгол хийц, Төв халхын, Далайчойнхор хийц гээд олон дархны хийц загварууд бий шүү дээ. Харин орчин цагт хөгжлийн өөр чиг хандлага гарч эхэлж байна. Тэр ч утгаараа дархны урлаг даяарчлагдаж, орчин цагийн шинэ загварууд төрөн гарах болсон.

-Уламжлалт үзэсгэлэнг зорин ирдэг ихэнх хүмүүс хөөрөг сонирхдог. Үзэсгэлэнд хэчнээн төрлийн ховор, чамин хөөрөг худалдаалж байна вэ?

-Үзэсгэлэнд 100 гаруй хөөрөг тавигдсан. Шилмэл хөөрөгнүүд сая төгрөгөөс эхлэн хэдэн арван сая үнэтэй хөөрөг худалдаалж байна. Тэр дундаа Говь-Алтай аймгаас гаралтай маш сайн чанарын чүнчигноров хөөрөг тавигдсан байна. Энэ хөөрөг нь олон өнгөтэй маш ховор үзүүлэлттэй хөөрөг . Мөн орчин үеийн сайн чулуугаар хийсэн хөөрөгнүүд ч байна. Үзэсгэлэн гэдэг бол хүний сонголт хийх боломжийг бүрдүүлж, өөрийн хэрэгцээнд нийцсэн чанартай бүтээл худалдан авах давуу талтай. Тиймээс үзэсгэлэнгээс цагаан сарын гоёл чимэглэлээ сонгож, өргөнөөр үйлчлүүлэхийг урьж байна.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж