"Бахардаж унасных нь дараа харгисаар зодсоныг цэргүүд гэрчилсэн"

Хуучирсан мэдээ: 2019.01.25-нд нийтлэгдсэн

"Бахардаж унасных нь дараа харгисаар зодсоныг цэргүүд гэрчилсэн"

"Бахардаж унасных нь дараа харгисаар зодсоныг цэргүүд гэрчилсэн"

Дорноговь аймагт цэргийн алба хааж байхдаа амиа алдсан хохирогч Б.Алтантулгын талаар өмгөөлөгчид нь өнөөдөр мэдээлэл /2019.01.25/ хийлээ.

Өмгөөлөгч Э.Билгүүн “Дорноговь аймгийн Зүүнбаянгийн цэргийн ангийн байлдагч Б.Алтантулга амиа алдсан хэрэг гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд /ЭХХШ/ зааснаар Цагдаагийн ерөнхий газраас /ЦЕГ/ ажиллагаа явуулах ёстой байтал золгүй явдал байсан мэтээр ЦЕГ талийгаач нас бараад нэгхэн хонож байхад нийгэмд буруу ташаа мэдээлэл өглөө. Зүүнбаянгийн 336-р цэргийн ангид өмнө нь цэргүүдийг дэглэж тахир дутуу болгож байсан тохиолдол цөөнгүй бий. Талийгаачийг өөрөө гүйж явахдаа бахардаж унасан гэсэн асуудлыг ярьж байгаа. Бахардаад унахаар нь цэргийн ангийн удирдлагууд дээрээс нь өшиглөж харгисаар зодсон тухай хамт гүйж байсан цэргүүд нь гэрчилсэн.

Цэргийн ангийн камерын бичлэгт байгаагаар Б.Алтантулгыг тэнхээгүй болтол нь зодоод гүйлгэсний дараа хувцсаа өлгөж чадахгүй ухаан алдаад унахад чирээд орон дээр тавьсан бөгөөд нэг цагийн дараа эмчийн үзлэг хийхэд түүнийг нас барсан гэсэн дүгнэлт гарсан.

Талийгаач Б.Алтантулга нь 19 настай, суурь өвчингүй, бие бялдрын хувьд эрүүл байсан учир цэргийн албанд тэнцсэн. Золгүй байдлаар амь насаа алдах ямар ч үндэслэл байхгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7.1-т мөрдөгч прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдалд шалгах ёстой гэж заасан байдаг. Мөн шинжээч тусгай мэдлэгийн хүрээнд өөрийн мэдлийн хүрээнд дүгнэлт гаргаж хариуцлага хүлээнэ гэж зааснаас бус шинжээч урьдчилсан дүгнэлт гаргана гэсэн заалт байхгүй.

ЭХХШ тухай хуульд шинжээч урьдчилсан дүгнэлт гаргана гэж байхгүй. Цагдаагийн байгууллагын хэвлэлийн төлөөлөгч хуульд байхгүй хэллэгээр урьдчилсан дүгнэлтээр гаднын нөлөөгүй нас барсан гэж нэг талыг барьсан мэдээлэл цацлаа. Иймд цагдаагийн ажилтныг холбогдох газарт нь шалгуулахаар хандсан. Бид өчигдөр /2019.01.24/ Эрдэнэт хотод очиж талийгаачийн цогцост үзлэг хийж ар гэрийнхэнтэй нь уулзсан.

Биднийг очиход талийгаачийн нуруу хэсэгт үүссэн толбо бол хүүрийн толбо биш ээ. Гаднын нөлөөтэйгөөр толбо үүсэх боломжтой гэж үзэж байгаа. Хөлийн шилбэний хэсэг хөхрөлт няцралттай, баруун мөрний дээд хэсэгт гаднын нөлөөтэй шарх, сорвитой байсан.

Үүнийг цагдаагийн ажилтан урьдчилсан байдлаар дүгнэлт гарсан мэтээр буруу мэдээлэл нийгэмд түгээлээ” гэв.

ТАЛИЙГААЧИЙН ҮХЛИЙН ШАЛТГААНЫГ ГАДНЫН НӨЛӨӨТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙГАА

Өмгөөлөгч Б.Өлзийцэрэн “Талийгаачийг амьсгалын дутагдалд ороод бахардаж байхад нь эмнэлгийн тусламж үзүүлэх ёстой байтал баашилж байна гээд нэмж зодож тарчлаасан. Энэ үйлдэл нь үхлийн шалтгаан болсон.

Эрүүгийн хуулийн 10.1-д зааснаар хүнийг санаатай алах гэмт хэрэгт тооцогдох бөгөөд зодсон цэргийн алба хаагчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар Улсын ерөнхий прокурор, ЦЕГ-ын дарга нарт хандсан.

Мөн цэргийн эмч нар нь яаралтай тусламж үзүүлээгүйн улмаас хохирогч амь насаа алдсан. Тухайн гэмт хэргийг таслан зогсоогоогүй албан тушаалтнуудад хүсэлт гаргаад байна. Уг гэмт хэрэг нь онц ноцтой, хүнд гэмт хэрэг юм. Иймээс ЦЕГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасаг шалгуулахаар хандаад байна. Талийгаачийн цогцост үзлэг хийлгэх, үхлийн шалтгааныг тодруулахаар холбогдох байгууллагад гомдол гаргасан” гэлээ.

Мөн шүүх эмнэлгийн дүгнэлт ирэх Даваа гаригт гарна гэдгийг өмгөөлөгчдийн зүгээс мэдээллээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХарамсалтайХарамсалтай
20
БурууБуруу
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж