УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд нарын таван гишүүн УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх хуулийн төслийг өнөөдөр /2019.01.25/ өглөө өргөн барьсан билээ. УИХ-ын дарга тус тогтоолын төслийг хүлээн авч, ирэх долоо хоногийн Мягмар гаригийн чуулганаар хэлэлцэнэ гэдгээ мэдэгдсэн юм. Учир нь, “УИХ-ын Дэгийн тухай хуулийг хуулийн дагуу хэрэгжүүлэх ёстой, Төрийн мэдээлэл эмхэтгэлд хэвлэгдсэний дараа энэ хуулийг хэрэгжүүлэх боломжтой. Төрийн мэдээлэл сэтгүүл нэгдүгээр сарын 28-ны өдөр хэвлэгдэх учраас УИХ-ын даргыг чөлөөлөх хуулийн төсөл хэвлэгдсэний дараа хэлэлцэх боломжтой” гэдгийг тэрбээр тодотгосон.
Тэгвэл тус саналыг нь Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Л.Болд нарын таван гишүүн эсэргүүцэж байгаагаа илэрхийлж мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:
УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, өнөөдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуулийн дагуу нэн яаралтай тавигдаж байгаа учраас чуулганаар хамгийн эхэнд УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх ёстой. УИХ-ын даргын зүгээс “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэгдэх ёстой гэдэг үндэслэлийг хэлсэн. “Төрийн мэдээлэл” сэтгүүл нэгхэн хуудас өөрчлөлтийг нэн даруй буюу нэг цагийн дотор хэвлэх бүрэн боломжтой. Хуульд захирагдан ажиллах үүрэгтэй. Хуулийн төсөл өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ гээд УИХ-ын гишүүд бүрэн эрхийнхээ дагуу баталсан атал “Төрийн мэдээлэл” сэтгүүл хэвлэх үүрэгтэй. УИХ-ын дарга УИХ-ын үйл ажиллагаанд Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэгтэй гэж УИХ-ын тухай хуульд хариуцлагыг нь заасан байдаг. Гэвч асуудлыг ирэх Мягмар гариг хүртэл хойшлууллаа. Иргэд олон түмэн бухимдалтай байна. Өнөөдөр бидэнд хандаж эмэгтэйчүүд өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдсэн. УИХ-ын дарга болон УИХ-ын Тамгын газрын дарга горимын саналыг хүлээж авах боломжгүй гэж мэдэгдсэн нь бидэнд хардлага төрүүлж байна. Нэн яаралтай горимоор хэлэлцэгдэх асуудалд завсарлага өгөхгүй гэж хэллээ. Асуудлыг хойшлуулах энэ хугацаанд элдэв асуудал үүсэхийг бид үгүйсгэхгүй. Хаана, хаанаа сонор сэрэмжтэй байж, хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлд бид бүхэн ажиллаж байна.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:
Өнгөрсөн долоо хоногт би итгэхгүй байна гэдгээ хэлж байсан. Өнөөдөр хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдөр. УИХ-ын даргын зөвлөл хуралдахад 10-хан минут хангалттай. Уг асуудлыг өнөөдөртөө хэлэлцэх эрх зүйн бүрэн бололцоо хангалттай байхад асуудлыг хойшлуулж байгаа нь хардлага төрүүлэх үндэслэлтэй. Сүүлийн үед бидэнд орд тойрсон баялагтай холбоотой маш их мэдээлэл ирж байгаа. Удахгүй бид энэ талаар Нийтийн сонсгол хийж олон нийтэд зарлана. Өнөөдөр нэг баримтыг задалж байна. “Монголын зэс" корпорацийн ТУЗ хуралдаж, "Эрдэнэт"-ийн 49 хувийг Сингапурын компанид худалдах шийдвэр гаргасан талаарх баримт бидэнд ирдээ. Баримтын дугтуйн дээр илгээгч нэрээ бичээгүй байна. Хэнээс ирсэн нь тодорхойгүй байгаа.
Цагаан сарын өмнө энэ асуудлыг шийдэх гэж байгаа нь хардлага төрүүлж байна. Стратегийн энэ ордыг УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр ОХУ-аас худалдаж авсан байдаг. Гэтэл дахин гаднын компаниад өгөх гэж байна. Хэрэв уг мэдээлэл үнэн бол дахиад баяр давхацсан шийдвэр гарч магадгүй байна. Өнөөдөр бид тав энэ асуудлаар Ерөнхий сайд болон ХЗДХ-ийн сайдад асуулт тавина. Хариултаа эргэн мэдээлэх болно. Хууль хяналтын байгууллагад улстөрчдийн бүлэглэл байгаа болохыг энэ бүхэн бага багаар задлан харуулж байна" гэв.