Малайзын Пахан мужийн захирагч, султан Абдулла Султан Ахмад Шахыг өчигдөр /2019.01.24/ шинэ хаанаар сонгосон байна. Өдгөө 59 настай тэрбээр Малайзын хуулийн дагуу таван жил энэхүү албан тушаалыг хаших юм.
Өнгөрөгч оны арваннэгдүгээр сард Москвагийн мисс Оксана Воеводинатай хуримаа хийсэн Малайзын хаан V Мухаммед Фарис хугацаанаасаа өмнө хаан ширээнээс буух болсноо энэ сарын эхээр зарласан билээ. Тэрбээр хоёр жилийн турш хаан сэнтийд заларсан бөгөөд хугацаанаасаа өмнө албан тушаалаа өгч байгаа анхны хаан болсон аж.
Малайз нь Үндсэн хуульт хаан засаглалтай улс. Хааныг 13 мужаас сонгогдсон есөн султан зөвлөл бүрдүүлэн, таван жилийн хугацаатай томилдог байна. Малайз нь ээлжилдэг хаант засагтай цорын ганц улс юм.
Малайзын хаан нь Зэвсэгт хүчнийхээ ерөнхий командлагч байх бөгөөд улсын дотоодод болж буй томоохон баяр ёслолд оролцох үүрэгтэй, ард түмнийхээ эв нэгдлийн бэлэг тэмдэг нь болдог. Хааны гол үүргийн нэг нь малай үндэстний исламын шашны уламжлалыг хадгалах юм. Тус улсын төрийн эрх мэдэл нь хаанд бус Ерөнхий сайд болон парламентад нь төвлөрдөг байна.
Султан Абдуллаг хаанд өргөмжлөх ёслолын арга хэмжээ нь нэгдүгээр сарын 31-нд зохион байгуулагдана. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт өөрийн эцэг Султан Ахмад Шахаас Пахан мужийн захирагчийн албан тушаалыг өвлөж аваад байсан юм.
Султан Абдулла нь спорттой маш ойр хүн аж. Тухайлбал Азийн хоккейн холбооны ерөнхийлөгч бөгөөд олон улсын хөлбөмбөгийн холбооны /FIFA/ удирдах зөвлөлийн гишүүн аж.
Эх сурвалж: CNN