Мэргэжлийн талбайн теннисний Их Дуулгын 17 удаагийн аварга Испаний Р.Надал 25 дахь шигшээ тоглолтондоо шалгарлаа. Тэр тэмцээний хагас шигшээд Грекийн залуу теннисчин С.Циципастай тоглосон бөгөөд өрсөлдөгчөө төвөггүйхэн буулгаж авсан. Тоглолтын турш Р.Надал давуулалтаа 91 хувийн амжилттай гүйцэтгэж, залуу теннисчинд хүчтэй цохилт өгч байсан. Эхний сетэд 2, дараагийн сетэд 4 гэйм алдсан бол сүүлийн сетэд ганц ч гэйм алдалгүй 6-2, 6-4, 6-0 харьцаатай Грек залууг буулгаж авсан. Ийнхүү шигшээд шалгарч буй Р.Надал Грек залуутай 3 удаа таарч тоглохдоо бүгдэд нь хожиж байна.
Р.Надалын дараагийн өрсөлдөгч нь Н.Жокович болон Л.Пуэй нарын хожсон нь байх юм. Мэдээж мэргэжлийн талбайн теннис сонирхогчид “том”-чуудын классик тоглолтыг шигшээд үзэхийг хүсэж байгаа болов уу? Н.Жокович Франц залуутай анх удаагаа таарч байна. Н.Жокович 15 дахь Их Дуулга тэмцээний цомын төлөө урагшилж байгаа бол Р.Надал 18 дахь цомынхоо төлөө тоглоно.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ