Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл УИХ дээр удаа дараа хойшлогдож байгаа юм.
Тиймээс уг хуулийн төслийг даруй хэлэлцэж батлахыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү шаардаж мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудлыг УИХ-дээр удаа дараа зориуд зохион байгуулалтайгаар хойшлуулж байна. Ний нуугүй хэлэхэд, алтны үйлдвэрлэгчид, алтны холбоочдын хийж байгаа лобби гэж би үзэж байна. 1996 онд Алт хөтөлбөр хэрэгжиж 18 мянган тонн алт одоо ч гэсэн хэвээр байгаа. Бүхэл бүтэн 40-70 мянган тонн алт татваргүй явж ирсэн. Мөнгөтэй хүн өөрийхөө хүссэнээр хуулийн лобби хийж байгааг эсэргүүцэж байна. Байгалийнхаа баялгийг нийт ард түмэндээ өгнө гэдэг нь татвараа өсгөж татвараа ард түмэндээ өгөхгүй юм бол өөр юугаараа өгөх юм бэ. Алтны татварыг тав байсныг багасгая гэдэг хууль өргөн барьж Ерөнхий сайд У.Хүрэлсүх уг хуулийн төслөө батлуулах гэж байсан. Үүнийг нь шударга УИХ-ын гишүүдийн зүгээс эсэргүүцэж “Байгалийн баялгийг ард түмэнд өгнө гэж ярьж байсан хүн учраас Ерөнхий сайд таны пиарт муугаар нөлөөлөх учир алтны татварыг тав хэвээр нь байлгая” гэж хэлж байсан юм. Гэтэл айгаад хуулиа хэлэлцүүлэхгүй авч зугтаагаад байна. Тав хэвээрээ байх ёстой. 2.5 болгож бууруулах нь нэг гараараа шударга ёс ярьж, нөгөө гараараа шуламын арга хэмжээ авч байгаатай адил. Байгалийн баялгийг ард түмэндээ өгөх сонирхол алга. Алтанд ямар ч өртөг байдаггүй юм. Газарт байгаа шороог авч угаагаад байгалийг сүйрүүлдэг. Алтыг ард түмэндээ өгье гэвэл татвараар л өгөхөөс өөр арга байхгүй. Таван хувийн татварыг өмнө нь лоббидож болиулж байсан. Одоо 2.5 хувийн татварыг батал эсвэл нэг ч татвар төлөхгүй гэсэн ийм лоббиг өнөөдөр явуулж байна. Ялангуяа ЗГХЭГ-ын дарга Г.Зандаршатар болон М.Билэгт гишүүн хоёр уг хуулийн төслийг хэлэлцэх асуудлаас хойшлуулах саналыг гаргалаа. Үүнд нь харамсч байна.Баянхонгор аймаг өнөөдөр алтны нинжа нарын хөл, гарт нь өртсөн. Тийм учраас уг хуулийн төслийг хурдан батлуулах тал дээр хэвлэлийнхэн та бүхэн шаардах ёстой” гэсэн юм.
Холбоотой мэдээ