Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр /2019.01.25/ хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Тэрбээр:
-Өнөөдөр нэгдүгээр сарын 25-ны өдөр. Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл Их хурлаар шийдэгдэж, өнөөдрөөөс хэрэгжиж эхэлж байна.
Сая 20 минутын өмнө УИХ-ын нэр бүхий 39 гишүүн гарын үсэг зурсан УИХ-ын даргыг ажлаас нь чөлөөлөх тогтоолын төслийг надад өргөн барилаа. Энэ асуудлыг яаралтай горимоор хэлэлцэх хуулийн дэгтэй. Яаралтай горимоор хэлэлцэхийн тулд УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, Захирамж гарах ёстой. Өнөөдөр 13.00 цагт УИХ-ын даргын зөвлөл хуралдана.
Би Төрийн байгуулалтын байнгын хорооны даргатай санал солилцсон. Өнөөдрөөс хойш чуулган хуралдах хамгийн наад талын бололцоотой өдөр ирэх долоо хоногийн мягмар гаригийн 29-ний өдөр байна. Энэ өдөр 09.00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороог, 10 цагаас чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулж, УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэх боломжтой.
УИХ-ын даргын зөвлөл өнөөдөр 13.00 цагт хуралдана.
Хууль хэрэгжих хугацаа өнөөдөр эхэлж байгаа ч Дэгийн тухай хуульд заасны дагуу “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэгдсэнээр хуулийг хэрэглэнэ гэсэн заалттай. Сэтгүүлийн эхийг дөрөв дэх өдөр хэвлэлтэд өгсөн, 28-ны даваа гаригт хэвлэгдэх юм байна. Тэгэхээр хуулийг хэрэглэх хугацаа 28-наас эхэлнэ гэсэн үг юм. Нөгөө талаар энэ асуудал энэ долоо хоногийн хуваарьт ороогүй, дөнгөж сая өргөн барьсан учраас шууд хэлэлцэх нь Дэгийн тухай хуулийг зөрчинө гэсэн үг.
Надад ажил албан тушаалтайгаа зууралдаад байгаа зүйл байхгүй. Хуулийн дагуу ажлаасаа чөлөөлөгдөж, огцроход болохгүй зүйлгүй. Тиймээс асуудлыг хуулийн дагуу хэлэлцэж шийдвэрлэн, уламжлалт Цагаан сарын баярын наана шинэ Их Хурлын дарга томилогдох нь зүйтэй гэж бодож байна гэв.
Эх сурвалж: www.parliament.mn
Холбоотой мэдээ