АТГ: УИХ-ын таван гишүүнийг яллагдагчаар татах санал ирсэн

Хуучирсан мэдээ: 2019.01.25-нд нийтлэгдсэн

АТГ: УИХ-ын таван гишүүнийг яллагдагчаар татах санал ирсэн

Авлигатай тэмцэх газраас өнөөдөр /2019.01.25/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр албаныхан Эрүүгийн хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад оффшор бүсэд холбогдох этгээдүүд нь 85 сая 933 мянга 63 ам.долларыг байршуулж байсныг тогтоосон. Үүнээс 74 сая 993 мянга 452 ам.доллар тодорхой хэлбэрээр Монгол Улсад орж ирсэн болох нь шалгалтаар тогтоогдоод байна. Үүний 4.3 сая ам.долларыг биет байдлаар хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд оруулж ирсэн байгаа гэж мэдээллээ. Мэдээллийн дараа  АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Оффшорын тухай хэргийг тодруулбал?

-АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст оффшор бүсэд Монгол Улсын нэр бүхий иргэд данс эзэшдэг. Тэнд их хэмжээний мөнгө байршуулдаг гэдэг мэдээлэл задарснаас хойших хугацаанд хэрэг бүртгэлтийн мөрдөн байцаалтын дөрвөн дугаартай хэргийг прокурорын хяналтан дор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа юм. Оффшор бүсэд мөнгө хадгалж тэндээсээ Монгол Улсад оруулж ирдэг байдлыг ерөнхий агуулгаар гэмт хэрэг гэж үзэхгүй. Саяны зарлагдсан нэр бүхий хүмүүсээс оффшор дансанд байршуулсан мөнгөн дүнгийн хэмжээн 87.1 сая ам.доллар байсан. Үүнд биет болон тоног төхөөрөмжийн байдлаар 74 сая ам.доллар Монгол Улсын эдийн засагт эргэлдсэн байдал мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдож байгаа юм. Өөрөөр хэлбэл,  оффшор бүсэд олон улсын санхүүгийн байгууллага адил төстэй байгууллагуудтай мэдээ мэдээлэл солилцоод хамтарсан мөрдөн шалгах ажиллагааг одоог хүртэл явуулж байна. Үүний үр дүнд Монгол Улсад 74.9 сая ам.доллар орж ирсэн байна гэдэг нь тогтоогдсон.

-Ч.Даваанямыг Ерөнхий сайд асан С.Баяртай холбогдуулан саатуулаад сулласан гэх асуудал яригдаж байна. Мөн С.Баярцогт нарыг хорьсон гэх асуудалд тайлбар өгөөч?

-Оффшорын асуудалтай холбоотой нэг дугаартай хэрэгт 20 орчим сая ам.доллар Монголын нэлээд том аж ахуй нэгжийн дансаар удаа дараа орж ирсэн нь тогтоогдсон. Аж ахуй нэгжийн дансаар хөөж үзвэл тухайн аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд зарцуулагдаж цаашдаа бүтээн байгуулалт болсон уу, мөнгө угаалт байсан уу гэдэгт сэжигтэй байдал тогтоогдсон. Үүнд нэр бүхий аж ахуй нэгжийн удирдлагуудыг холбогдуулж байгаа. Үүний цаана ямар зориулалтаар гадаад улсаас их хэмжээний валют Монгол Улсад орж ирсэн, гэмт хэргийн шинжтэй байна уу гэдгийг шалгахын тулд саяны мөрдөн шалгах ажиллагаа прокурор шүүхийн хяналтан дор явагдсан. Цаашид энэ ажиллагаа үргэлжилнэ.

-Сангийн сайд асан С.Баярцогтыг шалгах шатанд шинэ баримт илэрсэн гэх хэргийн тухайд тайлбар өгөөч?

-Сангийн сайд асан С.Баярцогт Оюутолгойн гэрээ байгуулагдахаас өмнө Оюутолгойн гадаад хөрөнгө оруулалт буюу тухайн компанийн хувьцааг тодорхой хэмжээний мөнгөн дүнгээр худалдаж авсан. Гэрээ байгуулагдсан, гэрээ хэрэгжсэний дараагаар хувьцаа үнэд орсон энэ үед тэрбээр хувьцаагаа бусдад арилжаалаад өөртөө давуу байдал олж авч, их хэмжээний ашиг олсон үйлдэл нь хамтарсан шалгалтын ажлын хүрээнд тогтоогдсон. Тийм учраас шүүхийн тогтоолоор цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.

-АТГ өнгөрөгч долоо хоногт хэвлэлийн хурал хийх гэж байгаад цуцалсан. Нийт хэчнээн УИХ-ын гишүүн мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд саад учруулсан юм бэ?

-ЖДҮХС-ийн зээл олголттой холбоотой асуудалд тодорхой нэр заах нь хуулиар хориотой. Зээл олголтын асуудалд төрийн өндөр албан тушаалтан зээл олгоход нөлөөлсөн байж болзошгүй байдал тогтоогдож хуулийн дагуу Ерөнхий прокурорт дөрвөн гишүүний эрхийг түдгэлзүүлэх саналыг тавьсан. УИХ-аас дөрвөн гишүүнийг түдгэлзүүлээгүй. Прокуророос УИХ-ын таван гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах санал ирсэн. Хоёр гишүүн тогтоолтойгоо танилцаж гурван гишүүний тогтоолыг танилцуулах ажиллагаа явагдсан.

УИХ-ын Тамгын газраас хоёр гишүүн томилолттой, өвчтэй учраас танилцах боломжгүй гэсэн тайлбар ирүүлсэн. Үлдсэн гурван гишүүнд өнөөдрийг хүртэл бид танилцуулж чадаагүй. Миний ойлгож байгаагаар томилолттой нэг гишүүн ирээгүй байгаа гэж ойлгож байна. Нэг гишүүн чуулганы үйл ажиллагаанаас болоод очих боломжгүй гэсэн асуудлыг ярьсан. Сошиалаар явсан 43 УИХ-ын гишүүн шалгагдаж байгаа гэдэг нь худлаа. Албан ёсоор тухайн албан тушаалтан үйлдлийг албан тушаалаа урвуулан ашигласан үйлдэл байна уу, үгүй юу гэдгийг шалгана.

-Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр болоод Ч.Сайханбилэг нарыг шалгаж байсан. Ч.Сайханбилэгийг Монгол Улсын хилээр гарсан гэсэн асуудал яригдаад эхэллээ?

-2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр үзэглэсэн Оюутолгойн хөрөнгө оруулалтын  гэрээ хэрэгжиж эхэлснээс хойш дагалдаж батлагдсан гэрээтэй холбогдуулсан мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Энэ хэрэгт тухайн үед ажиллаж байсан зургаан хүнийг шалгасан. Одоо ч мөн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа, шинжилгээний баг, шинжээчийн дүгнэлт гаргахаар ажиллаж байна. Хуулийн шинжилгээний баг ажиллаж байгаа. Энэ хэрэгт яллагдагчаар татагдсан зургаан хүмүүсээс шүүхээр цагдан хорих таслан сэргийлэх ажиллагааг явуулсан болохоор Монгол Улсын хилээр гарч явсан хүн байхгүй.

– н.Сэцэнзориг, Ч.Давааням нар Ерөнхий сайд асан С.Баяртай ямар холбоотой юм бол?

-Оффшортой холбогдуулж Ч.Давааням нарыг 48 цаг баривчилсан нь үнэн.

– УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн эхнэрийн дансаар ЖДҮХС-гаас мөнгө орсон гэх асуудал яригдаж байна?

– ЖДҮХС-тай холбоотой асуудалд мөрдөн байцаалтын хэрэг үүсгэн шалгаж байгаа. 1031 төсөл хөтөлбөр ирсэн байгаа юм. Нийтдээ 216 иргэн, хуулийн этгээд санхүүжилт авсан. Үүнийг АТГ шалгаж байгаа. Төсөл хөтөлбөрөөс зээл авсан ААН, иргэн бүрийг хууль зөрчсөн гэж ойлгож болохгүй. УИХ-ын гишүүний эхнэр зээл аваад түүнийгээ зориулалтынх нь дагуу хэрэглэсэн бол хууль зөрчсөн гэж үзэхгүй. Харин зээл авахад албан тушаалтан нөлөөлсөн бол шалгана. Үүнийг ялгаж салгах ёстой. Бид шалгалтын хүрээнд ЖДҮХС-гаас зээл авсан төсөл бүрийг шалгаж байгаа.

– “УБДС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Бямба-Очир 500 сая төгрөгийн хахууль авах гэж байгаад баригдсан, 87 орон сууцтай гэх мэдээлэл байгаа?

– Хахууль авсан хэмжээ нь 500 сая төгрөг биш. Албан ёсны бүртгэлтэй гурван орон сууцтай. Энэ хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа явж байгаа. Мөн Стандарт банкнаас ЖАСТ групп зээл авсан гэх зургаан хүнтэй холбогдолтой хэрэг шүүхэд шилжсэн.

 

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
4
БурууБуруу
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж