Н.Оюундарь: Засгийн газар буруугаа Монголбанк руу чихдэг

Хуучирсан мэдээ: 2019.01.25-нд нийтлэгдсэн

LiveН.Оюундарь: Засгийн газар буруугаа Монголбанк руу чихдэг

Н.Оюундарь: Засгийн газар буруугаа Монголбанк руу чихдэг
17 : 57
2019-1-25

Ц.Мөнх-Оргил: Бид У.Хүрэлсүхийн нэг ч бодлогыг унагаагаагүй шүү

УИХ-ын чуулганы хуралдаанаар Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авлаа. Тухайлбал,

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

-Монгол Улсын Засгийн газар энэ хуулийн төсөл дээр маш сайн ажиллаад өргөн барих ёстой байсан гэж бодож байна. Агуулгын хувьд сэргээгдэх эрчим хүчний салбарын ирээдүйн хөгжилд нөлөөлж болохуйц тодорхой заалт оруулж ирж байгаа гэж ойлголоо. Хуулийн төслийн үндсэн зарчмыг бол дэмжиж байна. Монгол Улсын санхүүгийн эрсдэл өндөртэй, эргэн төлөлт удаан хөрөнгө оруулалтууд, улс төрийн шийдвэрүүд бизнесийн салбарт нөлөөлдөг ийм үед доод, дээд хязгаарыг тогтоож оруулж ирж байгаа нь зарчмын хувьд буруу. Сэргээгдэх эрчим хүчний асуудал Монголд шинэ тутам үүсч байгаа, нөгөө талаас дулаарлын үйл явц хурдацтай явж байгаа үед Засгийн газар анхаарлаа хандуулах ёстой. Нүүрсний хэрэглээг багасгах зуршлаас салаач гэдэг урилга Давосын чуулган дээр дэлхий нийтийг уриалж байсан. Энэ асуудал дээр манай Засгийн газар дорвитой арга хэмжээ авах ёстой. Төрийн хатуу зохицуулалт, дэмжлэгтэйгээр сэргээгдэх эрчим хүчний тарифыг өрсөлдүүлэх ямар ч боломжгүй шүү дээ. Цаашид бид энэ салбараа татан унагах хэмжээнд хүрэх вий. Зах зээлийнх нь жамаар явуулах нь зөв.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн:

-Энэ төсөл дэлхийн банкны шугамаар манай гишүүд сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр танилцах уулзалт хийж ирээд хуулийн төсөл боловсруулж, хамтран ажиллах санал надад хэлсэн. Бид тооцоо судалгаа, хамтарч ажиллах чиглэлээр хамтарч ажилласан. Олон нийтийн эрх ашгийн үүднээс хийж байгаа юм. Одоо 60 орчим тэрбум төгрөгийг иргэд, аж ахуй нэгж төлж байгаа. Энэ тоо 2019 оны төсгөлд 100 орчим тэрбум төгрөг болох гээд байгаа юм. Тиймээс иргэд, аж ахуй нэгжид очих дарамтыг нэмэгдүүлэхгүй байх боломжийг эрэлхийлж, УИХ-ын гишүүд оруулж ирж байгаа дэмжээд явж байгаа. Бусад оронд өрсөлдөөнийг бий болгох, жишгийн дагуу явахыг Дэлхийн банкнаас төсөл хэрэгжүүлж, санал тавьсан. Энэ хүрээнд л судалж, боловсруулаад оруулж ирж байна. Манайхаас бусад бүх орон үнэ бага байдаг юм билээ.

УИХ-ын гишүүн А.Ундраа:

-Энэ жил эрчим хүчний салбарыг ухаалаг жил болгосонд талархаж байна. 2020 онд суурилагдсан эрчим хүчний хүчин чадалд эзлэх сэргээгдэх эрчим хүчний зорилтыг 20 хувьд хүргэнэ гэсэн зорилт тавьсан юм байна. Нийт үйлдвэрлэлдээ 10 орчим хувь байгаа нь системийн аюулгүй байдалд нөлөөлж буй зүйл нь сэргээгдэх эрчим хүч мөн үү. Бид зах зээлийн журмаараа явж байгаа системийг алдагдуулчих вий. Ухаалаг сүлжээний асуудал хуульд тусгагдаагүй байна. Тусгай зөвшөөрлийг төрөөс олгох, тариф буулгаж байгаа юм байна.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн:

-Манай салбарт дутагдаж байгаа нэг зүйл нь мэдээлэл технологи, ухаалаг технологи ашиглах нь дутмаг байгаа. Үүнийг зохицуулсан хуулийг 2011 онд би санаачилж байсан.  2013 онд бид гурван тэрбум төгрөгөөр 17 хүүхэд АНУ-д сургасан ч тэр хүүхдүүд бүгд тухайн улсынхаа ажилчин болсон. Тэгэхээр энэ чиглэлээр тодорхой зохицуулалт хэрэгтэй байна. Бид Япон, Германтай хамтран газрын гүний эрчим хүчийг турших төслүүд хэрэгжүүлж байгаа. Хуулийн зохицуулалт хийх ёстой гэдэгтэй санал нэг байна.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

-Сэргээгдэх эрчим хүчнээс нарны паннел хамгийн их хэрэглэгддэг. Төрийн өндөрлөгүүд, Гадаад харилцааны яам хойд хөрштэйгөө усан цахилгаан станцын асуудлаа цэгцлэх цаг болсон. Усан цахилгаан станцуудын маш олон төсөл байгаа ч хэрэгжиж байгаа нь цөөн байна.  Бид дотоодын эрчим хүчээ 100 хувь хангахын тулд эх үүсвэрээ дотоодоосоо хангаж байж агаарын бохирдлоосоо сална. Улаанбаатарын цахилгаан болон түүнийг дамжуулах нөөц чиглэлд нь онцгой анхаарах бөгөөд ойрын хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатай байна.

УИХ-ын гишүүн Д.Мурат:

-Монголын утаа, цаг уурын дулаарал зэрэг асуудалтай холбогдуулж Сэргээгдэх эрчим хүчний хуулийг дэмжиж байгаа. Баруун аймгуудад сэргээгдэх эрчим хүчний нөөц хангалттай байгаа ч Оросоос цахилгааны эх үүсвэрээ авдаг. Харамсалтай нь, сонгуулийн циклээс шалтгаалан усан цахилгаан станцын асуудал гацсан. Асгатын ордыг ашиглана гэж байгаа учраас эх үүсвэрээ дотоодоосоо авах нь зүйтэй гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Энэ хуулийг Засгийн газар УИХ-д оруулж ирэх ёстой байсан юм. Бид У.Хүрэлсүхийн нэг ч бодлогыг унагаагаагүй юм шүү. Засгийн газар өөрсдөө боловсруулаад, зарчмаараа явах ёстой. Эрчим хүчний салбарт ажиллаж байснаараа Д.Дамба-Очир гишүүн хууль санаачилж оруулж ирээд байвал бүгд мэддэг салбарынхаа   хуулийг өргөн барьсан нь дээр шүү. Засгийн газар дэмжиж байгаа гэдгээ зарчмын хувьд хэлээгүй ч тодорхой шаардлагуудыг нь тусгаад оруулж ирэх ёстой. Тиймээс энэ хуулийн төслийг буцааж татаад, Засгийн газар өөрөө өргөн барьсан нь дээр болов уу. УИХ, Засгийн газар өөр өөрийн хийдэг ажилтай.

Ингээд гишүүд үг хэлж дууссаны дараа санал хураахад Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжсэн учраас анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.

Үүгээр өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөлөө.

16 : 36
2019-1-25

Ч.Хүрэлбаатар: Ханшийг хатуу бодлогоор барих боломжгүй

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатаас Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан Ханшийн өсөлттэй холбогдуулж хийсэн интервенц, мөнгөний болон төсвийн бодлогын уялдаа, Засгийн газрын өрийн талаарх асуулгын хариуг сонслоо. Үүнтэй холбоотойгоор гишүүд асуулт, тодруулга авлаа.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

-Нийгэмд валютын ханшийн өсөлт маш их дарамт үүсгэж байна. Бүх хүний өдөр тутмын орлого, өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ гэх мэт маш олон зүйлд нөлөөлж байна. Энэ нь Монголбанкны удирдлага их хэмжээний бэлэн мөнгө хэвлэж, тараасантай холбоотой гэх мэдээллийг би авсан. Валютын ханшийн өсөлт үйлдвэрлэл эрхлэгчид маш их дарамт үүсгэж байна. Үүнээс болж маш олон аж ахуй нэгжүүд хаалгаа барихад хүрээд байна. Бүтээн байгуулалт хийсэн компани хүнд нөхцөл байдалтай байна. Эдийн засгийн эерэг, сайн нөлөөний үзүүлэлтийг хэрхэн сайжруулах вэ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Ханшийн асуудлаар буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээвэрлэнэ гэдэг л болж байгаа юм. Улс төрийг сонгуулийн дөрвөн жилээр харж, бодлого явуулсны үр дүнд л ханш хөдөлдөг. Ийм л сөрөг үр нөлөөтэй байгаа юм. Ийм бодлого яваад ирсэн. Үүнийг эмхлэх асуудалд хатуу явахгүй, хувийн эрх ашгаа урдаа тавиад, тодорхой явцуу ашиг сонирхлоор бодлогоо явуулаад эхлэхээр ийм л зүйл болдог. Монголын эдийн засгийн суурь бат бэх байгаасай, хөрөнгө оруулагч нар ямар нэг эрсдэлээс болгоомжлохгүйгээр хөрөнгө оруулалтаа хийгээд яваасай гэж суурь үзүүлэлтүүдийг сайжруулахаар ажиллаж байна. Хууль эрх зүйн орчнуудаа сайжруулж авах шаардлагатай байна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Монгол Улсын эдийн засгаас давсан улс төрийн  шийдвэрүүдийн нөлөө их байдаг. Монголбанк нь 7,2 их наяд төгрөгийг хэвлэж, зах зээлд нийлүүлдэг. Энэ нь долларын ханшийг нэмэгдүүлдэг. ОУВС-ийн аргачлал, Монголбанкны аргачлал хоёр өөр байна лээ. ОУВС өрөөр гадаад валютын нөөцөө бүрдүүлдэггүй. Монголбанк 2012-2016 онд 3,2 их наяд төгрөгийн алдагдалтай байсан. Энэ алдагдлыг хэрхэн нөхөж байна вэ. Мөн валютын ханш, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах нь дан ганц Монголбанкнаас гадна Засгийн газар бас хариуцах ёстой гэж бодож байна. Цаашид ямар арга хэмжээ авах вэ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Ханшийн тогтвортой байдалд Засгийн газар оролцоотой байгаа. Дунд болон урт хугацаанд валютын ханшид Засгийн газрын оролцоо бол маш чухал. 2021 онд Хуралдай бонд, 2022 онд Чингис бонд, 2023 онд Гэрэгэ бондын 2,9 тэрбум ам.долларын төлбөрүүдийг төлөхөөр байгаа юм. Үүнийг бид 10 жилд төлөх байдлаар Засгийн газар авч явсан тохиолдолд валютын ханшид нөлөөлөх нь бага байна. Түүнээс гадна экспортын орлого нэмэгдүүлэх чиглэлээр зөв бодлого явуулах ёстой. Мөн гадны хөрөнгө оруулалтыг татаж байж эдийн засаг тэлнэ, бүтцэд өөрчлөлт орох зэрэг эерэг нөлөөтэй. Гэх мэт эдийн засгийн арга хэмжээг авах нь Засгийн газрын оролцоо чухал үүрэгтэй.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь:

-Ам.долларын ханш нэмэгдэнгүүт бүх хэрэглээний барааны үнэ нэмэгддэг. Ялангуяа шатахууны үнэ гэх мэт богино зайны гал унтраах арга хэмжээ аваад байна. Засгийн газар буруу асуудал байвал Монголбанк руу чихдэг. Ханшийн зохицуулалтад Засгийн газар, Сангийн яам, Монголбанк аль аль нь хамааралтай. ОУВС-аас санхүүжилтүүд хэзээ орж ирэх вэ. Бид ам.доллар олж ирэх ёстой гэдэг ч гадаадын хөрөнгө оруулалтуудыг татах ямар зүйл хийж байна вэ. Гадаадын хөрөнгө оруулагчдаа зөвшөөрөл өгчхөөд ажлыг нь хийлгэдэггүй.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Та бас авсан мэдээллээ сайн шалгаарай. Хамаагүй худлаа мэдээлэл тараахгүй байхыг хүсч байна. Монголбанк, Сангийн яам хоёр хамтран ажиллах хуулиар зохицуулагдсан.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

-Эдийн засагт нааштай өөрчлөлт гарсан гэдэгтэй санал нэг байна. Үйлдвэржилтийг долларын ханш зогсоож байна. Ханшийг хатуу тогтоох нь хэр зохимжтой вэ. Хатуу тогтоосон улс орон байдаг. Би энэ асуултыг аргаа бариад л асууж байгаа юм шүү. Зээлийн хүүгийн дээд хязгаарыг ч мөн тогтоох ёстой л гэж би хувьдаа бодож байгаа. Ханш тогтвортой байлгах тал дээр бол Засгийн газар болгон өөрсдийгөө өмөөрөх юм байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Ханшийг хатуу тогтоодог систем байдаг. Би хувь хүний байр суурийг илэрхийлмээр байна. Ханшийг хатуу тогтоохын тулд валютын нөөц өндөртэй, нөөц бүрдүүлдэг эх үүсвэрүүд нь маш тогтвортой байх ёстой. Ялангуяа зэс, нүүрс зэрэг уул уурхайн баялгийн үнэ дэлхийн зах зээл дээр үнэ хэлбэлзэхэд  түүнийг дагаад валютын нөөцөд нөлөөлдөг. Монголд одоогоор ханшийг хатуу барих боломж бүрдээгүй гэж бодож байна. Зээлийн хүүг ч мөн эдийн засгийн сууриа сайжруулаад хүүг бууруулах арга хэмжээгээ аваад хүүгээ буулгах боломжтой.

Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

-Монгол Улсын хувьд хангалттай валютын нөөцтэй болох боломжгүй байгаа. Өнөөдөр бид ҮАБЗ-д заасан хэмжээний ч 50 хувьд хүрэх боломжгүй. Нөгөө талаар тогтмол ханш тогтоох нь сөрөг нөлөөтэй жишээнүүд маш их байдаг. Тэгэхээр ийм эрсдэл байдаг учраас тодорхой нөөцтэй болтлоо ханшийг хатуу тогтоох нь буруу байх. Зээлийн хүүг жамаар нь бууруулах нь зөв. Шууд хязгаар тавьж тогтоох нь зээлийн олдоцод эсрэгээр нөлөөлөх боломжтой.

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн:

-2018 онд Дэлхийн банк, Японы Засгийн газраас 400 орчим сая ам.доллар орж ирэх байсан. Энэ мөнгөнүүд яагаад орж ирсэнгүй вэ. Энэ ам.доллар орж ирсэн бол валютын үнэ хэлбэлзэхгүй байж болох байсан. Засгийн газар валютын нөөц бүрдүүлэх чиглэлээр донор орнуудтай хамтран ажиллах чиглэлээр яагаад дорвитой арга хэмжээ авч чадахгүй байна вэ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-2018 оны дөрөвдүгээр сард хүртэл нүүрсний экспорт зогссон байсан. Маш бага хэмжээний нүүрс экспортлогдож байсан. 2018 оны дөрөвдүгээр сард Ерөнхий сайд айлчлал хийсний дараа нүүрсний экспорт нэмэгдсэн. ОУВС-тай хөтөлбөрөө зогсоосон гэж Б.Чойжилсүрэн гишүүн та өөрөө энд тэнд яриад явж байсныг би сонссон. ОУВС-ийн хөтөлбөр үргэлжилж байгаа, олгогдох мөнгөө олгоод явж байгаа. Азийн хөгжлийн банк, Солонгосын Засгийн газар өгч байгаа. Жайкагийн зүгээс олгох ёстой хөрөнгийн нэг нөхцөл нь нисэх онгоцны буудлын менежментийн асуудал. Урьдчилсан байдлаар 2019 оны наадам гэхэд ашиглалтад оруулахаар чиглэл өгөөд, ажиллаж байна. Үүний дараа орж ирнэ.

За ингээд гишүүд асуулт, тодруулга авсны дараа УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат үг хэлсэн юм. 

-Манай улсын төгрөгийн ханш бусад гадаад валютын эсрэг суларч байгаа. Хэрэглээний сагсны ихэнхийг импортын бараа эзэлдэг. Ханшийн тогтворгүй байдлаас болж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа нь иргэдэд дарамт учруулж байна. Ханш огцом өсч байгааг хаа хаанаа анхаарч үзэх ёстой. Ялангуяа ам.долларын зээлтэй зээлдэгч нарт асар хүндээр тусч байна. Ам.долларын ханш чангарч байгаа нь импортоос хараат иргэд, аж ахуй нэгжид дарамт учруулж, үйлдвэрлэлийн салбарыг уналтад оруулах том нотолгоо. Монгобанкны ханшийн сулралт өнгөрсөн наймдугаар сараас хойш хэлбэлзэлтэй байгаа. Хэрэглээний бараа, үйлчилгээний өсөлт 2017 онтой харьцуулахад 5,7 хувь, хүнсний бараа 5,6 хувь, өргөн хэрэглээний эм тариа 12,7 хувь, цахилгаан хийн болон бусад түлж 15,8 хувь тус тус өссөн нь өнөөдөр иргэдийн халаасанд шууд нөлөөлж байгаа өмнө нь байгаагүй өсөлт гэж харж байна. Ханшийн тогтвортой байдлыг хангах мэргэжлийн дүгнэлт гарсангүй. 

Ингээд асуулгын хариуг сонссоны дараа үдээс өмнө хэлэлцэж байсан Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг үргэлжлүүлэн хэлэлцэж эхэллээ. 

15 : 53
2019-1-25

М.Оюунчимэг: Эдийн засгийн өсөлт иргэдэд хүрэхгүй байна

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатаас Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан Ханшийн өсөлттэй холбогдуулж хийсэн интервенц, мөнгөний болон төсвийн бодлогын уялдаа, Засгийн газрын өрийн талаарх асуулгын хариуг сонслоо.

Мэдээллийн эхэнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Сүүлийн 10 жилд Монгол Улсын төсөв анх удаа ашигтай гарлаа. Валютын ханш өнөөдөр 2636 байсан. Сүүлийн үед Монгол Улсын экспортын хэмжээ долоо тэрбум ам.доллар, худалдааны тэнцэл 12,8 тэрбум ам.доллар, гадаад худалдааны тэнцэл 1,1 тэрбум төгрөг байна. Зээлжих зэрэглэл нэмэгдсэн. Төсвийн орлого хоёр их наяд төгрөгөөр давж биелсэн. Өрийн хэмжээгээр Засгийн газрын өрийг 2017 онтой харьцуулахад 1,7 их наяд төгрөгөөр буурсан байна. 2019, 2020 онд төлөх гадаад, дотоод том өр байхгүй. Өөрөөр хэлбэл, өрийн дарамтгүйгээр явах он жилүүд юм. Цаашид өрийн хэмжээг ДНБ-ний 40 хувьд барьж байж эдийн засаг эрсдэлгүй байх болно гэж үзэж цаашид буулгах хэрэгтэй” гэсэн мэдээллийг өгөв.

Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

-2018 оны жилийн эцэст инфляци 8,1 хувьтай гарсан. Найман хувийн 50 орчим хувь нь цөөн тооны бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн шинжтэй буюу мах, хатуу түлш, нефть зэрэг улирлын чанартай бүтээгдэхүүний эрэлт, өсөлтөөс шалтгаалсан байгаа юм. Ам.долларын ханш өнөөдрийн байдлаар 2636 төгрөг байгаа. 2019 он гараад ханш бага зэрэг чангарсан. Гадаад, дотоодын зайлшгүй хүчин зүйл бий.  АНУ-ын ам.доллар бүх улсын эсрэг чангарсан, дотоодод худалдааны тэнцэл зэрэг нь нөлөөлсөн гэж үзэж байгаа. Дотоодын импорт нэмэгдсэн нь нөлөөлсөн байгаа юм. Монголбанкны албан нөөц 3,4 тэрбум ам.доллар байгаа. Сая МИК бонд босгосон нь валютын нөөц нэмэгдүүлэх, ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд 800 орчим сая ам.доллар орж ирэх учраас ханш хүчтэй савлахгүй болов уу гэж бодож байна.

Мэдээллийн дараа УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авлаа. Тухайлбал,

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Эдийн засаг өсөлттэй, төсөв ашигтай гарсан гээд байгаа боловч яг амьдрал дээр ажлын байр нэмэгдэх, иргэдийн орлого нэмэгдүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч байна вэ. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэг ч төгрөгөөр буураагүй байна. Энэ өсөлт хэзээ иргэддээ, айл өрхдөө мэдрэгдэж, хүрэх вэ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Бүх зүйлийг яг нэг амьсгаагаар шийдвэрлэх боломжгүй. Бид өрөө төлж чадахгүй байдалтай, дарамтанд байсан. Өрийн дарамтыг бууруулж чадсан. Мөн цалин, тэтгэврийг 2018 оны есдүгээр сараас эхлэн үе шаттай нэмэгдүүлж байгаа. 2019 онд ч гэсэн нэмэгдүүлэхээр төсөвт суулгасан байгаа. Энэ нь олон айл өрхөд нэмэгдэл болж орж байгаа. Эдийн засаг өсч, төсөв эрүүлжиж байж ийм хэмжээний нэмэгдэл бий болж байгаа гэж бодож байна.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

-Өнөөдөр бид дэд бүтцийн бүтээн байгуулалтгүй байж төгрөгийн ханш суларч, инфляци хоёр оронтой тоо руу дөхөж, хүнсний үнэ 26 хувь, шатахууны үнэ нэмэгдсэн нөхцөл байдалтай байна. Улсын нийт гадаад өр дөрвөн тэрбум  ам.доллараар өссөн, Монголбанкны үнэт цаас 4,5 их наяд төгрөгөөр өссөн байна. Засгийн газрын өр 2016 онд байсан өр, 2019 оны өр хоёрын үзүүлэлт зөв үү. Сангийн сайд буурсан гэх боловч 4 тэрбум ам.доллараар нэмэгдсэн байна. Мөн махны үнэ болон өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсэн байна. Энэ олон өсөлтийг буулгаж байгаа дүн чинь хэтэрхий бага байгаа юм биш үү. Ямар ч бүтээн байгуулалт хийхгүй байгаа хэрнээ яагаад өр нэмэгдээд байгаа юм бэ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-2016 онтой харьцуулахад өр 1,1 их наяд төгрөгөөр буурсан. 2017 онтой харьцуулахад 1,7 их наяд төгрөгөөр буурсан. Өнөөгийн үнэ цэнээр бол 2016 онд ДНБ-ний 70,8 хувьтай байсан бол өнөөдөр 60 орчим хувьтай байна. Энэ хэмжээгээр бол өр буусан. Эдийн засгийн өсөлт бол гарсан. Гуравдугаар улирлын эдийн засгийн өсөлт 6,4-7 хувьтай байх болов уу гэж үзэж байгаа.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

13 : 06
2019-1-25

Ц.Даваасүрэн: Өмнөх сайдын алдааг би давтахгүй

УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир нарын таван гишүүн өргөн барьсан Сэргээгдэх Эрчим хүчний тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ. Тухайлбал,

УИХ-ын гишүүн Ж.Дэлгэрсайхан:

-Эрчим хүчний зохицуулах газар өнгөрсөн хугацаанд маш олон зөвшөөрөл олгосон ч ажил хэрэг болсон нь цөөхөн юм билээ. Гэхдээ бас аймаг орон нутгийн иргэдийг ажлын байраар хангаж, ажлаа эхлүүлсэн газрууд олон бий. Тэгэхээр баригдаад дууссан компаниудын асуудлыг яаж шийдэх вэ. Дорноговь аймаг дэд бүтэц сайтай учраас нар, салхины цахилгаан станц барих хүсэлттэй маш олон компани байдаг. Мөн олон сумдад баяжуулах үйлдвэр баригдаж байгаа. Тэдний цахилгаан хангамж хангалтгүй байгаа. Нефтийн үйлдвэр, төмөр хайлуулах үйлдвэр ч баригдана гэж байгаа. Тэгэхээр энэ чиглэлийн цахилгаан хангамжийг нэмэх чиглэлээр арга хэмжээ авч байгаа юу.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Сайншандад гадны хөрөнгө оруулалтай 30 мгВт-ын нарны станц барихаар тусгай зөвшөөрөл авсан. 30 мгВт гэдэг бол манай хэрэглээний хувьд өндөр хэмжээ. Гэтэл Чойр, Сайншанд чиглэлд одоо явж байгаа нь 50 мгВт байгаа. Гэтэл тухайн компани барих зөвшөөрөл авахгүйгээр 80 хувиа барьсан байгаа юм билээ. Болохгүй зүйлийг мэдсээр байж явуулна гэдэг зүйл байж болмооргүй юм. Төрөл бүрийн шахалт, дарамт үзүүлж байгаа. Өмнөх сайдын алдааг би давтаж болохгүй. Цаашид Чойр-Сайншандын цахилгаан станцыг өргөтгөнө.

УИХ-ын гишүүн А.Сүхбат:

-Улаанбаатараас гадна 21 аймаг агаарын бохидолтой байгаа. Түүнээс гарах гарц нь сэргээгдэх эрчим хүч юм. Хуулийн төсөл батлагдсанаар сэргээгдэх эрчим хүчний салбарт ямар эерэг үзүүлэлт авчрах вэ. Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг тусгасан ямар бодлого баримтлах вэ. Бид хөрөнгө оруулагчдаа шууд үргээж болохгүй.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн:

-Хамгийн гол үр дүн бол тариф хямдарснаар иргэн, аж ахуй нэгжийн төлж буй 60 гаруй тэрбум төгрөгийн асуудал нэмэгдэхгүй. Хэрэв хуульд өөрчлөлт оруулахгүй бол 200 орчим тэрбум төгрөгийн асуудал яригдахаар байгаа юм. Хөрөнгө оруулагчдын хувьд үргэхгүй байх. БНХАУ-тай эрчим хүчний салбартай хамтран ажиллах гэрээг ойрын хугацаанд зурна. Нэг зам-нэг бүс төслийн хүрээнд эрчим хүч экспортлох, хамтран ажиллах зэрэг асуудлыг ярина.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

-Асрамж, халамжийн газруудыг цахилгааны хөнгөлөлтөд оруулах боломж байдаг уу. Улаанбаатарт асрамж, халамжийн 15 төвүүдийг цахилгааны хөнгөлөлтөд хамруулахад 11 орчим сая төгрөг болно гэдэг тооцоог гаргасан. Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр эрчим хүчээр хангах боломж байна уу. Бүрэн цахилгаанаар хангаж байгаа айлуудыг хөнгөлөлтөд хамруулах боломж байна уу.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн:

-Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нарны дээврийн дэлгэц суурилуулах боломжтой. Халамжийн төвүүд шиг байгууллагуудтай хийхээр ярьж байна. Эдийн засгийн хувьд хамгийн үр ашигтай боломжуудыг эрэлхийлж байна. Эрчим хүч өөрөө асар их зардал гаргадаг. Өнөөдрийн байдлаар эрчим хүчний гаргаж байгаа зардал, түгээж байгаа үнээсээ өндөр болсон. Системээрээ 20 орчим тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байна. Тиймээс иргэд, аж ахуй нэгжийг хүссэн бүхнийг нь чөлөөлж, хямдруулах боломж байхгүй.

Үүгээр УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөж, 15.00 цагаас үргэлжлэх юм. Одоо УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлын жагсаалтыг батлах юм.

12 : 15
2019-1-25

Сэргээгдэх эрчим хүчний зөвшөөрлийг тендерээр олгоно

УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир нарын таван гишүүн өргөн барьсан Сэргээгдэх Эрчим хүчний тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ хуульд сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр бол хүчин чадал сайтай компаниудыг тендерт оролцуулах, үнийг нь бууруулах зэрэг асуудлыг тусгажээ.  Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд тодруулга авлаа. Тухайлбал,

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Энэ хуулиар тодорхой үнэ тарифыг буулгах гэж байна гэж ойлголоо. Зөрүү мөнгийг нь хэн өгөх вэ. Сэргээгдэх эрчим хүчний тарифыг бууруулж байгаа ч Засгийн газарт хэдий хэр төлбөрийн дарамт үүсэх вэ. Зарим УИХ-ын гишүүд шударга ёсны төлөө тэмцэж байгаа гээд байгалийн баялгийг ард түмэнд өгнө гэх. Алтны татварын хуулийг яагаад хойшлуулаад байна вэ. Алтны холбооны ерөнхийлөгч Т.Ганболд та нарын тэмцэлд хувь нэмрээ оруулж байгааг мэдэж байна. Хулгайч хүн хувьсгал хийдэггүй юм гэж хэлж байсан шүү. Алтны татварыг нэмэх хуулийн төслийг хойшлуулж, чуулганыг гацааж, хойшлуулаад явж байгаа байж байгалийн баялгаа ард түмэнд өгий гэж юу яриад байгаа юм бэ. Нэг гараараа шударга, нөгөө гараараа шулмын юм хийж болохгүй. Бүх зүйл дээр шударга байх ёстой.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир:

-Монгол Улс сэргээгдэх эрчим хүчээр баялаг орон. Өмнө нь хууль батлахдаа 15-18 цент байсан учраас 12-13 цент орчим болгож өөрчилж байгаа юм. Энэ хэрээр дарамт буурна гэсэн үг.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

-Хуулийг дэмжиж байгаа. Үе үеийн Засгийн газар сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа бодлого нь өөрчлөгддөг юм шиг байгаа юм. Салхи, нар зэрэг эрчим хүчнээс аль нь өртөг багатай, бидэнд боломжтой юм бол.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн:

-Сэргээгдэх эрчим хүчний хамгийн ашигтай нь усан цахилгаан станц. Үнэ хямд, системийн тохируулгын үйлчилгээтэй. Харин салхи нь 50 хувийн ашигтай байдаг. Нар нь хязгаарлагдмал учраас жаахан төвөгтэй.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Энэ чухал хуулийг яагаад Засгийн газар өргөн бариулаагүй юм бэ. УИХ-ын гишүүд хууль санаачлах эрхтэйг ойлгож байгаа ч парламент, Засгийн газар хоорондын тогтсон заншил, ёс зүй байдаг. Яагаад гишүүдээр өргөн бариулсан юм бэ. Төсөл шалгаруулалтаар сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг өөрчлөхөөр бодлогын өөрчлөлт юм. Энэ том бодлогын өөрчлөлт, 20,30 жилийн хөгжлийн асуудлыг өөрчлөх гэж байгаа бол маш тодорхой байх ёстой. Багануурын станц юу болсон бэ.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир:

-Эрчим хүчний чиглэлийн хэдэн гишүүд Засгийн газартай хамтраад өргөн барьсан юм. Замбараагүй болсон асуудлыг л олон улсын хууль, жишигт нь нийцүүлэхийн тулд хуулийг оруулж ирсэн.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Энэ хууль маш эрт яригдсан юм билээ. Дэлхийн банкнаас анхаарал тавьж, УИХ-ын гишүүдийг ч олон улсын туршлага хуваалцуулсан юм билээ. Тэр гишүүд явж ирээд, санал хэлсэн, түүнийг нь би дэмжээд явсан. УИХ-ын гишүүн улс орныхоо болохгүй байгаа зүйлийг хараад засч, сайжруулах гэж байхад нь хойрго хандаж болохгүй гэж гишүүдийн гаргасан төслийг дэмжсэн. Яам сонгон шалгаруулна гэдэг нь зөвхөн газрыг нь зааж өгөх юм. Хамгийн сайн нар тусах, салхитай газрыг нь зааж өгөөд, тэр газартаа төслөө шалгаруулаад явна. Бусдаар бол өөрчлөлт ороогүй. Багануурын станц нь манай системд сөрөг нөлөө үзүүлэхээр байгаа учраас хөрөнгө оруулагчдын зүгээс түр хойшлуулаад байгаа. Энэ чиглэлээр хэлэлцээ хийж байгаа.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Эрчим хүчийг хөгжүүлэх төрийн бодлого өнгөрсөн парламентын үед батлагдаж байсан. Одоо сэргээгдэх эрчим хүчний суурь 10 хувьд хүрсэн байна. Монгол хямд эрчим хүчтэй болох боломжтой улс гэж би боддог. Үүнийгээ ашиглаж, цаашдаа эрчим хүч бий болгох, нүүрсээр тэжээгдэх цахилгаан эрчим хүчний салбар хөрөнгө оруулалт хийхээс татгалзаад эхэллээ. Нүүрсний орон учраас нүүрсээр галладаг төслүүдээ төрийн бодлогоор дэмжлэг үзүүлэх нь зөв болов уу гэж би боддог. Тарифын асуудал хөрөнгө оруулалт тогтвортой байх эсэх асуудал үүснэ. Хөрөнгө оруулалтаа үргээх эрсдэлийг тооцсон уу. Бид эрчим хүч экспортлох орон болох боломж бий юу.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Тусгай зөвшөөрлүүдийг маш их олгосон байсан. Манай хэрэглээнээс 13 дахин их зөвшөөрөл олгосон байгаа юм. Энэ чигээр явбал хямралд орж, шөнөдөө хязгаарлалт хийж эхэлнэ. Тиймээс энэ асуудлыг цэгцэлж, хуулийн төсөл оруулж ирж байгаа. Хөрөнгө оруулалт үргэнэ гэхээс илүү доод үнийг нь өөрөө хэл гэдэг боломжийг олгож байгаа юм. Дээд хязгаарыг нь тогтоож өгнө. Нүүрсний хувьд одоогийн байгаа боломжтой үедээ өөрсдөө нүүрсний хэдэн станцуудаа бариад авчихмаар байгаа юм.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

11 : 17
2019-1-25

Чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы өнөөдөр /2019.01.25/-ийн хуралдаан эхэллээ. Хуралдааны өмнө УИХ-ын дарга М.Энхболд өнөөдрийн хэлэлцэх асуудлыг танилцууллаа. Харин энэ үеэр УИХ-ын гишүүд горимын санал гаргасан юм. Тухайлбал,

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

-Нэгэнт хууль хэрэгжээд эхэлсэн учраас асуудлаа яаралтай шийдээд явсан нь дээр байх. Тиймээс яаралтай дэгээр хэлэлцэх горимын саналыг дэмжээд явах нь зүйтэй болов уу. Түүнээс гадна сошиалаар явж байгаа мэдээлэл үнэн, худал нь мэдэгдэхгүй хэрээс хэтэрч байна. Тиймээс цахим бодлогын болон мэдээллийн аюулгүй байдлын хуулиудыг яаралтай хэлэлцэхгүй бол болохгүй байна.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

-Өнөөдрийн хэлэлцэх асуудлаас Ашигт малтмалын тухай хуулийн төслийг хасах саналтай байна. Монголбанкны нэг жилийн алт худалдан авалт 20 тонн байгаа. Гэтэл үүний 70 хүртэлх хувь нь иргэдийн нэр дээр байдаг гэсэн мэдээллийг Монголбанк өгсөн. Гэтэл ашигт малтмалын лиценз аж ахуй нэгж дээр байдаг. Яг нөөцийн дагуу биш хувь хүнээр алтаа тушаалгаж байна гэдэг нь татвараас зайлсхийсэн үйлдэл болоод байгаа юм. Энэ бүхнийг таслан зогсоох, газрын доорх байгалийн баялгаа иргэддээ хүртээх нөхцөлийг бүрдүүлэх хуулийн зохицуулалт хийсний дараа АМНАТ-ийн татварыг 2,5 хувь болгосон дээр болов уу. Хуулийн төслийг дахин хойшлуулж өгөөч гэсэн горимын санал гаргаж байна.

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар:

-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах энэ асуудлыг хэд хэдэн гишүүн ярьж, хариуцсан сайд нь гадаадад томилолттой байгаа учраас хууль буцсан тохиолдолд татвар 0,9 хувь болно гэж тайлбарлаад байна. Ирэх долоо хоног хүртэл хэлэлцэх асуудлаас хойшлуулж өгнө үү.

УИХ-ын дарга М.Энхболд:

-Чуулганы хуралдааныг үргэлжлүүлж хуралдуулах талаар Ерөнхийлөгчөөс албан бичиг ирсэн. Өөрөөр хэлбэл, ээлжит бус чуулганыг хуралдуулах санал ирүүлсэн. Энэ бичгийг хоёр бүлгийн дарга нарт хүргүүлсэн, бүлгээс санал ирвэл асуудлаа шийдээд явах боломжтой юм. Өнөөдөр өглөө УИХ-ын нэр бүхий гишүүд 39 гишүүн гарын үсэг зурсан тогтоолын төслийг өргөн барьсан, би хүлээж аваад Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлсэн. Энэ хуулийг хүчин төгөлдөр болох хугацаа нэгдүгээр сарын 28-нд хэрэгжиж эхлэх заалттай. Энэ асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх саналаа хэлсэн. Би Дэгийн тухай хууль, байнгын хорооны даргатай санал солилцсон тухайгаа хэлсэн. Чуулганы хуралдаан хуралдах бололцоотой өдөр нь Мягмар гариг байгаа учраас 09.00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан байгаа учраас үдээс хойш чуулганы хуралдааныг хуралдуулна гэж ярилцсан. Тиймээс өнөөдөр 13.00 цагт УИХ-ын даргын зөвлөл хуралдаж байна. Өнөөдрийн хуралдааны хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах юм бол Дэгийн тухай хууль зөрчинө. Надад нэг, хоёр хоногийн наана цаана зууралдаагүй, хуулийн дагуу асуудлаа шийдэх нь зөв гэж бодож байгаа юм. Ер нь мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төслүүдийг нэгтгэж, түргэн шийдэхгүй бол Монголын нийгмийн амьдралд сайн ч, саар ч асуудлыг бий болгож байна. Шуурхай анхаарч ажиллаарай. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хасах эсэх талаар горимын саналаар санал хураалт явуулна.

Ингээд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх асуудлаас хасахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж