Баянгол дүүргийн прокурорын газар нь Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурор, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга, Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга нарын хамтран баталсан удирдамжийн дагуу Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 1950, 1960 онуудад баригдсан орон сууцны барилгуудын суурийн болон 1, 2 давхруудад үйл ажиллагаа явуулж буй шингэрүүлсэн шатдаг хий хэрэглэгч хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг шалгав.
Шалгалтанд орон сууцны барилгуудын суурийн болон 1, 2 давхруудад үйл ажиллагаа явуулж буй шингэрүүлсэн шатдаг хий хэрэглэгч нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан 20 аж ахуйн нэгж хамрагдснаас 10 газрыг нь хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд, эсхүл шууд бусаар хор хохирол учруулж болзошгүй, эсхүл учруулж болох нөхцөл байдал үүссэн гэж прокурор үзэж үйл ажиллагааг бүхэлд нь зогсоож шийдвэрлэсэн байна.
Нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа газрууд нь Хийн хангамж барилгын норм ба дүрмийн 42-01-04-ийн 6.29 дүгээр зүйлд заасан: Орон сууцны барилгад хийн зуухыг 2.2 метрээс доошгүй өндөртэй байгалийн гэрэлтүүлэг бүхий агааржуулалтын сорох хоолойтой цонхон салхивчтай гал тогооны өрөөнд байрлуулна гэсэн заалтыг зөрчсөн зөрчлүүд нийтлэг илэрчээ.
Шалгалтын хүрээнд шингэрүүлсэн шатдаг хий нийлүүлэх үйлчилгээг үзүүлдэг “Дашваажил” ХХК, “”Юнигаз” ХХК, “Хийн тулга” ХХК, “Гор газ” ХХК-иудад нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудад шингэрүүлсэн шатдаг хий нийлүүлэхдээ нийгмийн хариуцлагаа ухамсарлан “Хийн хангамж барилгын норм ба дүрмийн 42-01-04”-т заагдсан стандарт журмыг хангасан газарт нийлүүлж байх талаар прокурорын мэдэгдэл хүргүүлсэн байна. Баянгол дүүргийн прокурорын газраас мэдээллээ.