Монголын анхны дугуйт тэшүүрийн талбай “Smoky City”

Хуучирсан мэдээ: 2019.01.25-нд нийтлэгдсэн

Монголын анхны дугуйт тэшүүрийн талбай “Smoky City”

Монголын анхны дугуйт тэшүүрийн талбай “Smoky City”

Улаанбаатар хотын хүүхэд, залуус амралт, чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх газар нэгээр нэмэгджээ. Монголын анхны дугуйт тэшүүрийн талбай  болох “Smoky City” нь Сансрын Е-Март худалдааны төвийн зургадугаар давхарт байрлаж байна. Бид сурвалжлага бэлтгэхээр өчигдөр 17.00 цагийн үед очиход нээлтээ хийгээд  ес хонож байгаа гэхэд залуусын хөлд дарагджээ.

“Smoky City”-ийн ажилчин “Сайн байна уу” гэсээр  угтлаа. Тэрбээр биднийг уг газрыг үүсгэн байгуулсан Г.Булгантамиртай холбож өгсөн юм.

Г.Булгантамир Хятад хэлний багш мэргэжилтэй.  Дугуйт тэшүүрий талбай  нээх санааг дөрвөн жилийн өмнө бодож олж, зургаан сарын өмнөөс шинэ ажилдаа ханцуй шамлан орсноор “Smoky City”-г байгуулжээ.

Хөрөнгө санхүүгийн асуудлаас эхлээд тулгарсан асуудал их бий. Гэхдээ өөрийнхөө сонирхолд хөтлөгдөн мөрөөдлөө бодит болгож чаджээ. Түүнтэй цөөн хором ярилцлаа.

ТАВАН САР ГЭРТЭЭ АЖИЛГҮЙ СУУХ ҮЕЭРЭЭ ЭНЭ ГАЗРЫН ТАЛААР БОДОЖ ЭХЭЛСЭН

Г.Булгантамир

-Таньд анх дугуйт тэшүүрийн талбайг нээх санаа хэрхэн төрсөн бэ?

Залуус мэдэх байх. Гадаадын алдартай одуудын клипэн дээр иймэрхүү газрууд их гардаг. Миний хувьд 3-4 жилийн өмнө дугуйт тэшүүрийн талбай байгуулагдах болов уу гэсэн хүлээлттэй байсан. Тухайн үед  таван сар гэртээ ажилгүй суусан. Тэр үед л энэ газрын талаар бодож эхэлсэн. Нэг ёсондоо өөрийнхөө хийх дуртай, хийхийг хүссэн зүйлээ олсон гэсэн үг.

Би л хийхгүй бол өөр нэгэн хийхгүй юм шиг санагдаж байсан. /инээв/ Дугуйт тэшүүрийн талбайг нээхдээ зургаан сарын хугацаа  зарцуулсан.

Ингэхдээ  хөрөнгө мөнгө босгох, зураг төсөл гаргах,  доторх интерьер   дизайн зэрэг,  тэшүүрүүдээ сайн судалсан.  Энэ газрыг нээсний дараа олон хүн “Би энэ санааг бодож байсан юм. Хийх гэж байсан юм” гэж байсан шүү. Гэхдээ “Би хийчихсэн шүү дээ” гээд л инээгээд өнгөрдөг .

Хөрөнгө мөнгөний асуудал бэрхшээлтэй байсан гэлээ. Тэгвэл энэ асуудлыг хэрхэн шийдэв?

-Банк бус санхүүгийн байгууллагаас зээл аваад үлдсэн мөнгийг найз нөхөд гэр бүлийнхнээсээ ямар ч хүүгүйгээр зээлсэн.

Миний харахад та  яг л тохирсон зөв объектоо сонгосон юм шиг санагдлаа. Энэ газрыг яагаад сонгох болсон талаараа ярихгүй юу?

Дугуйт тэшүүрийн талбайн санаагаа гаргасны дараа зураг төсөл, тэшүүрийн талбай ямар байх талаар судалгаа хийж эхэлсэн. Миний хамгийн анхны орж ирсэн  газар E Март худалдааны төвийн зургадугаар давхар байсан юм.  Анх  үзэхэд ямар ч засваргүй зөвхөн цементэн саарал талбай байлаа. Эндээс гараад өөр хэд, хэдэн талбай сонирхож үзэхэд хэтэрхий олон баганатай, машин зогсоол хомс, эсвэл байршил зэрэг нь гологдоод байсан. Ингээд л эргээд эндээ ирсэн дээ. Ямар ч засвар хийгээгүй байсан учраас өөрийнхөө хүссэнээр талбайгаа засах боломжтой байсан  нь илүү давуу тал болсон.

Гулгахаар ирсэн хүүхэд, залуусын хувьд анх удаа ирж байгаа бол хамгаалалтын хэрэглэгдэхүүнийг заавал өмсөх ёстой. Учир нь талбайд тэшүүрээр гулгах хүүхдүүд унаж байхтай хэд хэдэн удаа таарлаа.

"Smoky City"-гийн ажилтнууд “ Дугуйт тэшүүрээр явах тийм хүнд биш, хөлөө жаахан нугалаад, биеэ сул тавиарай” хэмээн анх удаа дугуйт тэшүүр унаж байгаа хүүхдүүдэд зөвлөгөө өгч байгаа харагдав. Заалны баруун талд толгойны дуулга, тохойны хамгаалалт болон өвдгөвч өрөөстэй байх аж. Гэхдээ залуусын хувьд хамгаалалтын хэрэглэгдэхүүнийг хэрэглэхээс илүү чөлөөтэй байхыг хүсдэг учраас хамгаалалтуудыг  бүгдийг нь зүүдэггүй гэнэ.

Мөн тус газар нь 205 хос дөрвөн дугуйтай, БНХАУ-ын  үйлдвэрээс оруулж ирдэг байна. Нийлүүлэгч нартайгаа харилцахад Г.Булгантамирын Хятад хэл ихээхэн хэрэг болдгийг хэлж байсан юм.  Цаашдаа өдрийн цагаар   харанхуй орчин бүрдүүлэхийн тулд том цонхнуудыг хаах, мөн төрөл бүрийн гэрэл нэмэх аж.

Энд гулгахад нэг цагийн 7000 төгрөг. Хүүхэд 6000 төгрөг. Өөрт таарах тэшүүрээ сонгоод, нэг удаагийн зориулалтын оймс үнэгүй аваад гулгах боломжтой юм.

Гулгаж буй  залуусаас чөлөөт цагаа хаана өнгөрүүлдэг талаар асуухад “Хотод өндөр байшин олноор барьж байгаа нь сайшаалтай ч эргэн тойрны мод бут, цэцэг ногоог үгүй болгож байгаад харамсдаг.

Явган хүний зам ч байхгүй болчихоод, бидэнд хөтлөлцөөд алхах ч газар алга. Залуучууд уулзахдаа, хосууд болзохдоо кафе, паб, бааранд л ордог. Ядаж спорт зааланд тоглоё гэхээр олддоггүй.

Сургуулийн спорт заалуудыг байгууллагууд  гэрээ хийгээд авчихсан байдаг. Чөлөөт цагаа өнгөрөөх газар үнэхээр ховор байдаг байсан. Энэ газрыг нээсэнд баяртай байна” гэж байлаа. Сонирхуулахад, “Smoky City” дугуйт тэшүүрийн талбайн өөр нэг салбар зураг төслийн шатанд яваа аж.

                                                

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж