"Сард 16 тэрбумыг ипотекийн санхүүжилтэд олгож байгаа" | News.MN

"Сард 16 тэрбумыг ипотекийн санхүүжилтэд олгож байгаа"

"Сард 16 тэрбумыг ипотекийн санхүүжилтэд олгож байгаа"

"Сард 16 тэрбумыг ипотекийн санхүүжилтэд олгож байгаа"

Монгол банкнаас өнөөдөр /2019.01.24/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд 2018 оны арванхоёрдугаар сарын статистик мэдээллийг танилцууллаа


2018 онд мөнгөний нийлүүлэлт 23 орчим хувийн өсөлттэй байгаа нь инфляцитай нийцэж байгаа үзүүлэлт аж. Нийт мөнгөний нийлүүлэлтийн 70 орчим хувь нь төгрөгийн хадгаламж, харилцах, 27 хувь нь валютын харилцах хадгаламж байгаа юм. Нийт хадгаламж 18.3 хувиар өссөн бөгөөд иргэдийн хадгаламж 19.6 хувь, байгууллагын хадгаламж 41.1 хувийг гадаад валютын хадгаламж бүрдүүлж байна. Харин арилжааны банкны зээлийн үлдэгдэл өмнө оны мөн үеэс 26 хувь буюу 17.1 их наяд төгрөгт хүрчээ. Үүнээс иргэдийн зээлийн өсөлт 35 хувиар буюу 8.9 их наяд төгрөг, хувийн байгууллагын зээлийн өсөлт 17 хувь буюу 7.9 их наяд төгрөгт тус тус хүрчээ. Мөн хугацаа хэтэрсэн зээлийн 84 хувийг байгууллагын зээл эзэлж байгаа бол чанаргүй зээлийн 85 хувийг мөн адил байгууллагын зээл эзэлж байна.
Арилжааны банкууд арванхоёрдугаар сард 1152 зээлдэгчдэд 100 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосноос 56.2 хувь нь хөтөлбөрийн, 43.8 хувь нь банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл байв. Ипотекийн нийт зээлийн үлдэгдлийн 75 хувь нь хөтөлбөрийн зээл, 22,9 хувь нь банкуудын өөрийн эх үүсвэр, 2.1 хувь нь бусад эх үүсвэрээс олгосон байна. Орон нутгийн ипотекийн зээл 78.2 хувь нь хөтөлбөрийн зээл, 20.9 хувь нь арилжааны банкны эх үүсвэр, 0.9 хувь нь бусад эх үүсвэрээр олгосон байна.

Ийнхүү мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Инфляци 2019 онд тогтвортой байх боломжийг хэрхэн тооцоолж байна вэ. Өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэхээр инфляцийг хөөрөгдөх эрсдэлтэй байдаг шүү дээ?

Монгол банкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа:

-Инфляци улсын хэмжээнд 8.1 хувьтай байгаа. Бид инфляцийн гүйцэтгэлээс гадна төлөвийг харж, бодлогын  шийдвэрээ гаргадаг. Мөнгөний бодлогогын аливаа шийдвэр, бодлогын арга хэмжээ тодорхой хугацааны хоцрогдолтойгоор эдийн засагт бүрэн гардаг. Тэгэхээр өнөөдөр гаргасан шийдвэрийн нөлөөлөл дөрвөөс зургаан сарын дараа гардаг гэдэг. Тэгэхээр хамгийн сүүлд бодлогын хүүг нэмэгдүүлсэн нь олон хүчин зүйлийг харгалзсан. Гадаад, дотоодын эдийн засгийн идэвхжил, инфляци зэргийг тооцож гаргасан. Инфляци нь улирлын шинж, чанартай хэлбэлздэг. Жишээлбэл, мах гэхэд арваннэгдүгээр сараас тавдугаар сар хүртэл нэмэгддэг гэх мэтчилэн улирлын чанартай хэлбэлзэж байдаг. Энэ нь өнгөрсөн 2018 онд ажиглагдаагүй бөгөөд арванхоёрдугаар сараас нэлээд өсөлттэй байгаа. Мөн дотоодын зах зээл дээр борлуулагдаж байгаа шатахууны үнэ, боловсруулсан түлш гэх мэт зүйлүүд нөлөөлж байгаа.

-Төв банк хараат бус шийдвэр гаргахгүй байна гэсэн шүүмжлэл байгаад байна?

-Төв банкны хараат бус байдал нь 50-60 орчим хувь байсан гэсэн дүн гардаг. Төв банкны хараат бус байдлыг шийдэх зорилгоор холбогдох хуулинд өөрчлөлт оруулснаар Мөнгөний бодлогын хүүг нэмэх эсэх шийдвэр хөндлөнгийн гишүүдийн оролцоотойгоор гарч эхэлсэн. Ам.долларын ханшийн өсөлттэй холбоотойгоор олон нийт шүүмжлэлттэй хандаж байгаа ч Төв банк хуулийн хүрээнд төгрөгийн тогтвортой байдлыг хангах үүрэг хүлээж байгаа. Энэ мэт асуудал нь Төв банкны хараат бус байдлыг нэмэгдүүлэх чиглэлд хийгдсэн зүйл гэж бодож байна.

-Валютын ханшийн өсөлт буурахгүй байна. Монголбанк ямар нэг арга хэмжээ авч чадахгүй байна гэсэн шүүмжлэлийг бас хэлээд байгаа?

-Валютын ханшийн өсөлтийн асуудлаар Төв банкийг шүүмжлэх тохиолдол их байдаг. Энэ нь Төв банкны тухай хуулийн 4.1 дэх заалттай зөрчилддөг. Өөрөөр хэлбэл, Төв банк төгрөгийн тогтвортой байдлыг хангах үүрэгтэй гэсэн заалтыг Төв банкны хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа ханшийн өсөлтийг зохицуулна гэж тусгасан боловч хэлэлцүүлгийн явцад дэмжигдээгүй. Энэ заалтыг өөрчилснөөр Төв банкны хараат бус байдлыг багасгах нэг боломж байгаа юм.

-Ипотекийн зээлийг арилжааны банкууд олгохгүй байна. Банк өөрийн харилцагч компанийхаа зээлийг гаргаж өгч байгаа гэсэн мэдээллүүд яваад байна?

Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин:

-Ипотекийн зээлийн тухайд, 2018 онд арванхоёрдугаар сард 1152 зээлдэгчдэд 100 орчим тэрбум төгрөгийн зээл олгосон. 2018 онд найман хувийн хөтөлбөрийн хүрээнд 310 тэрбум төгрөгийн зарцуулахаар тусгасан. Үүний 118 орчим тэрбум төгрөгийг арилжааны банкуудад олгож, өнгөрсөн онд 4676 орон сууц ипотекийн зээлээр борлуулагдсан байгаа. Ипотекийн зээлийн журмыг шинэчилсэнтэй холбоотойгоор  хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хийж байгаа. Монголбанк сар бүр 16 орчим тэрбум төгрөгөөр ипотекийн зээлийн санхүүжилтийг хийдэг. Энэ сард санхүүжилтээ хийсэн. Харин Засгийн газраас олгох энэ сарын санхүүжилт ороогүй байгаа юм.  Үүнээс өмнө шинэ журмыг хэрэгжүүлээд явна гэсэн төлөвлөгөөтэй байна. ОУВС-тай хамтарсан хөтөлбөрийн хүрээнд ипотекийн зээлийн шинэ журмыг зөвшилцөх бас нэг асуудал байгаа.

-Зээлийн хүү бууруулах чиглэлээр Монголбанк ямар нэг арга хэмжээ авч байгаа юу?

Монголбанкнаас 2018 оны арваннэгдүгээр сард зээлийн хүүг бууруулах чиглэлээр холбогдох арга хэмжээ авах, зах зээлийн макро орчныг бүрдүүлсэн арга хэмжээг хэрэгжүүлсний дараа зээлийн хүү буурах боломжтой гэдэг байр суурь илэрхийлж байсан. Одоо ч энэ байр суурин дээрээ хэвээр байгаа. Зээлийн хүү бодлогын хүүгээ дагаж буурдаг, суурь нөхцөлөөс шалтгаалдаг.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-24 202.70.38.18

Шударга төр байна уу? Ард иргэдийг шулан мөлжиж байгаа энэ банк санхүүгийн байгууллага чинь шудрага бус байна. Үнэхээр өөрийн хүссэн чанартай байраа сонгоод 8% авч байгаа нэгэн байхад 9-10 жилийн өмнө байр сонгон 8%-д хамрагдсан зарим ард иргэд хохирол амсаж байна. Тэд байраа зарья гэхэд одоогийнх шиг шинэ байрны үнэ хүрэхгүй, зээл зээлийн хүйнд төлсөн мөнгө нь зээлжсэн мөнгөө төлөөд дахин 2 дахин хүй төлөхөөр болчихоод байна. Энэ нь шудрага бус байна ...

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж