Иргэн Ц.Даваасүрэнгийн аав элэгний хорт хавдар гэсэн оноштойгоор “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн дотрын тасагт эмчлүүлж, улмаар Энэтхэг улсын “BLK” эмнэлгийн эмч нарын тавьсан оношийн дагуу элэг шилжүүлэн суулгах мэс засалд ороод нас баржээ. Энэ тухай ярилцсанаа хүргэе.
-Бидэнд өөрийгөө танилцуулна уу. Та ямар шалтгаанаар манай редакцид хандсан бэ?
-Намайг Ц.Даваасүрэн гэдэг. Миний аав 2018 оны арванхоёрдугаар сарын 3-нд Энэтхэг улсын Нью Дэли хотын “BLK” эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орсон. Гэвч сарын дараа буюу нэгдүгээр сарын 3-нд Энэтхэг улсад таалал төгссөн юм. Ар гэрийн хувьд аавынхаа амь нас болон сэтгэл санаа, эдийн засгийн хувьд маш том хохирол амссан. Тиймээс дахин нэг Монгол гэр бүл Энэтхэг улсын “BLK” эмнэлэгт зуучлуулж, хохирох вий гэсэн үүднээс танай редакцид хандсан юм.
-Аавынх нь хувьд биеийн байдал хэр байсан бэ. Элэг шилжүүлэн суулгах хагалгааг яагаад Энэтхэг улсад хийлгэх болов?
-Манай аав 80 хувийн групптэй, Монголд 2016 онд элэг тайруулах хагалгаанд орж байсан. Тэгээд Монголд элэг шилжүүлэн суулгах боломжгүй учраас аав маань өвчинтэйгөө эвлэрчихсэн, эмчийн хяналтад эмээ уугаад л явж байсан. Аав маань элэгний хорт хавдар гэсэн оноштойгоор хоёр жил гаруй хугацаанд “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн дотрын тасгийн эмч н.Байгалийн хяналтад байсан. Тэгээд өнгөрөгч аравдугаар сарын дундуур аавыг маань “Улаанбаатар Сонгдо” эмнэлгээс дуудаад “Манай эмнэлэгт Энэтхэг улсын “BLK” эмнэлгийн мундаг эмч нар ирсэн байна. Та биеэ үзүүлээч” гэсэн. Бид эмчийг хэлсэн даруйд нь Энэтхэг улсын эмч нарт аавыгаа үзүүлэхэд “Танд элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийх бүрэн боломжтой. Ямар ч асуудалгүй. Та хагалгааны төлбөр болох 43 мянган ам.доллар болон донор болох хүнтэйгээ хүрээд ир. Бид танд шинжилгээ хийж, хавдар нь үсэрхийлсэн эсэхийг шинжилнэ. Хэрвээ элэгний хорт хавдар үсэрхийлээгүй байвал хагалгаа хийхэд ямар ч асуудал байхгүй. Одоо бол танд гурван жилийн нас байна. Та хагалгааны дараагаар 10-15 жил амьдрах боломжтой” гэж хэлсэн. Ингэж хэлээд бидэнд маш том итгэл найдварыг өгсөн. Бид ч урам зориг дүүрэн хагалгааны өдрийг баярын өдөр шиг хоног тоолон хүлээсэн. Тэгээд аав маань өнгөрөгч аравдугаар сарын 29-ны өдөр миний эгч Ц.Уянгатай хамт Энэтхэг улсад очсон. Хагалгаанаас өмнө 21 хоног хагалгааны бэлтгэл ажил хийлгээд, Энэтхэг улсын “BLK” эмнэлэгт арванхоёрдугаар сарын 3-ны өдөр элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэсэн.
-Эмч нар элэг шилжүүлэн суулгах хагалгааны өмнө хагалгааны эрсдлийг хэдэн хувьтай гэж хэлсэн бэ?
-Хагалгаа хийхийн өмнө буюу Монголд байхад “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн зүгээс ч Энэтхэгийн “BLK” эмнэлгийн эмч нар болон зуучлагч “An med impex” байгууллагын захирал Б.Намсрайжав ямар ч эрсдэл яриагүй. Бидэнд “Энэтхэгт маш хурдан хүрээд ир. Тэгэхгүй бол хавдар маш хурдан үсэрхийлэх аюултай” гэж хэлсэн. Бид ч 7-10 хоногийн хугацаанд бүх асуудлаа шийдээд Энэтхэгт очлоо. Гэтэл хагалгааны өмнөх өдөр арванхоёрдугаар сарын 2-нд аав маань бүх шинжилгээ, эмчилгээгээ хийлгэж, бэлэн болсны дараагаар эрсдлийн хурлыг хийсэн. Энэ үед аав маань эмнэлгийн эрчимт тасагт, эгч маань энгийн тасагт байсан. Тэгээд биднийг тусгай эмнэлгийн хувцастайгаар камертай эрчимт эмчилгээний тасагт эмч нар хуралдаж, хагалгаа 85 хувийн амжилттай болох магадлалтай, 15 хувийн эрсдэлтэй гэдгийг хэлсэн. Харин донорт хоёр хувийн эрсдэлтэй гэсэн. Өмнө нь донорт гарах эрсдлийг ярихад бид хүлээн зөвшөөрсөн. Харин өвчтөнд гарах эрсдлийг огт ярилгүй хагалгааны өмнөх өдөр л хэлсэн юм. Бид аль хэдийнэ онгоцны тийз, байрлах газар, эмнэлгийн төлбөрөө тушаачихсан учраас хурлын үеэр ар гэрийнхнээр нь гарын үсэг л зуруулах юм болсон. Бидэнд ямар ч муу зүйл болно гэсэн бодол үнэхээр байгаагүй. Гэтэл хагалгааны дараа арванхоёрдугаар сарын 4-нд аавыг маань эмч нар “Дотуур цус алдаад, цус бөглөрөөд байна” гэсэн шалтгаанаар дахин хагалгаанд оруулсан.
-Хоёр удаагийн хагалгааны дараа аавынх нь биеийн байдал хэр байв. Эмч нар нь ямар тайлбар өгч байсан бэ?
-Хагалгааны дараа манай аав ухаан орсон. Долоо хоногийн хугацаанд эрүүл хүн шиг надтай яриад, хоол ундаа идээд, алхаад явж байсан. Гэтэл 10 хоногийн дараагаас гэнэт эмч нар “Элэгний ховхрол гэсэн шинж илэрлээ” гэж хэлсэн. Тэгээд элэгний ховхролын эсрэг эмчилгээ хийх явцад гурван хоногийн хугацаанд аав маань ямар ч ухаангүй болчихсон. Аав маань ухаангүй гуурсаар хооллодог болсон. Өөрөө амьсгалж чадахгүй аппаратаар амьсгалж, бөөр нь ямар ч ажиллагаагүй болсон. Эмч нар “Элэгний ховхролын эсрэг маш хүчтэй эмчилгээ хийсэн учраас бөөр нь ажиллагаагүй болсон. Мөн цусанд нь халдвар орчихлоо” гэж тайлбарласан. Эмнэлгийн халдваргүйжүүлэлт хийсэн орчинд яагаад манай аавын цусанд халдвар орсон бэ гэсэн том эргэлзээ үүссэн. Тэр үедээ эмч нараас асуухад “Эмнэлгийн ойлгомжгүй хэллэгээр угаасаа ингэдэг юм. Эрчимт тасагт 10 гаруй хоног хэвтэхээр дархлаагүй болсон учраас цусанд нь халдвар ордог юм” гэж тайлбарласан.
Өмнө нь хагалгааны эрсдлийн хурлаар эмч нар нь “Эмнэлгийн эрчимт тасагт байхад элэгний ховхрол явагдах нь ямар ч асуудалгүй. Харин та нар Монголдоо очсон үедээ эм тангаа тогтмол уугаагүй, дэглэмээ сайн барилгүй элэгний ховхрол үүсвэл ямар ч боломжгүй” гэдгийг анхааруулж хэлж байсан. Гэтэл эмнэлгийн эрчимт тасагт байхад элэгний ховхрол үүсээд, аавын маань эрхтний тогтолцоо нь нэг нэгээрээ ажиллагаагүй болж , цусанд нь халдвар ороод ямар ч ухаангүй цус харавчихсан байсан.
Ээж маань аавыг нас барахаас тав хоногийн өмнө нүдийг нь нээж харахад нүдэнд нь том цус хурчихсан байсан. Тэгээд эмч нарт нь хэлж, үзүүлж байж MRI аппаратад орсон чинь “Аль хэдийнэ тархинд нь нэг том голомттой нэлээд хэдэн цус харвалт үүссэн байна. Одоо эмчилгээг нь зогсоох уу” гэж асуусан. Бид эмчилгээг нь зогсоохыг зөвшөөрөөгүй ч шөнө нь миний аав нас барсан юм. /уйлав/
-Энэтхэг улсын “BLK” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өөр Монгол хүн байсан уу?
-Энэтхэг улсын “BLK” эмнэлэгт эмчлүүлж байгаад нас барсан Монгол хүний дөрөв дэх нь манай аав юм билээ. Хэрвээ өмнө нь хохирсон монголчууд үүнийг хэлж байсан бол магадгүй манай гэр бүл тэр эмнэлгийг сонгохгүй ч байсан юм бил үү. Хэдий миний аавын нас барсны 49 хоног нь өнгөрөөгүй ч энэ талаар олон нийтэд ярих шаардлагатай гэж үзсэн юм. Хоёрдугаарт, манай гэр бүл зуучлагч байгууллагад гомдолтой байгаа. Энэтхэг улсын онгоцны буудал дээр буусан цагаас эхлэн биднийг мартчихсан. Манай ээжийг онгоцны буудал дээр буухад нэрийг нь барьсан хүн тосно гэсэн боловч ямар ч хүн тосоогүй. Бид бага зэргийн англи хэлтэй тулдаа л таксинд сууж, эмнэлгээ олж очсон. Манай аавыг ч гэсэн тухтай зочид буудалд буулгана гэчихээд бохир заваан буудалд буулгаад “Өө андуурсан байна” гэж тайлбарласан. Тэр үед орчуулагч нь хүртэл ярихдаа “Монголоос сайхан сайхан юм ярьчихаад, хүмүүсийг хямдхан зочид буудалд буулгаад байдаг юм” гэж хэлсэн. Бас “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн н.Байгаль эмч ч биднийг мартчихсан. Аавын маань биеийн байдал маш хүнд болоод, эмнэлгээс гаргаж өгсөн өвчтөний дүгнэлтийг н.Байгаль эмч рүү явуулсан. Гэтэл н.Байгаль эмч ямар ч хариуцлагагүйгээр “Наад хүн чинь үхэх нь тодорхой болчихжээ” гэж явуулсан зурвас нь одоо ч нүдэнд харагдаж байна.
-Монголдоо ирээд зуучлагч байгууллагатайгаа холбогдсон уу?
-Миний аав нас барахад Энэтхэгийн “BLK” эмнэлгээс шарилыг нь өгөхгүй гэсэн. Яагаад гэсэн чинь багц үйлчилгээний 43 мянган ам.доллараас гадна том эрсдэл гарч, цус сэлбэн суулгасан, ийм ийм эмчилгээ хийсэн. Тиймээс 36 мянга 500 ам.долларын нэмэлт төлбөр гарсан байна гэсэн. Бидний хувьд аавыгаа хагалгаанд оруулахын тулд бүх зүйлээ зарсан. Гэвч 43 мянган ам.долларын төлбөрөө төлөөд, аавыгаа алуулсан юм шиг санагдаж байна. Энэ төлбөрийн талаар хагалгаанд орохын өмнө Энэтхэгийн эмч нар болон зуучлагч байгууллагын зүгээс ганц ч үг хэлээгүй. Гэтэл бид аавынхаа амь насаар хохирчихоод байхад ийм их мөнгө нэхэмжилж, шарилыг нь өгөхгүй гэсэн. Бид хоёр хоног эмнэлгийн удирдлагаас бүхий л аргаар гуйж аавынхаа шарилыг авахад “Шарилыг нь авсан ч манай эмнэлэгт өртэй шүү” гэж хэлсэн. Тэр үед хуулийн зөвлөхөөс зөвлөгөө авахад “Аавынхаа шарилыг биеэр нь авч явбал өр төлбөрийг нь нэхээд шарилыг нь гацаана. Тиймээс шарилыг нь чандарлаж авч явахаас өөр аргагүй” гэсэн. Бид аавынхаа шарилыг чандарлаж, эх орондоо авч ирсэн. Манай гэр бүл сэтгэл санаа болон эдийн засгийн маш их хохирлыг амссан учраас дахин өөр нэгэн Монгол гэр бүл бүү хохироосой гэж хүсэж байна. Энэ хүсэлтээ ч Эрүүл мэндийн яам, Гадаад харилцааны яаманд хандаж, өргөдөл гаргасан. Гэвч одоо хүртэл Энэтхэг улсын “BLK” эмнэлэгт Монголоос элэгний өвчтэй хүмүүс ирсээр л байсан. Би тэр үед эмнэлэгт байсан учраас хоёр ч Монгол хүнийг ятгаж явуулсан.
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ
Холбоотой мэдээ