БНХАУ-ын хэсэг эрдэмтэд био-анагаахын судалгаа явуулах зорилгоор нойргүйдэх эмгэгтэй /нойргүйдлийн үе шат саатах эмгэг/ генийн өөрчлөлтөд оруулсан макак төрлийн сармагчнаас таван сармагчинг хувилан гаргаснаа өчигдөр /2019.01.23/ танилцуулжээ.
Тус улсын Шинжлэх ухааны академийн харьяа Неврологийн институтад дээрх таван сармагчин мэндэлсэн гэнэ. Мөн олон нийтэд танилцуулахаас өмнө Англи хэл дээр хэвлэгдэн гардаг шинжлэх ухааны “National Science Review” сэтгүүлд энэхүү судалгааны ажлын талаар хоёр нийтлэл гарсан байна. Судалгааны ажлыг ОУ-ын амьтан судлалын стандартын дагуу Неврологийн институтын ёс зүйн хороогоор хянан шалгуулсны үндсэн дээр хийсэн байна.
Хятад улс хамгийн анх 2017 онд сармагчинг хувилж байжээ.
Нойргүйдлийн үе шат саатах эмгэг нь чихрийн шижин, сэтгэл гутрал, хорт хавдар, нойргүйдэл, мэдрэлийн өвчнүүд, хорт хавдар зэрэг түгээмэл өвчнүүдийн шалтгаан болдог ажээ. Сармагчин нь хүний биеийн бүтэцтэй илүү ойр учир энэ төрлийн судалгаа үр дүнтэй болоход тустай гэж үзжээ. Өмнө нь хулгана, ялаа зэрэг амьтад дээр туршилт хийж байсан ч хүний бие махбодиос ихээхэн ялгаатай бүтэцтэй тул судалгаа төдийлөн амжилттай болдоггүй байсан байна.
Судалгааны багийнхны дараагийн төлөвлөгөө нь тархины өвчтэй сармагчинг хувилж гаргах юм байна. Ингэснээр эмийн үйлчлэлийг судлах, анагаахын туршилтад ашиглах амьтдын тоог бууруулах, эм тариа хөгжүүлэлтийн салбарын зардлыг танах зэрэг олон ач холбогдолтой гэжээ.
Эх сурвалж:XINHUA