Оросууд Монгол эмч нараас туршлага судалжээ

Хуучирсан мэдээ: 2019.01.24-нд нийтлэгдсэн

Оросууд Монгол эмч нараас туршлага судалжээ

Оросууд Монгол эмч нараас туршлага судалжээ

Хавдар судлалын үндэсний төвийн хамт олон өчигдөр /2019.01.23/ элэг шилжүүлэн суулгах ес дэх мэс заслаа хийсэн. Тус төвийн захирал Ж.Чинбүрэнгээр ахлуулсан мэс заслын багийнхан нийт 47 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан байна. Мэс засал 17 цагийн турш үргэлжилсний эцэст амжилттай дуусчээ. Манай мэс засалчдаас ОХУ-ын Эрхүү хотын Хавдар судлалын мэс заслын эмч нар туршлага судлахаар ирсэн байна.

Үүний зэрэгцээ, Хавдар судлалын үндэсний төвд өнөөдөр /2019.01.24/ “Элэг шилжүүлэн суулгах мэс заслын хөтөлбөр” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлж, олон улсын эмч нарын нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Энэтхэгийн “Jaipee” эмнэлгийн мэс заслын эмч Абхидээп Чаудхари болон Хавдар судлалын үндэсний төвийн мэс заслын багийн эмч нар оролцож, мэдээлэл солилцсон юм.

Монгол Улсад элэгний С, В вирус өндөр тархалттай байдаг. Иргэд өвдсөн үедээ биш өвдөхөөсөө өмнө шинжилгээ өгч, вакцинжуулалтад хамрагдан, гэр бүлийнхнээ мөн вакцинжуулалтад хамруулснаар энэ өвчний тархалтыг бууруулах бүрэн боломжтой гэдгийг эмч нар зөвлөж байв.  Манай мэс засалчид дотооддоо элэг шилжүүлэн суулгах хагалгааг олон улсын түвшинд хийдэг болсон тул иргэдийг өндөр өртгөөр гаднын оронд эмчлүүлэхээр явах шаардлагагүй болсон гэдгийг Хавдар судлалын үндэсний төвийн Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн их эмч, Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч Р.Мөнхбат онцолсон юм. Тэгвэл Энэтхэгийн “Jaipee” эмнэлгийн мэс заслын эмч Абхидээп Чаудхари “Монголчууд элэгний өвчлөлийг хожуу үед нь мэдэж, оройтсон үед нь эмчлүүлэхээр зөвлөгөө авахаар хандаж байна” гэдгийг тодотгов.

                                            ОХУ-ЫН ЭМЧ НАР МОНГОЛ ЭМЧ НАРААС ТУРШЛАГА СУДАЛЖ БАЙНА 

ХСҮТ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч Р.МӨНХБАТ: 

“Саяхныг хүртэл Монгол Улсад элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийх боломжгүй байсан бол бид АНУ, Өмнөд Солонгос, Энэтхэг улстай хамтран ажиллаж, туршлага судалсны үр дүнд дотооддоо энэ төрлийн мэс заслыг олон улсын түвшинд хийдэг боллоо. Манай эрүүл мэндийн байгууллага, эмч нар Өмнөд Солонгосын “Самсунг” эмнэлэгт ашигладаг тоног төхөөрөмжөөр, мэргэжлийн өндөр түвшинд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийж байгаа. Нэгэн үе бид ОХУ-аас суралцдаг байсан бол өнөөдөр хойд хөршийн эмч нар биднээс суралцаж эхэллээ. ОХУ-ын Эрхүү хотын Хавдар судлалын үндэсний төв мэс заслын тасаг байгуулах бэлтгэл ажлын хүрээнд газар зүй, хэл соёлоороо дөт Монгол Улсад туршлага солилцохоор ажиллаж байна. Тус төвийн 11 эмч Монголд ирж, мэс заслын үеэр туршлага судаллаа. Гэтэл дотооддоо элэг болон эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг хийдэг болсон байхад иргэд гаднын орныг зорьж, өндөр өртгөөр эмчлүүлж байна. Харь оронд өндөр үнээр мэс засалд орлоо гээд бүрэн эдгэхгүй. Насан туршдаа эм ууж, дархлаагаа дэмжих шаардлагатай болдог. Энэ болгонд гаднын орныг зорино гэж байхгүй. Монголд өнөөдөр Халхын голын дайнд амь насаа алдсанаас ч илүү хүн элэгний хатуурлаар нас барж байна. Энэ нь иргэдийн эрүүл мэндийн боловсрол муу, гэр бүлээ тэжээхийн тулд өөрийгөө үл хайхардаг, ядуурал, нийгэм, эдийн засгийн байдалтай шууд холбоотой. Элэгний С, В вирусийг устгах боломжтой болсон ч D вирусийн эсрэг, үүнийг эмчлэх эм дэлхий нийтэд одоогоор гараагүй байна. Элэгний вирусийг эмчлэхгүй явсаар удвал хатуурал болж, мэс засалд орохоос өөр аргагүй болно. Иргэд өвчний эрт шатандаа оношлуулбал энэ өвчнөөс бүрэн сэргийлэх боломжтой .

МОНГОЛЧУУД ӨВЧНӨӨ ХОЖУУ ҮЕД НЬ ОНОШЛУУЛЖ БАЙНА

Энэтхэгийн “Jaipee” эмнэлгийн мэс заслын эмч АБХИДЭЭП ЧАУДХАРИ: 

Бид 2015 оноос эхлэн Хавдар судлалын үндэсний төвтэй хамтран ажиллаж байна. Монгол эмч нар манай эмнэлэгт дадлага хийж, мэс заслын туршлага судалж байсан үетэй харьцуулбал Монгол эмч нарын ур чадвар илүү сайжирч, мэргэжлийн өндөр түвшинд хүрсэн гэдгийг өчигдөр болсон элэг шилжүүлэн суулгах мэс заслын үеэр харлаа. Монголд өнөөдөр элэгний вирусийн халдвар маш өндөр тархацтай байна. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэд элэгний С, В вирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдах ёстой. Мөн гэр бүлийнхнээ ч бас энэ вакцинд хамруулж, эрт шатанд нь оношлуулж, эмчилгээ хийлгэснээр элэгний өвчлөл, түүний шалтгаант нас баралт буурах бүрэн боломжтой. Хавдар судлалын үндэсний төвд ирсэн хүмүүсийн дийлэнх нь элэгний хатуурал болсон, B,D вирустэй, хожуу үедээ оношлогдсон хүмүүс зөвлөгөө авахаар ирж байна. Гэвч өвчний хожуу үед элэг шилжүүлэн суулгах мэс засалд орохоос өөр арга байхгүй.

Хавдар судлалын үндэсний төвд жилд 2000-2500 хүн хавдар гэсэн оноштой ирдэг байдаг. Тэдний 80 хувь нь өвчний хожуу үе шат буюу элэгний хатуурал болсон үедээ эмчилгээ авахаар ханддаг байна. Харамсалтай нь оношлогдсон хүмүүсээс дунджаар 1500 хүн энэ өвчнөөр хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг аж. Тус төвд энэ сарын 22-25-ны өдөр хүртэл нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулах бөгөөд энэ үеэр иргэд үнэ төлбөргүй шинжилгээ өгч, зөвлөгөө авах боломжтой юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж