“УУР АМЬСГАЛЫН НОГООН САН”-ГААС $500 ОРЧИМ САЯЫН ХЭД ХЭДЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Монгол Улс 2017 оны байдлаар жилд 34 сая тонн хүлэмжийн хий ялгаруулж байна. Бусад улс орныг бодоход Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд өртөхөд хамгийн эмзэг хэсэгт багтдаг. Дэлхий даяар дулаарлыг жилд 1.5 хэмээс хэтрүүлэхгүй байх зорилт тавьж байхад манай улс дахь дулаарлын хэмжээ 2.5 хэмээс давсан. Цас, бороо зэрэг байгалийн үзэгдэл улирлаа дагахаа больж, хэт халах эсвэл огцом хүйтрэх болсон нь цаг уурын өөрчлөлтийн дохио. Мөн дэлхий дахинд мөнх цаст оргилууд хайлж, далайн усны түвшин нэмэгдэж байгаа учир арлын орнууд живэх, устах аюул ирсний нотолгоо гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс сэргийлэх парисын хэлэлцээрт оруулах Монгол Улсын хувь нэмрийг тодорхойлох арга хэмжээг БОАЖЯ-наас зохион байгуулав.
Монгол Улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлаа 14 хувиар бууруулах зорилт тавьжээ. Үүний тулд уур амьсгалын өөрчлөлтөөс бэлчээрээ хамгаалах нь хамгийн чухал зорилт аж. Энэ нь малынхаа тоо, толгойг бууруулж, тооноос илүү чанарт анхаарна гэсэн үг.
Мөн ногоон бодлогыг дэмжих хүрээнд “уур амьсгалын ногоон сан”-гаас 500 орчим сая ам.долларын хэд хэдэн төсөл хэрэгжүүлэхээр болсны нэг нь 10 мянган айлын ногоон орон сууц барих төсөл юм. Төслийг олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжүүлэх аж.
Түүнээс гадна хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад сэргээгдэх эрчим хүч чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ хүрээнд нарны цахилгаан станц барих төслийг Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд хэрэгжүүлсэн нь амжилттай болжээ.
МОНГОЛ УЛС 2030 ОН ГЭХЭД ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРЛАА 14 ХУВИАР БУУРУУЛНА
Цаашид эрчим хүчний салбарт энерги үйлдвэрлэх болон дулаан алдагдлыг бууруулах зэрэг ажил хийхээр төлөвлөсөн байна.
Манай улсын хувьд нийгэм, эдийн засгийн салбар аль аль нь байгалийн нөөц ашигладаг. Хүлэмжийн хий нэмэгдэхэд эрчим хүчний салбар 60 хувь, хөдөө аж ахуйн салбар 40 хувийг эзэлж байсан юм. Харин сэргээгдэх эрчим хүчийг дэмжсэнээр тус салбараас шалтгаалан нэмэгдэж буй хүлэмжийн хий 10 хувиар буурсан гэж БОАЖЯ-ны уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Х.Батжаргал хэлэв.
Харин хүлэмжийн хийг бууруулахад нөлөөллөөрөө хөдөө аж ахуйн салбар ухарснаас дээрх үзүүлэлт 10 хувиар өссөн байна.
Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ
Холбоотой мэдээ