АНУ, Хятадын худалдааны маргаан хэлэлцүүлгийн гол сэдэв болж байна

Хуучирсан мэдээ: 2019.01.24-нд нийтлэгдсэн

АНУ, Хятадын худалдааны маргаан хэлэлцүүлгийн гол сэдэв болж байна

АНУ, Хятадын худалдааны маргаан хэлэлцүүлгийн гол сэдэв болж байна

АНУ дахь Хятадын хөрөнгө оруулалт 87 хувиар буурсан

Энэ өдрүүдэд дэлхийн хамгийн халуун цэг болж буй альпын өндөрлөгт цугласан эрхмүүдийн анхаарлын төвд буй сэдэв нь яалт ч үгүй АНУ, Хятадын хооронд өрнөж буй худалдааны маргаан болж байна. Тиймээс ч оролцогчдын амнаас гарсан худалдааны маргаантай холбоотой үг, утга бүрийг хэвлэлүүд өлгөн авч байна. Худалдааны маргаанаас болж Apple компани энэ оны борлуулалтын төлөвлөгөөгөө бууруулаад байгаа бол Хятадын технологийн компаниудын байдал ч хүнд байгаа аж.

Худалдааны маргаан цаашид технологийн компаниудад бүр ч хүнд тусаж, их хохирол учруулж тун болзошгүйг технологийн аварга Huawei компанийн дэд захирал Кэн Ху дэлхийн эдийн засгийн чуулганы салбар хуралдаанд оролцох үеэрээ анхааруулжээ. Тэрбээр хөдөлгөөнт интернэтийн 5G технологи танилцуулах үеэрээ “Технологийн салбар бол дэлхийн нийлүүлэлтийн гинжин хэлхээ, инновацын экосистемээс бүхэлдээ хамаардаг. Тийм ч учраас бид хамгийн их хохирол амсаж байна. Технологийн өөр олон компани ийм хүнд байдалд орж байгаа” гэжээ.

Ноён Ху 5G технологи одоогоор 10 орчим улсад нэвтэрсэн бөгөөд ирэх нэг жилд багтаж дахин 20-иод оронд нэвтрүүлэхээр төлөвлөж буйгаа хуваалцсан юм. Мөн ирэх зунаас 5G-гийн ухаалаг утас худалдаанд гаргахаар бэлтгэж буй аж. 5G-гийн тусламжтай хөлбөмбөгийн тэмцээнийг дэргэдээс нь үзэж буй мэт мэдрэмж авахын зэрэгцээ, HD киног хэдхэн секундэд ухаалаг төхөөрөмждөө татаж авах боломжтой. Ноён Ху “5G технологи бэлэн болсон. Нэвтрээд эхэлсэн. Ухаалаг үйлдвэрлэл, автомашин болон зайны мэс засал гээд олон салбарт  энэ технологи эн тэнцүү боломж олгоно. Харамсалтай нь үүнийг нэвтрүүлэх ажилд АНУ-ын зүгээс багагүй саад учруулж байна. Австрали, Шинэ Зеланд улс гэхэд манай компанийн хөгжүүлсэн хөдөлгөөнт интернэтийн дараагийн үеийг нэвтрүүлэхийг хориглосон” гэжээ. Одоогийн нөхцөл байдлыг дүгнэвэл цаг үе технологийн салбарт улам цөвүүн болж магадгүй аж. Тиймээс ч Хятадын компаниуд ямар ч өөрчлөлтөд одоо ч, цаашид ч бэлэн байгааг Ху ярьжээ.

Дэлхийн хоёр том эдийн засгийн хооронд өрнөж буй худалдааны маргааны улмаас 2018 онд Хятадын Умард Америк, Европ дахь шууд хөрөнгө оруулалт эрс буурсан бөгөөд автомашин үйлдвэрлэл, үл хөдлөх, санхүүгийн үйлчилгээ, мэдээлэл технологийн салбар хамгийн их өртжээ. Зөвхөн 2018 онд гэхэд АНУ дахь Хятадын хөрөнгө оруулалт 83 хувиар огцом саарсан. Европт ч ялгаагүй. Аль ч салбар нь Хятадын нийт хөрөнгө оруулалтын 20 хувийг татаж чадаагүй аж.

Давосын дээд хэмжээний чуулганд хятадын компаниудыг төлөөлөн суугаа захирлууд ч худалдааны зөрчлийн сүүдрээс эмээж буйгаа илэрхийлжээ. Хятадын төрийн өмчит газрын тос, байгалийн хийн Sinopec компанийн тэргүүн Нин Гаонины хэлж буйгаар компаниуд гадаад зах зээлийн хөрөнгө оруулалтаа бууруулж эхэлжээ. “Компаниуд маш тодорхойгүй байдалд орчихоод байна. Хэдийгээр өөр улс оронд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой ч одоо цаг нь биш гэдгийг компаниуд ойлгосон” хэмээн тэрбээр ярьжээ. Хятадын хөрөнгө оруулалтыг илүүтэй татдаг Европ, Хойд Америкийн компаниуд улс төр болон зохицуулалтын шинэ орчинд дасан зохицохоор чармайж байгааг хэвлэлүүд онцолж байна.

“БИД СҮҮЛЧИЙН БАРРЕЛЬ ГАЗРЫН ТОСЫГ Ч ОЛБОРЛОНО"

Дэлхийн эдийн засгийн 49 дэх удаагийн чуулган цэвэр эрчим хүч, байгальд ээлтэй технологийн шийдлүүдийг дэмжих, хүн төрөлхтний хөгжилд нэвтрүүлэх маш том, нөлөө бүхий талбар. Гэтэл дэлхийн бүх орон олборлох түлшнээс татгалзсан ч Саудын Араб газрын тос олборлогч сүүлчийн улс байна гэдгээ илэрхийлээд амжив. Вант улсын төрийн өмчит газрын тосны Saudi Aramco-ийн гүйцэтгэх захирал Амин Нассер CNN сувгийн хөгжиж буй зах зээлүүд дэх бизнесийн эдитор Жон Дэфтериост өгсөн ярилцлагадаа цэвэр эрчим хүчний хэрэглээ эрс нэмэгдсэн ч цаашдын өөрчлөлтөд огт санаа зовох шаардлагагүйг хэлсэн байна. Ирээдүйд газрын тос дэлхийн эрчим хүчний тун багахан хэсгийг эзэлнэ. Гэсэн ч эрэлт өснө гэж Саудын Араб үзэж буй аж. Амин Нассер “Ирэх 10 жилд, цаашлаад 2040 онд ч газрын тосны эрэлт өснө. Бид хамгийн хямд өртөгтэй олборлогч. Газрын тосны хамгийн сүүлчийн баррелийг ч энэ л бүсээс олборлоно” гэжээ.

ЭМИЙН ҮНИЙГ ТАТВАРЫН АРГААР ХӨНГӨЛӨХИЙГ САНАЛ БОЛГОВ

Давосын чуулганд оролцсон бизнесийн бас нэг нөлөө бүхий эрхэм бол Билл Гейтс. Тэрбээр энэ удаа ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом болон GAVI буюу дархлаажуулалт, вакцинжуулалтын холбооны дэд тэргүүн Нгози Окондоивеала нарын хамт дэлхий дахинд тулгамдаад буй эрүүл мэндийн үйлчилгээний санхүүжилтэд шинэ гарц олох салбар хэлэлцүүлэгт панелистаар оролцсон байна. Microsoft болон Bill&Melinda Gates нарын санг үүсгэн байгуулагч Билл Гейтс орчин үеийн анагаах ухаан, эм үйлдвэрлэл хүртээмжгүй байгааг шүүмжилжээ. Тэрбээр бага орлоготой орнуудын 10-аас доош насны хүүхдүүдийг вакцинжуулах чухал ач холбогдолтой гээд, “татварын тусламжтай эмийн үнэд зохицуулалт хийх замаар эрүүл мэндийн үйлчилгээ, эмийн хүртээмжийг сайжруулах боломжтой” талаар санал бодлоо хуваалцсан байна.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж