УДЭТ-ын захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуутай Дэлхийн театрын өдрөөр уулзаж, ярилцлаа.
-Дэлхийн театрын өдрийн баярын мэндийг дэвшүүлье. Энэ өдөр танай театр ямар арга хэмжээ зохион байгуулах гэж байна?
–Дэлхийн театрын өдрийг хүн төрөлхтөн 1961 оноос тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Харин манай улс 1991 оноос энэ өдрийг тэмдэглэдэг уламжлал тогтсон. Энэ өдрийг тохиолдуулж, ажил мэргэжил, зорилго, жаргал зовлон нэгтэй үе үеийн уран бүтээлчид, театр урлагийн зүтгэлтнүүд, театрт элэгтэй байгууллага, хувь хүмүүс, халуун алга ташилтаараа үргэлж бидэнд урам өгдөг үзэгчдэдээ олон улсын театрын өдрийн баярын мэнд дэвшүүлж байна. Энэ өдөр манай театрын тайзнаа Алдарт “Парисын Дарь Эхийн сүм” жүжиг тоглолоо. Энэ жил олон улсын театрын өдрийг тохиолдуулан манай хамт олон ирэх сарын 22-ныг хүртэл Сонгодог жүжгийн өдрүүдийг зохион байгуулж байна.
-Энэ өдрийн онцлог, гол зорилго нь юу вэ?
-Энэ өдөр нь театрын урлагаар дамжуулж, энх тайван, эв нэгдэл, найрамдал нөхөрлөлийг бэлгэдсэн баяр юм. Мөн залуу уран бүтээлчдээ дэмжих, тэднийг чадавхжуулах, алдаа оноогоо ярилцах зэрэг театрын урлагтай холбоотой бүх асуудаар санал бодлоо солилцох өдөр гэж ойлгож болно. Үүнээс гадна дэлхийн хэмжээнд тухайн жилдээ нэрд гарч буй нэг уран бүтээлч театрын урлагийнхандаа уриа дэвшүүлж, захидал илгээдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд Польшийн уран бүтээлч, найруулагч хүн захидал илгээж байгаа юм билээ.
-Дэлхийн театрын өдөр гэхээр манай үзэгчид “Гэгээн Муза” наадмаар л төсөөлдөг?
-Энэ жил театрынхаа урын санг ямар бүтээлээр арвижуулах вэ. Шинэ жүжгүүд тавихаар төлөвлөж байгаа гэж сонссон?
–Манай театр 2015 онд хоёр шинэ бүтээл тавьж, хуучин бүтээлээс нэгийг сэргээн тоглохоор төлөвлөсөн юм. 1990-ээд оны сүүлчээр тоглож байсан Б.Лхагвасүрэн гуайн зохиол “Үгүйлэгдсэн хайр” жүжгийг шинэчлэн, сэргээж тоглохоор бэлтгэлдээ орсон. Ирэх сарын сүүлчээр үзэгчдийн хүртээл болно.
Мөн “Үнэний хаан Будда” жүжгийн төслийг хэрэгжүүлэхээр яаманд санал тавьсан боловч санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжгүй гэсэн учир дараа жил тавихаар хойшлуулаа. Харин бүх цаг үеийн хүүхэд залуусын зүрх сэтгэлийг дуудлага болсон У.Шекспирийн “Ромео, Жульетта” жүжгийг тайзны бүтээл болгохоор төлөвлөн бэлтгэл ажил хийж байна.
-Аливаа уран бүтээл хийхэд санхүүгийн асуудал тулгардаг. Энэ жүжиг хэр хэмжээний төсвөөр бүтэх бол?
-Эхний тооцоогоор 200 гаруй сая төгрөг хэрэгтэй гэж гарсан. Сонгодог урлагийг санхүүжүүлдэг хөтөлбөр байдаг. Эндээс санхүүгийн дэмжлэг үзүүлэх байх. Бид төсөл хөтөлбөрөө бэлэн болгосон.
-Өнгөрсөн жил тусдаа яамтай байсан. Харамсалтай нь энэ жил татан буугдчихлаа. Энэ нь танай театрт хэрхэн нөлөөлж байна?
-Соёлын бодлогыг төрөөс зайлшгүй зохицуулах ёстой. Нэгэнт ард түмэнд соёлын эрэлт хэрэгцээ байгаа л бол үүнд төр зайлшгүй анхаарах ёстой. Соёл гэсэн үгээр эхэлсэн яамтай хоёр жил ажиллаад татан буугдлаа.
Харамсаж л байна. Гэхдээ бид ямар ч яамтай байсан төрийн зүгээс бодлого зохицуулалтаа хийгээд, дэмжлэгээ үзүүлээд, бид хийх ёстой ажлаа хийгээд л явах ёстой. Шинэ БСШУЯ-тайгаа бид хамтран ажиллаж байгаа.
-Ирэх сараас аялан тоглолтоор явна гэсэн үү?
-Бид жил бүр хөдөө орон нутгаар аялан тоглолтоор явдаг. Энэ жил ч ялгаагүй явахаар төлөвлөөд байна. Манай ахмад уран бүтээлчид хөнжил гудсаа аваад, том машины дэвшин дээр суугаад орон нутгаар явдаг байсан тухай олон дурсамж ярьдаг. 1990 оноос янз бүрийн шалтгаанаар 10 гаруй жил аялан тоглолтын үйл ажиллагаа зогсонги байдалд орсон.
Бид 2002 оноос энэ үйл ажиллагааг сэргээж “УДЭТ-ын аялан тоглолт”-ыг 10 гаруй жил хөдөө орон нутагт амжилттай зохион байгуулж байна. Жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт зайлшгүй тусгагддаг. Хөдөө орон нутгийн иргэдийн талархлыг хүлээсэн сайхан ажил болдог юм.
Энэ туршлага дээрээ тулгуурлан манай хамт олон энэ жил Хавар, Намар хоёр удаа хөдөө орон нутагт аялан тоглолт зохион байгуулахаар төлөвлөсөн. Хаврынх нь дөрөвдүгээр сарын сүүлч, тавдугаар сарын эхээр Эрдэнэт, Дархан, Сэлэнгэ аймгуудаар, харин намрынхыг есдүгээр сард Баянхонгор, Өвөрхангай аймгаар явахаар төлөвлөсөн.
-Орон нутгаас гадна театрын хувьд гадаад харилцаа хэр байна?
– Цахим ертөнцөөс гадаадад болж буй театр урлагийн талаарх мэдээллийг байнга авдаг. Театрын гадаад харилцааны нэг гол асуудал нь театр урлагийн чиглэлээр гадны улс орнуудад зохион байгууллагддаг фестиваль, наадмуудад оролцох байдаг юм.
Харин хөрөнгө санхүүгийн боломжгүйгээс шалтгаалан тэр бүр явж чадахгүй байна. Энэ жил манай театрынхан хоёр ч наадамд оролцохоор төсөл, хөтөлбөрөө боловсруулж санал, хүсэлтээ хүргүүлсэн, хариуг нь хүлээж байна.
Гадны улс оронд зохион байгуулагдаж буй наадам фестивалиудад манай уран бүтээлчид амжилттай оролцдог. Гадныхан мөнгөтэй, бид авьяастай. Манай уран бүтээлчид дэлхийн хаана ч гологдохооргүй авьяас, ур чадвартай гэж би ам бардам хэлнэ.
Ч.ГАНТУЛГА
Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин