Хятад гаралтай Австралийн иргэн Ян Хэнжун гэгчийг БНХАУ-д баривчилж, хорьсон тухай Австралийн Засгийн газраас мэдээлжээ.
Хятадын дипломат байсан Ян Хэнжун нь өдгөө 53 настай бөгөөд тэтгэвэрт гарсныхаа дараа иргэншлээ сольж, Австралийн иргэн болсон байна. Тэрбээр тагнуулын тухай ном, зохиол бичдэг, хувийн блогтой, твиттертээ 13 мянга орчим дагагчтай бөгөөд Хятадын төр засгийг ихээр шүүмжлэн бичдэг байв.
Түүнийг өнгөрөгч Бямба гаригт /2019.01.19/ Нью-Йоркоос Гуанжоуд ирснээс хойш гэр бүлийнхэн нь холбоо тасарсан байна.
Австралийн Гадаад харилцаа, худалдааны яам өчигдөр /2019.01.23/ Бээжингийн эрх баригчдаас Ян Хэнжуныг хорих болсон шалтгааныг тайлбарлах, мөн түүнтэй уулзуулах тухай хүсэлт тавьжээ.
Ян Хэнжун өнгөрөгч арванхоёрдугаар сарын 30-нд өөрийн блогтоо, “Барууны улс орнуудын хууль, эдийн засаг, нийгмийн тогтолцоонд маш их цоорхой байдаг бөгөөд Хятадууд үүнийг байнга ашиглаж, ашиг хонжоо олж байдаг” хэмээн бичиж байв. Түүнчлэн арванхоёрдугаар сарын 18-нд “Хятадын өөрчлөлт шинэчлэлт, нээлттэй хаалганы бодлого нь либерал мэт харагддаг боловч үнэн хэрэгтээ үг хэлэх эрх чөлөөг боомилж байдаг” хэмээн бичсэн аж. БНХАУ-ын дарга Си Жиньпинийг 2012 онд төрийн эрхэнд гарснаас хойш тус улсад олон мянган хуульч болон идэвхтнүүд баривчлагдаж, шоронд хоригдсон байна.
Хятадын технологийн “Huawei” компанийн санхүү хариуцсан захирал мэн Вэнжоуг Канадад АНУ-ын хүсэлтээр баривчилснаас хойш Хятад болон барууны улс орнуудын харилцаанд таагүй уур амьсгал бий болоод байгаа билээ. Мэн Ванжоуг баривчлагдсаны дараа Хятадад Канадын олон хүн баривчлагдаж, хар тамхины хэрэгт холбогдсон нэг нь Хятадад цаазын ял сонссон билээ.
Түүнийг баривчлагдсаныг өөрийн бичсэн ном, нийтлэл болон блог, твиттер хуудсандаа ХКН-ыг шүүмжилж бичсэнтэй холбоотой хэмээн ойр дотнынхон нь үзэж байгаа аж. Ян Хэнжуны дотнын хүн болох Сиднейн технологийн их сургуулийн профессор Фэн Чон И “түүнийг Хятадын албаны хүмүүс Гуанжоугийн онгоцны буудлаас угтаж аваад, Бээжин рүү авч явсан байх хэмээн таамаглаж байна” гэв.
Түүнийг баривчилсан явдал нь Австралийн Батлан хамгаалахын сайд Кристофер Пайн Бээжинд айлчилж байгаатай давхцаж байна.
Эх сурвалж: Ройтерс
Холбоотой мэдээ