Хохирогчдын ар гэрийнхэнд мөнгө тусламж үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2015.03.28-нд нийтлэгдсэн

Хохирогчдын ар гэрийнхэнд мөнгө тусламж үзүүлнэ

 

Францын нутаг дэвсгэрт Альпын нуруунд осолдсон “Airbus 320” онгоцны зорчигчдын ар гэрийнхэнд Германы “Germanwings” авиа компани мөнгө тусламж үзүүлэхээ мэдэгджээ. Тус компани хохирогч нэг бүрийн гэр бүлд урьдчилсан байдлаар 50 мянга хүртэлх еврогийн мөнгөн тусламж үзүүлэх гэнэ. Энэ нь онгоцны осолтой холбоотой хохирогчдын гэр бүлд хуулийн дагуу олгогдох нөхөн төлбөрөөс тусдаа мөнгөн тусламж гэдгийг албаныхан онцолжээ.

 

Агаарын тээврийн хуулийн дагуу “Germanwings” компанийн толгой групп “Lufthansa” хохирогчдын гэр бүлд тодорхой хэмжээний нөхөн төлбөр олгох ёстой юм. Европын хамгийн том авиа компани “Lufthansa” 10-30 сая еврог хохирогчдын ар гэрийнхний нөхөн олговорт зарцуулах байх хэмээн Берлин их сургуулийн профессор Элмар Жимулла “Rheinische Post” сонинд ярьжээ. 1999 онд баталсан Монтреалын конвенцид агаарын тээврийн компани онгоцны ослоор амь үрэгдсэн зорчигч тус бүрийн гэр бүлд дээд тал нь 143 мянган еврогийн нөхөн олговор олгохоор тусгасан байдаг аж.

 

Үүний зэрэгцээ хоёрдугаар нисгэгч санаатайгаар онгоцыг осолдуулсан байсан ч энэ нь авиа компанийн зорчигчдын ар гэрийнхэнд олгох нөхөн олговорт нөлөөлөхгүй гэдгийг даатгалын мэргэжилтнүүд мэдэгджээ.

 

Эх сурвалж: Agence-France Presse

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж