Сьерра-Леоне гурав хоног хөл хорьжээ

Хуучирсан мэдээ: 2015.03.28-нд нийтлэгдсэн

Сьерра-Леоне гурав хоног хөл хорьжээ

 

Баруун Африкийн Сьерра-Леоне улс Эбола вирусын халдвараас бүрэн ангижирахын тулд эцсийн арга хэмжээг авч байна. Эболагийн халдварын тархалтыг зогсоохын тулд Сьерра-Леоне улсын  засгийн газраас гурав хоногийн хөл хорио тогтоожээ. Ингэснээр тус улсын зургаан сая хүн гурав хоног гэрээсээ гарах эрхгүй болсон аж. Хөл хорио тогтоосны дараа цэрэг, цагдаагийн эргүүлийг эс тооцвол гудамж, талбай эзгүйрчээ.

 

Баруун Африкт Эбола вирусын халдвар гарснаас хойш жил гарангийн хугацаа өнгөрч байна. Энэ хооронд зөвхөн Сьерра-Леоне улсад 12 мянган хүн Эбола вирусын халдвараар өвчилсөн аж. Гэхдээ сүүлийн долоо хоногт халдварын тархалт буурч, 33 шинэ тохиолдол бүртгэгджээ. Харин Гвиней улсад халдварын тархалт эргээд өсч эхэлсэн бол Либерид Эболатай сүүлийн өвчтөн баасан гаригт /III.27/ нас барсан аж. Баруун Африкт тархсан Эбола вирус 10 мянга гаруй хүний амийг авчээ.

Эх сурвалж: Associated Press

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж