Санамсаргүй зүйлс зарим үед санаанд тод үлдэж, олон олон бодлын гогцоо болон сэтгэлийг гогдож, тэрүүхэн зууртаа төдийгүй өдөр хоногоор асуулт ээрч, сэтгэл сэмлэх нь бий. Яг л ийм тохиолыг алгын чинээхэн номын хуудас эргүүлээд олсон минь саяхны ховор тохиол. Хаа нэгтээ шинэ содон номын бэлэг баринтаглаж, заавал унших ёстой номын тоог нэгээр нэмж, уншсан эсэхийг минь асууж чангаадаг Соёлын гавьяат зүтгэлтэн Бямбын Ерэнтэй ахын маань бэлэг ийн сэтгэл гижигдсэн нь тэр ээ. “As the rock grow” буюу уйгаржин монгол бичгээр “Чулуу ургах шиг би” хэмээн таталган бичсэн уг номын хэмжээс ердөө л гарын алганаас томгүй.
Төдийгөөс өдий хүртэл дам сургаар танилцаж, эрхэм найзынх нь ёсчлон өгүүлдгээс номын зохиогчийн тухай “Энгүүн том” гэдэг тодорхойлолт сэтгэлдээ зурснаас өөрөөр утга зохиолын дээд шагнал гардуулах “Алтан өд”-ийг хоёронтоо хоймороо залсан Ойдовын Содномпил хэмээх эрхэмтэй уулзаж, ярилцсан нь үгүй. Зөөлөн хийгээд зөвийн тухай тодорхойлолтыг эрж хайвал ихийг олно доо хэмээн далд утгаар нь сурталчлан таниулсан Б.Ерэнтэй ахын үг одоо бодох нь ээ, үнэний ортой төдийгүй үнэн үг хэмээн санагдах. Ийн алс холгүй ажиллаж, амьдрах атлаа дам сургаар таньж мэдсэн О.Содномпил гуайн дээрх номын хуудсыг эргүүлж суухдаа жаахан бүдүүлгээр зүйрлэх нь ээ яг л нэг цадсан мэт мэдрэмжид дөрлүүлсэн яруу найргийн бүтээлийг уншигч танд ярилцлага, хүүрнэлээсээ урьтаад хүргэе.
Мөнгийг үрэв үү? Үрлээ
Хүнийг танив уу?
Танилаа
Одоо яамаар байна
Зугтмаар байна…
Энэ дөрвөн мөрийг шүлэг, яруу найраг хэмээн тодотгон нэрийдэхээс илүүтэй хүний амьдрал, сайн, муу мөн чанарыг туулан, дайран гарч буй та бидний сэтгэлийн бодит эрэл хайгуулын тайлал гэлтэй. Магадгүй зохиолч, яруу найрагч О.Содномпилийн хэлсэн “Дэлхийн утга зохиолын хөгжлийг харах нь ээ, яруу найраг философи хоёр нийлчихээд байна” гэдэг дүгнэлтийг өөрийнх нь бүтээлд нааж орхимоор. Тийм нэг гүн гүнзгий гайхалтай мэдрэмж. Бүхэл бүтэн роман уншиж дуусах эс бол жинхэнэ сайн кино үзээд дууссаны дараа төрдөг бүрэн гүйцэд мэдрэмж.
Ийм сэтгэгдлийг авах нь орчин цагийн уншигч бидэнд ховорхон болсны дээр магадгүй дэлхийн нэр хүндтэй зохиолчид л ингэж бичвэл, эсвэл Монголын алдар суутай яруу найрагчдын бүтээлээс л эрж үзвэл үнэтэй, хүндтэй санагддаг байж болох. Гэтэл үүний цаана эгэл даруухан яруу найрагчид, ихийг бодож, энгийнээр бичсэн зохиолчдын зохиол бүтээлийг хэр үнэлж, хүндэлдэг билээ хэмээн яах аргагүй бодогдох. Ийм бодох зууртаа Японы орчин үеийн утга зохиолын онцгой төлөөллийн нэг болох Харуки Муракамигийн алдартай ишлэлүүдийг орчуулагч М.Сугар-Эрдэнэ орчуулсан байсныг саналаа. Тэрхүү ишлэлүүдээс олзуурхаж уншсан, бас магадгүй Харуки Муракамагийн “Норвегийн ой” романыг уншсанаас ч илүү богино хугацаанд сэтгэл гогдсон ишлэл бол “Тэнгисийг удаан харахаар уйдаад хүмүүстэй уулзмаар санагддаг. Харин хүмүүстэй удаан байхаар тэнгисийг санаад эхэлдэг” хэмээх ишлэл. Нэг нь хүний амьдралын эрээн бараан, ганцаардлын цаадхи өөрийгөө танин мэдэх хүслийг тэнгисээр илэрхийлсэн байхад нөгөө талд өнгө, мөнгөөр зүйрлэсэн дотоод ертөнцийг танин мэдэх, мэдсэн тухай нэг л дүрслэл.
Аа, харин зугтах, зугтаахын тухайд түүнээс дээрх бүтээлийнх нь тухай лавшруулан
-Одоо яамаар байна. Зугтмаар байна гэхээр танд хааяа зугтаамаар санагдах юм уу хэмээн асуухад
-Ер нь зугтана шүү. Хүн ер нь аливаа зүйлийн мөн чанарыг мэдээд ирэхээр ганцаараа байх их дуртай болж ирдэг. Би өөрөө их ганцаардсан хүн. Тэр маань надад жаргалтай байдаг. Баяр ёслол болоход хүмүүс баярлаад байдаг бол би ганцаараа баймаар санагддаг. Өөрийгөө хуниад ирэхээр хаяа бас өөрийгөө ойлгохгүй болно. Бурхан биднийг төгс биш бүтээсэн учраас маш их сул тал бий. Тэр болгоныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Амьтан байсан учраас хүнд унаган зэрлэг чанар, муу чанар тээгдсээр л байгаа. Үүнийг үгүйсгэж болохгүй. Найз нөхдийнхөө мөн чанарыг мэдчихээр би аяндаа больчихдог. Мэдээж муулахгүй. Гэхдээ зайгаа барьдаг даа гэнэ билээ.
Харин зүйрлэл, адилтгал, чимэглэл, хэтрүүлэг гэх мэт уран зохиол, яруу найргийн уламжлалт, тэр дундаа дорнын сэтгэлгээн дээр тулгуурласан будагтай, чамирхалтай яруу найраг буюу шүлэглэсэн уран зохиолын төрөл зүйлийн тухайд О.Содномпил найрагч “Яруу найраг бол хэмнэл, уран сайхан үг, тодотголтой байх нь бий. Оюун санаа чинь зуу, зуун жилээр хөгжиж ирсээр өнөөдөр худлаа үг, илүү тодотгол бараг хэрэггүй болчихсон. Барууны зохиолуудыг харсан ч тэр. Дорныхон бол ахуйгаасаа авахуулаад өнгөтэй, хээ угалзаар гоёж, чимэглэх нь их байдаг учраас өөр л дөө. Ер нь бол уран зохиол, яруу найраг философи хоёр нийлчихээд байна. Утга зохиол судлаачид өөрсдөө философи судлаачид болчихоод байна. Би гэхдээ 2-3-хан л яруу найргийн ном гаргасан. Түүндээ амьдралд байдаг хэрнээ хэлж чадаагүй тэр зүйлийг хэлэх ёстой юм болов уу гэж бодсон доо” хэмээж байлаа. Гэхдээ хоёр, гуравхан ном гэж яг үнэндээ тэрбээр өөрөө л голоод байгаа болохоос бус “Ондоо шүлгүүд” номоороо “Алтан өд” шагнал хүртэж байсныг нь орхигдуулж боломгүй.
Чулуу ургах шиг би
Чимээгүйхэн ургасан
Чулуу ургах шиг би
Их удаан ургасан
Чулуу ургах шиг би
Хэнд ч харагдахгүй ургасан
Чулуу унах шиг… 1990 онд бичсэн энэ шүлэг нь дээр хэлсэнчлэн түүний яруу найргийн мөн чанар болох хүнийг таньж мэдэхийн тухай гүн ухааны утга агууламжтай. Энгийнээр харвал хүний л мөн чанар. Гэхдээ утга зохиолд нэг сонирхолтой харшилдаан, зөрчилдөөн байдаг нь уран бүтээлч хийгээд уран бүтээлийн хоорондын үл зохицолдоон. Яагаад ч юм та бид хэн нэгэн алдар суутай яруу найрагчид, дуучдыг харахаараа яг л дуу шигээ, шүлэг шигээ сайн, сайхан хүмүүс гэж итгэдэг. Гэтэл эцсийн бүлэгт өчүүхэн жижиг илрэл, зөрчлөөс тэрхүү сайн, сайхны ард нуугдаж үлдсэн үнэн буюу муу муухай илэрч, тэр хэрээр та бидний нөгөө их хүнийг тойрсон итгэл үнэмшлэл, хүндлэл хөсөр ойчих нь бий. Энэ тухай тодруулахаар тавьсан
-Утга зохиол яах аргагүй хүний мөн чанарыг тойрч эргэлддэг. Гэхдээ зарим уран бүтээлчдийн намтар түүх, амьдралын хэмнэл, хандлагын тухай уншихаар философи заримдаа эзнээ таниагүй юм шиг санагддаг. Өөрөөр хэлбэл, уран бүтээлээсээ ангид амьдардаг, бүр бичиж туурвисан туйлын үнэнийхээ эсрэг амьдарсан, одоо ч тэгж амьдардаг уран бүтээлчид байдаг шүү дээ гэсэн асуултыг дагаад бидний хооронд багахан яриа өрнөснийг түүвэрлээд хүргэхэд багагүй сонирхолтой. Хариултыг нь анхааралд тань хүргэх зорилгоор үргэлжлүүлэн хүргэхэд
-Үнэн, үнэн. Философи нь эзнээ таниагүй гэдэг их сонин үг байна шүү. Ер нь эцсийн эцэст хүн чанар юм даа. Гайхалтай авьяастай хүмүүс хамгийн хүн чанаргүй, бүр хүлээн зөвшөөрөхгүй байхын аргагүй байх нь бий. Үүнд их гайхна. Тиймээс ч хаяа уулзаж ярилцдаг залуустаа “Зарим хүнтэй битгий уулз. Зөвхөн зохиолыг нь л унш. Зохиол бүтээлээр нь хэмжүүр тавьсан бол тэр хэмжүүрээ унагахгүйн тулд зохиолчоос нь дөлж яв” гэж хэлдэг юм. Яг үнэндээ зохиол шигээ хүн их ховор шүү. Өөрөөр хэлбэл, хүнээс нь бус зохиолоос нь суралц гэж үүнийг хэлээд байгаа юм. Тэгэхгүй бол эргээд хүлээлтээс нь огт өөр араншин гаргаад ирэхээр юм таньж мэдэж амжаагүй залуу үе, залуус гутрах, гуних магадлалтай байхгүй юу. Нэг хэсэг би “Үндэсний шуудан” сонины “Амралтын шуудан” гээд хавсралт сонинд залууст хэрэг болох юм болов уу гэж бодоод дэлхийн том зохиолчдын намтар, танилцуулгыг цувралаар хэвлүүлсэн. Яг үнэндээ сүүлдээ өөрөө бас их гайхаад эргэлзээнд орчихсон шүү.
-Яагаад?
-Нэг л их мундаг том зохиолчид байгаад байдаг. Яг намтар, амьдралынх нь түүхийг харахаар нэг бол гэр бүлийн тогтворгүй байдал ихтэй, эсвэл амиа хорлосон, архинд орсон байх жишээний. Их сонин санагддаг юм билээ. Ийм том хүмүүс чинь ийм байдаг юмуу гэж бодохоор хэцүү. Тэгэхээр оршихуй гэдэг их өөр зүйл болж таараад байгаа юм л даа.
-Та өөрөө тэгвэл хэвийн хүн мөн үү?
-За даа, бараг хэвийн биш ч байж магадгүй шүү. Өөрөө мэдэхгүйгээр бусдад муу юм хийсэн байж болох юм. Гэхдээ найз нөхдийнхөө хувьд би их үнэнч хүн. Хар багаасаа найзалж нөхөрлөсөн нөхөрлөлдөө даа ялангуяа үнэнч байхсан гэж хичээдэг.
-Яруу найрагчидтай нөхөрлөж байв уу?
-Цөөхөн дөө. Жирийн хүмүүс чинь их гоё. Дунд сургуулийнхан, хөдөөний найзууд маань их сайхан. Цаанаа нэг өег дулаан гэдэг тийм сайхан сэтгэл энгийн хүмүүсээс л гардаг санагддаг юм.
Ийн ярилцах үедээ түүний эмхлэн хэвлүүлсэн “ЮМ” буюу “Монголын орчин үеийн яруу найраг” хэмээх номын нэгдүгээр цувралыг сөхөж харж суулаа. Гэхдээ Б.Ерэнтэй ахын өгсөн бэлэг бэлгийн дээдийн нэг байсан учраас аль хэдийнэ уншсан тухайгаа, орчин цагийн шилээвэр яруу найрагчдыг түүний сайн дүүс байдаг болов уу гэсэн гэнэн сэтгэлээр “Та “Юм” цувралд бүтээл нь орсон яруу найрагчидтайгаа хэр дотно вэ хэмээн асуухад
-Үгүй дээ, цөөн хэдтэй нь уулзаж, ярилцаж байсан байх. Өөрөөр бол шүлэг, яруу найргийг нь би хүндэтгэн үздэгээс цаашгүй дээ хэмээх юм. Тэгсэн атлаа “Сонет хэмээх шүлгийн чанд мөрдөх бүтэц, бадаглалын өвөрмөц хэлбэр бий. Тиймээс ч “хатуу чанад” хэмээх итали үгээс гаралтай юм. Угтаа арван дөрвөн мөрт шүлэг юм. Энэ антологи арван дөрвөн яруу найрагчийн бүтээлээс бүрдэнэ. Сүүлийн хэдэн жил шүлгийн ном “борооны дараах мөөг” битгий хэл борооны үй түмэн дуслууд шиг олширсон үед сонголт их чухал болжээ. Сонголт гэдэг үнэлэмжээс хамаатай болой. Монголын орчин үеийн яруу найргийн энэ антологи маань үргэлжлэлтэй болохыг дурдах нь зохилтой” хэмээгээд Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аюурзана болоод яруу найрагч Ц.Батбаатар, Л.Өлзийтөгс, Ж.Бүрэнтогтох, Б.Одгэрэл, Б.Эрдэнэсолонго нарын 14 найрагчийн бүтээлийг орчин үеийн шилээвэр яруу найргийн тоонд багтаан дээрх номоо хэвлүүлсэн байдаг юм. Ертөнцийн өнгө хийгээд үнэнийг өөр өөрийн яруу найргийн хэлээр гэхдээ ер бусын энгийн тансагаар өгүүлсэн тэдгээр яруу найрагчдыг сонсголонгийн бус уншлагын ухаанаар тайлж мэддэг уншигчдын хувьд тэд дор бүрнээ эчнээ танил. Гэхдээ энэ нь “Болор цом” яруу найргийн сонсголонгийн сайхныг ор тас үгүйсгэсэн хэрэг бус бөгөөд нөгөө л “яруу найраг бол философи юм” гэдэг О.Содномпил судлаачийн үнэлэмжид дүйцэж төрсөн ном гэдгийг тодотгох хэрэгтэй. Тиймээс ч энэ тухай тэрбээр
-Орчин үеийн залуусын яруу найргийн бүтээлүүд дэлхийн уран зохиолын хэмжүүрээс дутахааргүй байгаа. Яг л хөл нийлүүлээд явж байна. Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аюурзаныг яаж дутуу байна гэж хэлэх юм. Түүний дэлхийн утга зохиолын шилдэгүүдийг багтаасан цувралууд байна. Олон зуун залуусыг дэлхийн утга зохиолтой танилцуулж, оюуных нь цар хүрээг тэлсэн гайхамшигтай сайхан бүтээлүүд. “Тагтаа”, “Непко”, “Интерном”-ын хамт олон байна. Монголчуудын оюуны сан хөмрөгт оруулж буй асар том хувь нэмрийг нь яасан ч дутуу үнэлж болохгүй.
Ийн Монголын оюуны сан хөмрөгт үнэтэй хувь нэмэр оруулж буй хамт олныг онцлон нэрлэхтэй нь зэрэгцэн өөрөөс нь тодруулж, асуух ёстой бүр өргөн сайшаахгүй байхын аргагүй нэг сэдэв урган гарсан нь мөн л “Алтан өд” шагналыг түүнд авчирсан “Утга зохиол шинжлэл судлал” хэмээх цуврал номууд. Өдгөө эхний 25 цуврал нь хэвлэгдэж, их удалгүй 26 дахь цувралаа өлгийдөн авахад бэлэн болчихоод буй уг бүтээлүүдээ тэрбээр ердөө л гурван жилийн өмнөөс буюу 2016 оноос эхлэн хэвлүүлсэн. “Жойс”, “Пруст”, “Кафка”, “Набоков” гээд дэлхийн алдартай зохиолчдын намтар, уран бүтээл болон судлалаар эхлүүлсэн цуврал ном нь өдгөө “С.Энхбаярын орчуулга”, “До.Цэнджавын шинжлэл”, “Го.Аким “Дуун хөрвүүлэг”, “С.Хөвсгөл “Монгол жүжиг”, “Н.Берковкий “Германы романтизм”, “Ч.Чимэгбаатар “Б.Ринчений уран зохиолын яруу найруулгын учир” сүүлдээ “Кино шинжлэл”, “Домог судлалын толи”, “Театр шинжлэл”, “Хүүхдийн зохиолын шинжлэл” гээд утга зохиолын дагнасан төрөл зүйлээр хэвлэгдэх болсон. Зөвхөн 2017 онд гэхэд 12 цуврал номыг санаачилж, редакторлож хэвлүүлсэн бол 2018 онд энэ тоо нь 13 болж нэгээр өссөн. Мэдээж энэ оны тухайд тэрбээр дараагийн шинэ номын төлөвлөгөөгөө гаргачихсан чимээгүй ганцаардаж, чимээгүй бодол болж, чимээгүй номоо хэвлүүлэх эрэл хайгуулдаа гарчихсан яваа нь мэдээж. Хамгийн сонирхолтой нь тэрбээр энэ бүх номынхоо зардлыг өөрөө олж, өөрөө хэвлүүлдэг. Ингэхдээ ном тус бүрийн эхийг бэлтгэж, хэвлэлтэд өгсөн уран бүтээлч, орчуулагч, судлаач шүүмжлэгчдийн ажлын хөлсийг нь ч яг таг боддог гэж байгаа. Ингэж том зориг гарган, үл цуцан хэвлүүлж буй тухайгаа тэрбээр харин
-Олзуурхууштай нь, миний энэ хэвлэн гаргаж байгаа судлал, шүүмжлэлийн цуврал номуудыг залуус маань их сайн мэддэг болсон байна лээ. Номын дэлгүүрээр борлуулая гэхээр 30 хувь үнэ нь нэмэгддэг болохоор гар дээрээсээ, ерөнхийдөө захиалгын дагуу борлуулчихад ашиг олохгүй ч зардлаа яг мухарлаад дуусчихдаг болсонд их баяртай байгаа. Гол нь би энэ бүхнээсээ маш их кайф авдаг. Анзаараад байхад авч уншдаг хүмүүс маань бас их кайф аваад байна уу гэж бодоод байгаа.
-Яагаад та өөрөө энэ ачааг үүрэх ёстой гэж боддог юм бэ гэхэд
-Яагаад гэдгийг хариулахад жаахан хэцүү юм. Гол нь би өөрийгөө л гаргах үүрэгтэй, ёстой гээд бодчихсон байх. Ер нь бодсон л доо. Яагаад гэхээр манайд уран зохиолыг, утга зохиолыг үнэлэх үнэлэмж их доогуур байна. Утга зохиол өөрөө судлал шинжлэлгүйгээр хөгжинө гэж байхгүй. Үүнд өөрийнхөө хувь нэмрийг чадлаараа оруулахыг хүссэн. Залуучууд их уншиж байна. Номын дэлгүүрт тавьж борлуулдаггүй. 30 хувийг авдаг болохоор жигтэйхэн үнэтэй болчихдог. Одоо бол утасдаад авдаг болсон байна. Судлаач, утга зохиол шимтэн сонирхогчид маш сайн мэддэг болсон. Анх мэргэжлийн түвшинд хэрэгтэй юм гэж бодсон чинь сүүлдээ философийн ангийнхан их сонирхдог болсон байна. Хэл чинь философийн их том ухагдахуун болсон учраас хэл, философийн чиглэлийнхэн их авна. Бас ч гэж их урамтай ажил шүү. Жишээ нь, “Кино шинжлэл” номоо борлуулалт хэр байх бол гэж харсан чинь тун давгүй борлуулагдаж байх жишээний.
Манай киноныхон бүгдээрээ л бараг авлаа. Ринчен судлаач Ц.Цэрэнгийн олон жилийн өмнө бичсэн ч нийтлүүлж амжаагүй байсан “Домог судлалын толь” номыг “Утга зохиолын судлал, шинжлэл” цувралаараа хэвлүүлсэн. Грекийн домог яг сайн мэдэхгүй хүн уншихаар толгой эргэмээр эд. Тэгэхэд энэ номыг уншаад, дүрийн танилцуулга, бэлгэдлийг нь мэдчихээр уншигчдад их амар болох жишээний. Үгүй ядах нь ээ л, холливудын ихэнх кинонууд домгийн дүрийг дагаж бүтээгдэж байна аа даа. Тэгэхээр кино сонирхогчдод хүртэл мэдлэг өгөх ном болж чадаад байгаа юм. Ингээд бодохоор энэ номнуудыг гаргаж байгаадаа өөртөө маш их сэтгэл хангалуун, залуусын хэлдгээр жинхэнэ утгаараа кайф авч чадаад байна гэсэн үг л дээ… гэсэн нь яах аргагүй хий хоосон үг биш.
Тэр дундаа, ОХУ сүүлийн жилүүдэд үндэснийхээ буюу Оросын утга зохиолыг арван жилийнхээ сурагчдад уртасгасан буюу олон цагаар заах болсонд хаа байсан Монголын зохиолч, яруу найрагч талархаад сууж байна гээд бод л доо. Өөрийнх нь хэлснээр уран зохиол, утга зохиол гэдэг дэлхийн аль ч улс орны иргэн, хэний ч хүүхэд байсан хамаагүй нөхөрлөж л байвал хачин жигтэй сайхан эд болохоор тэрбээр оросын сурагчдын өмнөөс хүртэл ийн баярлаад байгаа хэрэг. Мөн тэрбээр “Оюун ухааны хөгжлийг нэмэхийн зэрэгцээ сэтгэлийн царааг тэлдэг агуу өв соёл хэдий ч утга зохиолын хувьд өөрийн уншигч хэрэгтэй. Тэр уншигчийг бэлтгэнэ гэдэг зохиолч төрөх шиг л том ажил. Цаг хугацаа он жил хэрэгтэй…” хэмээснээр бидний ярилцлага өндөрлөв.
Үнэхээр ч ийн хэлсэнчлэн тэрбээр өдгөө ирээдүйн уншигчийг, тэр дундаа чанартай, чансаатай уншигч, утга зохиолын төлөө гэсэн боловсролтой, мэдлэгтэй уран бүтээлчдийг бэлтгэхээр цуврал номынхоо дараагийн шинэ бүтээлийг өлгийдөн авахаар яваа. Угтаа энэ нь хувь уран бүтээлч, хувь иргэний зорилго бус төрийн, цаашлаад салбар яамны анхдагч том зорилт байх учиртай хэмээн ярилцлагын агшин зуурт бодогдож суусан гэдгийг нуух хэрэггүй болов уу. Утга зохиолын ард танин мэдэхийн зэрэгцээ сэтгэлийн боловсрол, сэтгэлийн гэгээ дагаж явдаг хэмээн итгэдэг хүн бүрийн хувьд энэ бол яах аргагүй сануулах ёстой сэдэл. Тиймээс ч “Утга зохиолын судлал шинжлэл” цувралынх нь 25 дугаар цуврал буюу Ч.Чимэдбаатарын “Б.Ринчений уран зохиолын яруу найруулгын учир” номын хуудаснаа “Үгийн өвгөн утгын таяг тулмой” хэмээн бичсэн байдагчлан Монголын утга зохиол төдийгүй монгол хүн бүрийн утга зохиолд шадарлах, тэр мэдрэмж, үнэлэмж нь мэдлэгтэй, тулгууртай байг хэмээн ерөөе.
Ойдовын Содномпил хэмээх эрхмийн эрхэм үйл бүрийн ар хуудаснаа “Номын төлөө ном тулмой” гэж бичиглэн хэвлэвэл зохилтой ажээ. Утга зохиолын төлөө утгын сувд түүгч Танд зориулав.!