Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр /2019-01-24/ Мөрдөн байцаах албаны хурлын танхимд эхэллээ. Зөвлөгөөнийг нээж Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч цагдаагийн хурандаа С.Баатаржав үг хэллээ. Тэрээр:
"Монгол төрийн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын эрхэм удирдах ажилтнууд Та бүхний энэ өдрийн амрыг эрье. Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн 2018 онд хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүрэг, дэвшүүлсэн зорилтоо зохих түвшинд биелүүлж ажиллаа.
Бидэнд ажлын ололт, амжилт байгаа ч үйл ажиллагаандаа дүгнэлт хийж, засч залруулах асуудлууд ч цөөнгүй байна. Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын албад, нэгжүүдийн ажил жигд биш, харилцан адилгүй байгаа нь тухайн ажил хариуцсан удирдах ажилтны зохион байгуулах арга барил, ажлын хариуцлагатай шууд холбоотой.
Удирдах ажилтан Та бид үүрэг хариуцлагаа гүнээ ухамсарлахгүй байх, аливаад сэтгэл хөөрөл, баримжаагаар хандах, зөрчил дутагдалд хэт дасах, эвлэрэх явдлаас ангид байж, эрхэлсэн ажилдаа эзэн нь болж, хуульч ажиллагааг хэвшүүлэх явдлыг тууштай баримтлан ажиллах шаардлагатай. Энэхүү шаардлага нь Цагдаагийн ерөнхий газрын удирдах бүрэлдэхүүнээс эхлэн энд цугларсан Та бүхэнд хамааралтай гэдгийг онцлон анхааруулъя.
Энэ удаагийн сургалт, зөвлөгөөнөөр Та бүхэнд удирдлагын арга барилыг хэрхэн хөгжүүлэх, манлайлал, ёс зүйг дээшлүүлэх чиглэлээр сургалт, мэдээ, мэдээлэл хүргэж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн зорилттой уялдуулан, цагдаагийн төв байгууллагаас цаашид баримтлах бодлого, үйл ажиллагааны талаар үүрэг чиглэл өгөх арга хэмжээ хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдана. Та бүхнийг сургалт, зөвлөгөөний бүхий л арга хэмжээнд идэвхтэй, ажил хэрэгчээр оролцохыг хүсч байна" гэж хэллээ.
Зөвлөгөөнд 140 гаруй удирдах албан тушаалтан оролцож, 2019.01.25 нийг хүртэл үргэлжилнэ.
Эх сурвалж: ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР
Холбоотой мэдээ