“Тамга барьж байгаа дарга бүхэн өөрийгөө шүдгүй арслан гэж хэлдэг болсон”

Хуучирсан мэдээ: 2019.01.24-нд нийтлэгдсэн

Live“Тамга барьж байгаа дарга бүхэн өөрийгөө шүдгүй арслан гэж хэлдэг болсон”

“Тамга барьж байгаа дарга бүхэн өөрийгөө шүдгүй арслан гэж хэлдэг болсон”
17 : 32
2019-1-24

“Тамга барьж байгаа дарга бүхэн өөрийгөө шүдгүй арслан гэж хэлдэг болсон”

“Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого” батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг гишүүдийн олонх нь дэмжээгүй тул  хууль санаачлагчдад нь буцаалаа.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

Шүдгүй арслан гэдэг нэр томьёо бий болчихсон. Одоо бараг тамга барьж байгаа дарга бүхэн өөрийгөө шүдгүй арслан гэж хэлдэг болсон. Аудитын байгууллагад сүүлд шинээр томилогдсон удирдлага тодорхой хэмжээнд ажиллаж байгаа. Миний санаж байгаагаар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2008 оноос хойших зарцуулсан төсөв дээр гүйцэтгэлийн аудит өнгөрсөн жил хийсэн. Маш сайн гүйцэтгэлийн аудит хийсэн байна лээ.  Аудитын байгууллага ажлаа хийж тодорхой зөрчил дутагдлуудыг илрүүлж хууль хяналтын байгууллагад нь шилжүүлдэг. Харамсалтай нь хууль хяналтын байгууллагад очсон хэрэг зөрчлүүд нь хэрэг зөрчил биш болоод хэрэгсэхгүй болчихдог. Ялангуяа агаарын бохирдол бууруулах чиглэлээр илэрсэн зөрчлүүд дээр жишээнүүд хэлж болно. Төрийн аудитын газар бол УИХ-ын дэргэдэх байгууллага. УИХ-ын дэргэдэх байгууллагын хууль эрхзүйн орчныг боловсонгүй болгох, хараат бус байдлыг нь баталгаажуулах, улсын хэмжээнд хяналтын хийдэл гаргахгүй байх энэ бүх боломжуудыг нь УИХ хангаж өгөх ёстой. Тэгж байж энэ байгууллага Засгийн газар, холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нартай холбоотой санхүүгийн шалгалтыг хийхдээ хараат бусаар буюу хөндлөнгийн нөлөөлөлгүйгээр хийнэ.

Бодлогын баримт бичиг, хууль хоёр хоорондоо өөр зүйл. Үүнийг УИХ-аас дэмжээд холбогдох тогтоолын төсөл, үзэл баримтлалыг нь хэлэлцүүлгийн үеэр улам чанаржуулаад явах нь зүйтэй гэж бодож байна. Баялаг бүтээгчдийн мөнгө хэрхэн зарцуулагдаж, мөн хэрхэн хуваарилж,  хулгайлж байгаа нөхдөд хэрхэн хариуцлага тооцож байна вэ гэдэгт аудитын байгууллага өөрсдөө сайн ажиллах ёстой. Аудитын дүгнэлт гаргаад хуулийн байгууллагад нь  шилжүүлчихсэн гэдэг байдлаар ам хаадаг байдлаа одоо болих хэрэгтэй. Араас нь  тавих хяналтаа сайжруулмаар байгаа юм. Та нарт санаачлах эрх нь ч бий.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

Уг тогтоолын төслийг дэмжих ёстой. Төрийн аудитын байгууллага бол УИХ-ын дэргэдэх байгууллага. УИХ-аас бүтэц байгуулагддаг. Дотоод аудит буюу хувийн аудитын бодлогын асуудлыг хамарч байгаа. Олон улсын аудитын байгууллагын гишүүн байгууллагын хувьд тэдний стандартад нийцэж ажиллах нөхцлийг нь хангах, эрх зүйн хийдэл гаргахгүй байх, төрийн байгууллагын сахилга хариуцлагыг сайжруулах, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, аудитын цонх буюу хийдэл гаргахгүй байх зэрэг асуудлуудад зайлшгүй шаардлагатай зүйл нь уг бодлогын бичиг баримтыг УИХ-аар батлах ёстой. Үүнийг Засгийн газар батлахгүй. Хоёрдугаарт хэрвээ бид цэвэр тунгалаг төртэй болъё гэвэл хараат бус төрийн аудитын байгууллагатай байх ёстой. Тийм учраас УИХ-ын дэргэдэх хараат бус төрийн байгууллагыг бид дэмжих ёстой.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь “Хуульд өөрчлөлт оруулсны дараа бодлогын бичиг баримтыг оруулж ирэх хэрэгтэй гэсэн бол Д.Оюунхорол гишүүн Засгийн газар дээр эхэлж яриад шийдвэр гаргах боломжтой гэв.

Ингээд тус бодлогын бичгийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 72 хувь нь тус тогтоолын төслийг дэмжсэнгүй.

Үүгээр пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдааныг хаалаа. 

16 : 45
2019-1-24

“Орон нутгийн хөгжлийн сангаас ноцтой зөрчлүүд илэрсэн”

УИХ-ын чуулганаар Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого” батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Улс орны тогтвортой хөгжилд төрийн аудитын гүйцэтгэх үүрэг өсөн нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд төрийн аудитын нийгэмд оруулах үнэ цэнэ ба өгөөж, улс орны хөгжилд үзүүлэх бодит нөлөө, аудитын олон улсын хөгжлийн чиг хандлагыг харгалзан үзэж, төрийн аудитыг цаашид хөгжүүлэх бодлогыг тодорхойлох шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблейн 2011 оны 66 дугаар хуралдаанаар Аудитын дээд байгууллагыг бэхжүүлэх замаар төрийн удирдлагын үр өгөөж, хариуцлага, үр ашиг ба ил тод байдлыг дээшлүүлэх талаар тогтоол гаргасан бөгөөд уг тогтоолын дөрөвдүгээрт “1977 онд батлагдсан Аудитын суурь зарчмын талаарх Лимагийн тунхаглал болон 2007 онд батлагдсан Аудитын дээд байгууллагуудын хараат бус байдлын талаарх Мексикийн тунхаглалыг талархалтайгаар тэмдэглэн, эдгээр тунхаглалуудад тусгагдсан зарчмуудыг өөрсдийн үндэсний бүтцэд нийцүүлэн хэрэгжүүлэхийг гишүүн орнуудад уриалж байна” гэж заасан байдаг нь “Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого”-д тусах учиртай аж.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

Аудитын байгууллага сайн ажиллаж байгаа гэж дүгнэнэ. Нүүрстэй холбоотой асуудал, Тавантолгой, АСЕМ-тай зэрэг олон асуудлаар аудитын дүгнэлт гаргаж, байнгын хороонд танилцуулсан. Үүний үр дүнд олон зүйлийг бид олж мэдсэн. Хараат бус аудитын асуудлыг ярьж байгаа нь зөв. Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлогын бичиг баримттай болсноор аудитын байгууллагад ямар үр дүн өгөх вэ. Аливаа зөрчил, алдаа дутагдлыг болсон хойно нь биш урьдчилж эрсдэлийг нь тооцдог стандарт байна уу. Төрийн өмчит аж ахуй нэгж байгууллагын ТУЗ нь аудитаа өөрөө сонгодог юм билээ. Энэ нь хэр зөв тогтолцоо юм бэ. Уг нь хөндлөнгийн аудит орж ажилламаар байгаа юм.

Ажлын хэсэг:

Төрийн аудитын бодлого, чиглэлтэй аудитын хуулийн этгээдийн тогтолцоо, дотоод аудит болон байгаль орчны, мэдээллийн технологийн зэрэг бусад аудитын салбарын үйл ажиллагаа, хамтын ажиллагааг сайжруулж, аудитад иргэдийн оролцоог нэмэгдүүлж, хяналттай, хариуцлагатай аудитын тогтолцоог бий болгож, төрийн аудитын хөгжлийг олон улсын чиг хандлагад нийцүүлж, төрийн аудитын байгууллагын хууль эрх зүйн орчин боловсронгуй болж, хараат бус байдал бэхжин гэж үзэн тогтоолын төслийг боловсруулсан. Бид урьдчилан аудитыг хийдэг болох зорилт тавин ажиллаж байна. Бодлогын бичиг баримт батлагдсанаар хууль эрхзүйн орчин бүрдэнэ. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

Чухал асуудал оруулж ирлээ. Энэ байгууллагад эрс шинэчлэлт хэрэгтэй. Хариуцлагатай ажил хэдий ч сүүлийн үед улстөржих болсон. Цэвэр агаар санд хийсэн аудитын дүгнэлт харах гэтэл байгаагүй. Гүйцэтгэлийн аудит хийлгэж байж 700 тэрбум гаруй төгрөгийн зөрчлийг бид гаргаж ирсэн. Боловсон хүчний асуудал  дутмаг, хангалтгүй байгаа нь үнэн. Тооны арын тэгийг  андуурч бичсэн тохиолдол хүртэл гарч  байсан.

Ажлын хэсэг:

Бид санхүүгийн болон хүний нөөцийн хязгаарлагдмал байдалд  байгаа. Үүнийг дагаад аудитын шалгалтын чанар, цаг хугацааны асуудал тулгардаг гэдэгтэй санал нийлж байна. Хөгжиж байгаа энэ салбарт төрөөс баримтлах бодлого  зайлшгүй шаардлага  бий. Зөрчил илэрсэн тохиолдолд бид шүүхэд шилжүүлээд орхидог. Цаашид хамтын ажиллагаа уялдаа холбоо хэрэгтэй байна. Төрөөс санхүүгийн хувьд боломжоороо дэмждэг ч санхүүгийн асуудал тулгарсан хэвээр.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлогын бичгийг тусад нь оруулж ирж хууль зөрчиж байгааг шүүмжилж үүний оронд хуулийг нь оруулж ирэхийг тодотгосон ч ажлын хэсгээс үүнд хариулт өгөхдөө хууль зөрчсөн асуудал байхгүй, Хууль тогтоомжийн тухай хуулийг баримтлан боловсруулсан гэсэн юм.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

Аудитын байгууллага ард түмний өмчид хяналт тавьж үр дүнтэй шалгаж хийх ёстой байгууллага. Сүүлийн үед нийгэмд гарч ирж байгаа томоохон зөрчлүүд дандаа зориулалтын бусаар зарцуулагдаж ирснийх. Уг нь аудитын дүгнэлтээр гаргаж  ирмээр байгаа юм. Бүх яамдуудад  хийсэн аудитын дүгнэлтүүд эцсийн үр дүнгээ өгч байгаагүй. Аудитын дүгнэлт хууль хяналтын байгууллагад бүрэн нотлох баримт болж чаддаггүй нь өнөөдрийн том том асуудлыг дагуулж байгаа юм. Цаашид яах вэ, аудитын байгууллага нь байгаад байдаг атал  гаргасан дүгнэлт нь нотлох баримтгүй болдоггүй яаж шийдвэрлэх вэ.  Аудитын дүгнэлт хууль хяналтын байгууллагад бүрэн нотлох баримт болж  чаддаг тэр хуулийг нь  өөрчилж оруулмаар байна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

6200 орчим байгууллагад аудит хийхээс 3000 гаруй байгууллагад аудит хийсэн. Аудитын гаргасан дүгнэлтийн хэд нь хуулийн байгууллагад  нотлох баримт болсон юм гэдгийг ажлын хэсэг хэлж өгөх хэрэгтэй.

Ажлын хэсэг:

Төрийн албанд ажиллаж байхдаа алдаа гаргасан асуудлыг дотооддоо буюу зөрчлийн хуудсаар зохицуулдаг. Сүүлд гэхэд Орон нутгийн хөгжлийн сан эрсдэлтэй болсныг аудитаар илрүүлсэн. Удахгүй дүгнэлтийг нь  Ерөнхий сайдад хүргүүлнэ.  Өнгөрсөн онд 87 хүнийг хууль хяналтын байгууллагад  шилжүүлсэн.

15 : 40
2019-1-24

“Монгол хэлээ сайн мэддэг, албан бичиг хөтлөх чадварыг чухалчилна”

Чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журам батлах тухай” тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.


БХБ-ын сайд Х.Баделхан:

Манай салбар маш том. Гэвч доороо ямар ч хөлгүй. Бодлогын газар нь гэхэд гуравхан хүнтэй. Яам, судалгааны ямар ч байгуулалгүй. Толгойтой, доороо хөлгүй, том нэртэй байгууллага. Яам нэртэй ч хэрэгжүүлэх байгууллага болж хувирсан. Цаашид төрийн бүтэц тогтвортой ажиллах хэрэгтэй. Олон улсын туршлагаар төрийн албаны  шинэ бүтэц байгуулна гэж хэллээ. Уг бүтэц нь өнөөдөр баталж байгаа шинэ хуульд хэр нийцэх вэ. Мөн уг хууль  дархлаатай, тогтвортой байж чадах уу.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Тогтвортой байх үндэс суурийг нь зөвхөн Төрийн албаны тухай хуулиас гадна  бусад бичиг үзэл баримтлалдаа ч суулгаж өгөх ёстой. Төрийн албыг ил тод байхыг нийгмийн шаардлага  болон өнгөрсөн алдаа оноо практикаас шаардаж байна. Тиймээс хамгийн байж болох боломжит заалтуудыг оруулсан учир нэг нам гарч ирээд өөрчилдөг байдал гарахгүй. Дархлаатай байж чадна. Төрийн бодлогын уялдаа холбоог холбодог нэгж байх ёстой. Уг асуудалд Засгийн газар анхаарч ажиллавал бүтцийн асуудал тодорхой болно.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

Хүмүүс хоёр талын зүйл ярьдаг. Нэг нь төрийн албыг тогтвортой байлгах тухай ярьдаг. Мөн улс төрийн намын нөмөр нөөлгөөр орсон албан тушаалтнууд улам дархлаажиж  хөдлөхөө больчихлоо гэж ярьдаг. Энэ шүүмжлэл хэзээ ч дуусахгүй. Тийм учраас тасалж авч урагшаа харах шаардлагатай байгаа юм. Олон жил нэг газар үр дүнгүй ажилласан хүмүүс тэтгэвэрт гарна. Гадаадад сургууль эзэмшсэн эсвэл сайн ярьдаг л байхад хангалттай гэх боллоо.  Үгүй ядаж монгол хэлээ сайн мэддэг, албан бичиг хөтлөх чадварыг чухалчилна. Цаашлаад 2022 оноос эхлэн монгол бичгээр бичдэг болох тогтоол хэвээр. Мэргэжлээрээ сайн мэргэшсэн, гаднын улсад өндөр мэргэжил эзэмшсэн хүмүүс аяндаа тодроод ирдэг. Эхлээд ахуйгаа мэдэх хэрэгтэй. Төрийн албаны тогтолцоо тогтвортой, мэргэшсэн байна гэдгийг Үндсэн хуульдаа тусгаад өгчихвөл уг хуулийг илүүтэй дархлаатай болгож өгнө.

Ингээд гишүүд үг хэлж дууссаны дараа уг тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад гишүүдийн олонх нь дэмжсэнээр эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. Үргэлжлүүлэн Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв түүний нэмэгдэл олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ.

13 : 17
2019-1-24

“Ажлын бүтээмжийг нь дээшлүүлэхгүйгээр хэдэнтээ төрийн албаны сайн хууль гараад өөрчлөгдөхгүй”

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэхтэй холбогдсон зарим дүрэм, журмыг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг пүрэв гаригийн чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцлээ.

Хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан төрийн албанд дагаж мөрдөх 45 дүрэм, журмыг шинээр буюу шинэчлэн баталж, мөрдүүлэх шаардлагатай байгаа бөгөөд уг хуульд заасны дагуу есөн дүрэм, журмыг нь Улсын Их Хурлаас тогтоол гаргаж батлах юм. Үүнээс УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Ё.Баатарбилэг, С.Бямбацогт, Д.Хаянхярваа нарын санаачлан боловсруулж, өргөн мэдүүлсэн “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай”, “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай”, “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл батлах тухай”, “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журам батлах тухай” гэсэн дөрвөн тогтоолын төслийг хэлэлцэж байгаа юм.

Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журам батлах тухай хуулийг хэлэлцэж дуусгалгүйгээр чуулганы өдрийн завсарлагын цаг болов.

 Уг хуулийн төсөлд хууль бусаар албан хаагчийг халсан иргэн өөрөө тухайн ажилтны нөхөн төлбөрийг өгдөг болох юм.Тодруулбал, Төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигч гомдлоо холбогдох баримт бичгийн хамт төрийн албаны салбар зөвлөл болон төрийн албаны төв байгууллагад 30 хоногийн дотор гаргана.

75.3.Төрийн албаны төв байгууллага гомдлыг хүлээн авснаас хойш долоон хоногийн дотор маргаан үүсгэх эсэх талаар шийдвэр гаргаж, 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд энэ хугацааг 14 хоногоор сунгаж болно.

75.4.Маргаан үүсгэсэн тохиолдолд төрийн албаны төв байгууллагын хянан шалгах комисс дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

 75.5.Энэ хуулийн 75.4-т заасан комиссын гишүүн хууль тогтоомжийг чанд сахих, хөндлөнгийн нөлөөнд үл автан албан үүргээ шударгаар гүйцэтгэх, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэний хууль ёсны ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэх, өөртэйгөө болон эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, садан төрлийн хүмүүстэй холбоотой асуудлыг шалгахаас татгалзах, хяналт шалгалтыг бүрэн гүйцэд хийх үүрэгтэй.

75.6.Энэ хуулийн 75.1-д заасан маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журмыг Улсын Их Хурал тогтооно.

76 дугаар зүйл.Хууль бус шийдвэрийг хүчингүй болгох

76.1.Энэ хуулийн 75.1-д заасан төрийн албаны хүний нөөцийн удирдлага, мэргэшлийн шалгалттай холбогдон гаргасан шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол төрийн албаны төв байгууллага өөрчлөх буюу хүчингүй болгоно.

76.2.Энэ хуулийн 76.1-д заасан хууль бус шийдвэрийг Засгийн газар гаргасан бол уг шийдвэрийг төрийн албаны төв байгууллагын мэдэгдлийг үндэслэн Засгийн газар өөрөө ажлын 14 хоногийн дотор хүчингүй болгох үүрэгтэй.

76.3.Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн тал уг шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно.

76.4.Төрийн албаны төв байгууллагын болон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, биелүүлсэн боловч албан хаагчийг хууль бусаар дахин ажлаас халсан албан тушаалтны шийдвэрийг энэ хуулийн 76.7-д зааснаас бусад тохиолдолд төрийн албаны төв байгууллага хүчингүй болгож, буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх мэдэгдлийг эрх бүхий этгээдэд хүргүүлнэ.

76.5.Энэ хуулийн 76.4-д заасан эрх бүхий этгээд нь мэдэгдлийг заавал биелүүлж, авсан арга хэмжээний талаар 7 хоногийн дотор хариу мэдэгдэнэ.

76.6.Энэ хуулийн 76.4, 76.5-д заасныг зөрчсөн эрх бүхий этгээдийг төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр төрийн албанаас хална.

76.7.Энэ хуулийн 76.4-т заасан хууль бус шийдвэрийг Засгийн газар гаргасан бол уг шийдвэрийг төрийн албаны төв байгууллагын мэдэгдлийг үндэслэн Засгийн газар өөрөө ажлын 14 хоногийн дотор хүчингүй болгох үүрэгтэй.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

Төрийн албаны шинэ хуулиар Монгол Улсын төрийн алба тогтвортой, мэргэшсэн болоход үр дүнгээ өгнө гэж бодож байна. Төрийн албаны зөвлөлийнхний ажил ч гэсэн энэ тал руу чиглэгдэнэ. Хуулийн төслийн үр өгөөж өнөө маргаашдаа харагдахгүй ч хэдэн жилийн дараа үр дүн нь заавал харагдана гэдэгт итгэж байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

2010 оноос хойш хууль бусаар төрийн албанаас халагдсан хүмүүсийн нөхөн төлбөрт 10 тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Энэ мөнгө татвар төлөгчдийн халааснаас гарсан.  Ажлын байран дээр гаргаад байгаа шаардлагууд нэг хүнд зориулсан байна гэсэн шүүмжлэл их байна. Орон нутагт Сумын Засаг даргын эрх мэдэл гэж бараг байхгүй болчихсон.

УИХ-ын гишүүн Т.Тогтохсүрэн:

Сүүлийн жилүүдэд олон албан тушаалтан хууль бусаар халагдаж, нөхөн төлбөр авсан. Хууль бусаар халсан буруутай албан тушаалтан хохирогчийн нөхөн төлбөрийг төлнө. Үүнд төрийн албаны зөвлөл хяналт тавина.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Төрийн албан хаагчдын ажлын бүтээмжийг дээшлүүлэхгүйгээр  хэдэнтээ  төрийн албаны сайн  хууль гараад өөрчлөгдөхгүй.

Үүгээр чуулганы хуралдааныг түр завсарлууллаа. Үдээс хойш 15.00 цагаас тус хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.  

12 : 25
2019-1-24

Монгол Улс 191 мянган төрийн албан хаагчтай

“Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.

Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл"-ийг УИХ-ын 2002 оны 73 дугаар тогтоолоор шинэчлэн баталсныг одоо мөрдөж байна.Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан "Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл"-д өөрчлөлт оруулах талаар холбогдох байгууллагуудаас санал авчээ. 

Ирүүлсэн саналыг багцлан үзвэл албан тушаалыг зэрэг зиндаа ахиулахаар гаргаж байгаа санал зонхилж байгаа юм. Гэхдээ зэрэглэл ахиулах үндэслэл хангалтгүй, байгууллагуудаас ирсэн саналын дагуу зэрэг зиндааг ахиулсан нөхцөлд нэгэнт тогтсон одоогийн зэрэглэлд ихээхэн өөрчлөлт орж зохистой харьцаа алдагдахын зэрэгцээ түүнд шаардагдах цалин, хангамжийн нэмэгдэлд зарцуулах хөрөнгийн эх үүсвэр 2019 оны улсын төсөвт тусгагдаагүй байна гэж Төрийн албаны зөвлөл үзжээ. 

Тиймээс одоо мөрдөгдөж буй ангилал, зэрэглэлийг үндсэнд нь хэвээр хадгалах нь зүйтэй гэж үзээд энэ тухай тогтоолын төслийг боловсруулжээ. 

Монгол Улсад нийт 191 мянган төрийн албан хаагч ажиллаж  байгаагаас 135 мянга нь төрийн үйлчилгээний салбарт  буюу эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн салбарынхан харин  төрийн тусгай алба хаагчид 37 мянга, 19  мянган төрийн захиргааны албан хаагч тус тус ажиллаж байна гэдгийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн тодотголоо.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар

Төр цомхон байснаар төрийн алба дархлаатай болно. Хувийн хэвшлийн цалин төрийн албанаас өндөр атлаа ажилчид олдохгүй байгааг хувийн хэвшлийнхэн бүгд хэлнэ. Төрийн албанд  орж байгаа хүмүүсийн анкет цалин бага мөртлөө маш их байдаг. Хувийн хэвшил цалин өндөр мөртлөө олдоггүй. Гэтэл төрийн албанд ажилд орох гэсэн хүмүүсийн  анкет ширээ дүүрэн байдаг. Төрийн албаа яаж дархлаажуулах вэ гэдгийг асуумаар байна. миний хувьд төрийн алба цомхон байж чадвал дархлаа тогтоно.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Бид ялгаж хармаар байгаа юм. Төрийн үйлчилгээний алба, тусгай алба хаагчид дотроо зааг ялгаа бий. Төрийн үйлчилгээний салбар  буюу эрүүл мэндийн үйлчилгээ  сайжруулах, эмнэлгийн орон тоог нэмэхийн тулд зайлшгүй  хүний нөөцийн орон тоог  нь нэмэх шаардлага гардаг. Өөрөөр хэлбэл төрийн албаны байгууллагын чиглэлээс нь хамаарч хүний нөөцийн асуудал яригдаж байгаа юм. Төрийн захиргааны албан тушаалтнууд дээрээ бид зайлшгүй мониторинг хийх шаардлагатай. Төрийн албаны  байшин болгоныг дагаад галч, цэвэрлэгч шаардагдаж энэ хэрээр төрийн алба данхайдаг. Дархлаа гэдэг нь дан ганц Төрийн албаны тухай хуулийг баталснаар шийдэгдэхгүй. Бусад хуулиудтайгаа  уялдана. Сэтгэлтэй ,шударга ажиллах хүмүүс нь төрийн албандаа үлдье. Төрийн нарийн бичгийн дарга болоход дор хаяж 10 гаруй жил ажилласан байх, газрын дарга болохын тулд  найман жил төрийн албанд ажилласан байх зэрэг шаардлагыг тодорхой тусгаж өгсөн. Ингэж байж төрийн дархлаа тогтоно.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

 Өнөө маргаашдаа бүтцийн асуудал ярихаар халаа, сэлгээ дагаад өрнөдөг учраас болгоомжтой хандах хэрэгтэй. Шинэ төрийн албаны хуулиар орон тоонд дураараа, арын хаалгаар орох асуудал байхгүй болно.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Төрийн албан хаагчийн зэрэг дэв цалинд нь хэр нөлөөлдөг вэ гэдгийг тодруулахад С.Бямбацогт гишүүн хариулахдаа “Төрийн албан тушаалтны зэрэг дэв тогтоосноор цалинд тодорхой нэмэгдлүүдийг олгодог. Үндсэн цалин дээр нь зэрэг дэвээс шалтгаалан нэмэгдэл ордог” гэлээ.

Үүгээр  Төрийн албаны ангилал, цол зэргийг тогтоох төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжсэн тул  холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

 

12 : 00
2019-1-24

Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай төслийг хэлэлцлээ

"Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай 2009 оны 06 дугаар тогтоолоор баталсан ангилал, зэрэглэлийг үндсэнд нь хэвээр хадгалж, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын 18.2, 18.7 дахь хэсэгт нийцүүлэхийн тулд шаардлагатай өөрчлөлтийг оруулахаар УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ. 

Зарим байгууллагын чиг үүрэг, бүтэц зохион байгуулалт, албан тушаалын нэр өөрчлөгдсөнийг ангилал, зэрэглэлд нэмж, бүтцийн өөрчлөлтөөр хасагдсан албан тушаалыг хасч, холбогдох өөрчлөлтийг оруулсан бөгөөд нийт зургаан байгууллагын 11 албан тушаалтныг хасах, 10 байгууллагын 19 албан тушаалыг шинээр нэмэх, зарим байгууллагын алба хэлтсийн дарга нар ижил түвшний чиг үүрэг гүйцэтгэдэг атлаа өөр өөр ангилал, зэрэглэлтэй байгааг жигдлэн тусгажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг, М.Билэгт, Ц.Даваасүрэн нар  асуулт асууж, хариулт авлаа. 

Гишүүдийн олонх нь  төрийн албаны данхар бүтцийг шүүмжлэв. Тухайлбал УИХ-ын гишүүн  М.Билэгт “Манайх 13 иргэн тутамд нэг төрийн алба хаагчид, дэлхийн хөгжингүй орнуудад  100 иргэнд нэг төрийн албан хаагч оногддог. Хүний нөөцийн төлөвлөлт чухал байна гэдгийг тэрбээр санууллаа.

Үүний дараа тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. 

Үргэлжлүүлэн “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг тогтоох тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

 

11 : 34
2019-1-24

“Яамдууд мэргэжлийн хүнээр дутмаг байна”

“Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

Төрийн алба зарчимтай зөв байхын гол суурь нь төрийн алба хаагчид зөв шударга ажиллахаас хамаарна. Энэ бүхэнд Төрийн албаны зөвлөл маш сайн хяналт тавьж ажиллах үүрэгтэй.  Миний дүгнэж байгаагаар 2012 он хүртэл Төрийн албаны зөвлөл зөв зүйтэй ажиллаж байсан. Яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар буруу зүйл хийхээс эмээдэг байсан юм шүү. Төрийн албаны зөвлөл улстөрчдийн нөлөөлөлгүй ажиллах ёстой. Өнөөдөр нийгмийн бухимдлыг төрүүлж байгаа ганц асуудал нь төрийн алба хаагчидтай холбоотой.  Улстөрчид, Засгийн газраас чиглэл өгдгийг нь болиулах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

Төрийн алба хэтэрхий данхар байгаа талаар өмнө нь би хэлж байсан. 10 жилийн хүүхдүүд бүтээлч буюу инженерийн мэргэжлийг сонирхдог болсон байна. Төрийн албыг сонирхох нь илт буурчээ. 240 мянган төрийн алба хаагчийг татвар төлөгчдийн мөнгөөр цалинжуулж байна. Дэлхийн жишигтэй харьцуулахад энэ нь маш том тоо. Төрийн алба цомхон байж төрийн алба хаагчдын цалин хөлс нь нэмэгдэнэ. Үүнийг хүн бус хуулиар зохицуулах хэрэгтэй. Дэлхийн дундажтай ойртох ёстой. Татвар төлөгчдийн мөнгийг цалинд зарцуулах нь зохисгүй юм.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Ж.Ганбаатар гишүүн зөв зүйлийг хэллээ. Төрд орчихвол амар хялбар амьдрах юм байна гэдэг ойлголт нийгэмд гарсан нь үнэн. Төр данхар болж байгаа нь үнэн. Жил бүр төрийн алба хаагчдын тоо нэмэгдэж байна. Үүнийг зохицуулж анхаарч ажиллах  газар нь Төрийн албаны зөвлөл. Ард түмэндээ үйлчлэх ёстой үйлчлэгч гэдгээ төрийн алба хаагчид мэдэж  байх ёстой. Тийм учраас үүнийг хуульд тодорхой тусгасан. Төрийн албаны зөвлөл шинэ дүрэм, журамтай боллоо. Төрийн албаны зөвлөл улс төрөөс ангид ажиллах нөхцөл боломж нь илүү бүрдэж байгаа учир өмнөх шигээ ажиллахгүй шүү.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

Өмнө нь хоёр яам 100 хүрэхгүй хүнтэй ажиллаж байсан бол одоо нэг яамд 100 гаруй төрийн алба хаагчид ажиллаж байна. Иргэний нисэхийн салбарт мэргэжлийн хүн 2-3-аас хэтрэхгүй шүү. Энэ мэт яамдууд мэргэжлийн хүнээр дутмаг байна. Төрийн албаны хангамж нэмэгдэх хэрээр арын хаалга нь нэмэгдэнэ шүү. Төрийн алба руу шуурах хүмүүсийн тоо улам нэмэгдэнэ. Төрийн албаны зөвлөл  2012 оны өмнөх шигээ ажиллах нөхцөл боломж энэ хуулийн төслөөр олгогдож байгаа гэж ойлгож байна.

Ингээд гишүүд үг хэлсний дараа  “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураахад гишүүдийн олонх нь дэмжсэн тул эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

 

10 : 39
2019-1-24

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

Пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар:

– Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

– Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдыг огцруулах тухай асуудал

– Монгол Улсын Засгийн газрын гишүүн,Зам, тээврийн хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудал

– Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

– Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай

– Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл

– Гэмт этгээдийг шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл

– Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл зэрэг хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ. Үг хэлсэн гишүүдийн ихэнх нь Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх асуудлаас хасч өгөхийг хүссэн юм.

УИХ-ын гишүүн  Ё.Баатарбилэг Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдрийн хэлэлцэх асуудлаас хасч өгөхийг хүсч,  мөн бүлэг дээр дэмжээгүй гэдгийг тэрбээр тодотгоод салбарын сайдыг нь байх үед хэлэлцье гэдэг саналыг гаргасан юм.

Харин Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж өгөхийг хүссэн юм.

Түүнчлэн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Хүний эрхийн үндэсний комиссын мэдээллээр Сүхбаатар аймагт 10 настай хүү морио хөлсөлж яваад мориноосоо унаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Хурдан морины уралдаантай холбоотой асуудлыг ярих цаг болжээ  гэдгийг тэрбээр сануулав.  

Шадар сайд Ө.Энхтүвшин “Ойрын хугацаанд Уяачдын холбооны хурал болох юм билээ. Энэ үеэр энэ асуудлыг ярих байх.  Аймгийн дарга нарт бид үүрэг өгнө.  10 нас хүрээгүй хүүхдийг уралдааны  морь унахыг хориглосон Засгийн газрын шийдвэр гарсан. Гэвч эсэргүүцэх хүмүүс байх юм гэдгийг тэрбээр хэлэв.

Ингээд  ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар  Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах  хуулийн төслийг хэлэлцэхийг түр хойшлуулж өгнө үү гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 67.4 хувь нь дэмжлээ.

Үргэлжлүүлэн “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж