Нийслэлийн Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Баттөмөрөөс загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнийн хэргийн талаар тодрууллаа.
-Ч.Чамин-Эрдэнийн хэргийн мөрдөн байцаалт ямар шатандаа явж байна вэ?
-Хан-Уул дүүргийн 15-р хороо "KH апартмент" хотхоны хойд талд байрладаг барилгын хоосон хашаанд Ч.Чамин-Эрдэнэ нас барсан хэрэгт хэрэг бүртгэлтийг нээн Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасаг мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулсан.
Амь хохирогч Ч.Чамин-Эрдэнэ нь 1996 оны гуравдугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрж өссөн, дээд боловсролтой, Чингэлтэй дүүргийн 50-р сургууль, “Сити” дээд сургуулийг төгссөн. 2015 оноос хойш хамтран амьдрагч Ю.Нэмэхбаярын хамт тус хотхонд амьдарч байсан. Ч.Чамин-Эрдэнэ “Монгол Модель” агентлагт загвар өмсөгчөөр ажиллаж байгаад 2018 оны наймдугаар сарын 22-ны өдрөөс аравдугаар сарын 1-ний өдрийн хооронд “Боловсрол” телевизээс зохион байгуулж буй “Mongolian next top model” шоу тэмцээнд оролцож, шилдэг таван оролцогчийн нэгээр шалгарч үлдсэн байсан. Мөрдөн шалгах ажиллагаагаар тус хотхоны камерын бичлэгүүдийг хураан авч үзлэг хийхэд 2018 оны аравдугаар сарын 24-ны өдрийн 10.35-16.30 цагийн хооронд 6B байрны арван давхраас цахилгаан шатаар бууж В1 давхрын 6В, 6D байрны гараашаар ганцаараа явж тухайн өдрийн 10.37 цагт В1 давхраас цахилгаан шатанд сууж 6D байрны 11 давхарт бууж байгаа бичлэгийг эд мөрийн баримтаар хураан авсан. "KH апартмент" хотхоны 6D байрны 14 давхрын коридорын салхивчны ирмэг бариул хэсгээс үзлэгээр гарын мөр илэрснийг харьцуулах шинжилгээгээр Ч.Чамин-Эрдэнийн гарын мөртэй таарсан.
-Шүүх шинжилгээний хариу ямар гарсан юм бол? Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Шүүх шинжилгээний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээгээр Ч.Чамин-Эрдэнийн биед олон тооны хавсарсан гэмтлийн улмаас нас барсан нь тогтоогдсон. Дээрх гэмтлүүд нь өндрөөс унах үед үүсэх боломжтой. Үүнийг шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Ч.Чамин-Эрдэнийн гарын мөр олдсон 14 давхрын салхивчаар хүн багтах боломжтой эсэхийг мөрдөгчийн туршилтаар шалгаж тогтооход хүний бие багтах боломжтой нь тогтоогдсон.
Мөн “Mongolian next top model” шоуны оролцогчдыг ар гэртэй нь уулзуулах үеэр оролцогчийн ээж нь маанийн ерөөл сонсгосон гэсэн хүсэлт гаргасан. Энэ асуудлыг шалгаж үзэхэд оролцогчийн ээж өөрийн найз нөхдийн хамт дүнчүүр маань гэдэг маанийг дуулж байгаа бичлэг хийлгэсэн. Уг бичлэгийг дуулсан дуучин нь тухайн цаг хугацаанд бичлэгээ сонсгох зорилгоор оролцогчдын ээж рүү явуулахад хүлээн авч уулзалтын үеэр гар утаснаасаа сонсон нь гэрчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар тогтоогдсон.
-Талийгаачийн ах Ч.Гэрэлхүү энэ хэрэгт олон хүмүүс холбоотой талаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн. Эдгээр хүмүүсийг цагдаагийн байгууллагаас шалгаж үзсэн үү?
Энэ хэрэгт Ч.Чамин-Эрдэнийн нагац ах Чимэдцэрэнгийн Гэрэлхүү нь тухайн шоу тэмцээнийг зохион байгуулагч болон оролцогч шүүгч бусад иргэдийг хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэж цахим орчинд олон нийтийн сүлжээгээр тараасан. Уг хүсэлтийг холбогдуулан цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулахад сэжигтэй зүйл тогтоогдоогүй. Харин дээрх иргэдийн зүгээс цагдаагийн байгууллагад хүний амь нас хохироосон хэрэгт гүтгэж байгаа талаар гомдол гаргасныг цагдаагийн байгууллага хүлээн авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Цагдаагийн байгууллагаас гаргасан хүсэлтдээ бол ар гэрт нь мэдэгдэлгүйгээр задлан шинжилгээ хийсэн талаар ар гэр нь хүсэлт гаргасан. Хүний амь нас хохирсон гэмт хэрэгт хохирогчийн цогцост үзлэг хийж, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1-р зүйлийн 1 дэх хэсэгт, 27.1-р зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу үхлийн шалтгааныг тогтоох зорилгоор мөрдөгч шинжээч томилдог. Шинжээч нь шүүхийн шинжилгээний тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасны дагуу шинжилгээ хийж, дүгнэлт гаргадаг. Ч.Чамин-Эрдэнийг амиа хорлоход хүргэсэн түүний биед нь халдсан эсэхийг тогтоох зорилгоор Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дах хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулахад ямар нэг сэжигтэй зүйл тогтоогдоогүй.
Хэргийг прокурорын хяналтан дор мөрдөн шалгах ажиллагааг явуулж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.14 дэх хэсэгт зааснаар хэргийг хаах саналтайгаар прокурорт шилжүүлж, шийдвэрлэж байна.Ч.Чамин-Эрдэнэ нас барсан хэрэгт хохирогчийн хувийн байдал амиа хорлосон нөхцөл байдал бүрэн тогтоогдсон.
Энэ нь хохирогчийн хувь хүний нууцтай холбоотой асуудал учраас энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн тогтоогдсон.
-Хамтран амьдрагч Ю.Нэмэхбаярыг талийгаачийн ах Ч.Гэрэлхүү буруутгаж байгаа харагдсан. Талийгаачийг удаа дараа зодож байсан гэдэг мэдээлэл үнэний ортой юу?
-Цагдаагийн байгууллагад Ч.Чамин-Эрдэнэ болон ар гэрийн зүгээс нь зодуулсан, хүчирхийлэлд өртөж байсан талаар ямар нэгэн гомдол санал урьд өмнө нь гаргаж байгаагүй. Мөн цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн санд ямар нэгэн хүчирхийлэлд өртсөн, гомдол, санал, дуудлага мэдээлэл өгч байгаагүй нь тогтоогдсон. Ч.Чамин-Эрдэнэ эмнэлгийн байгууллагад ядарсан, ходоод өвдсөн гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлсэн тохиолдол байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, ээж Г.Чимгээд эрх зүйн туслалцаа үзүүлж буй гурван өмгөөлөгчийн хамт мөрдөн байцаах албаны дарга хүлээн авч уулзаж, санал хүсэлтийг нь хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаанд биечлэн хяналт тавьж үүрэг чиглэл авч хэрэг гарснаас хойш өргөн цар хүрээтэйгээр тодорхой хугацаанд мөрдөн шалгах ажиллагаанд прокурорын хяналт, удирдлагаас өгсөн үүрэг чиглэлийн дор мөрдөн байцаах ажиллагаанд тасралтгүй явж нөхцөл байдлыг тогтоосон.
Э.ЭНХ
Холбоотой мэдээ