Ц.Энхийнесөнбаатар: Монгол хөөрөг хэлбэрээрээ ялгардаг

Хуучирсан мэдээ: 2019.01.24-нд нийтлэгдсэн

Ц.Энхийнесөнбаатар: Монгол хөөрөг хэлбэрээрээ ялгардаг

Чулуун сийлбэрч Ц.Энхийнесөнбаатар

“Монголын өнгөт эрдэнийн чулууны мэргэжлийн холбоо” төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч Ц.Энхийнесөнбаатартай ярилцлаа. Тэрбээр 1981 оноос модон сийлбэр хийж эхэлснээр дүрслэх урлагийн салбарт хөл тавьсан нэгэн. Харин 2005 оноос чулуун сийлбэр хийж, чулууг урлагийн бүтээл болгон хөгжүүлэхээр зорьж яваа чулуун сийлбэрч юм. Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан түүнтэй хөөрөгний тухай яриа дэлгэлээ.

-Та сайхан өвөлжиж байна уу. Та хөөрөг урлаад хэдэн жил болж байна вэ?

-Би анх 1981 оноос эхлэн модон сийлбэр хийж, дүрслэх урлагийн салбарт хөл тавьсан хүн. Уран барималч С.Дамдинжав гэдэг хүний шавь. Анх долдугаар ангийн сурагч байхдаа багшдаа шавь орж байлаа. Тэгээд би цэрэгт явтлаа модон сийлбэр хийгээд цэргээс халагдаж ирээд металь цутгуур гэдэг төрөл зүйл рүү орсон. Тэр үед багшаараа заалган бурхан шашны эд өлгийн зүйл хийж сурсан. Сүүлд би 2005 оноос хойш чулуун сийлбэр хийж эхэлсэн юм. Монголын геологийн байгууллагуудын шагналуудыг чулуугаар сийлбэрлэсэн. Миний хийсэн хөөрөг гэхэд тоогоо алдсан. Хамгийн сүүлд Бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдэд хаш чулуун халхавчтай хүрдийг хийж суурьлууллаа.

-Чухам яагаад чулуун сийлбэрч болохоор шийдэв?

-Би хар багаасаа модон, ясан сийлбэр хийж сурсан. Яагаад 20 гаруй жилийн дараа чулуун сийлбэр рүү орсон гэхээр өнөөдөр монголчууд чулууг зөвхөн хэрэглээ төдийхнөөр л ашиглаж байна. Жишээлбэл, хөөрөг, ээмэг, зүүлт, гаансны соруул, бөгж гэх мэт. Гэтэл яг чулуун сийлбэртэй урлагийн бүтээл тун ховор байдаг. Тийм учраас чулууг хэрэглээний зориулалтаас гадна дүрслэх урлагийн жинхэнэ бүтээл болгох чиглэлд хөгжүүлэхээр шийдсэн хэрэг л дээ.

-Монгол хөөрөг нь бусад орны хөөргөөс юугаараа ялгардаг юм бэ?

-Хөөргийг алт, мөнгө, мод, шаазан гээд ямар ч материалаар хийж болно. Тэр дундаа чулуун хөөрөг нь төрөл зүйлээсээ хамаараад өөр өөр байдаг. Монголчуудын хувьд олон зуун жил хөөргийг уламжлан хэрэглэж ирсэн ард түмэн. Тиймээс манан хөөрөг нэг иймэрхүү, хаш чулуун хөөрөг ийм хэлбэртэй байна гэсэн тогтсон хэлбэрүүдтэй. Монгол хөөрөг хэлбэрээрээ ялгардаг.

-Хөөрөгний үнэ цэнэ нь чулуундаа байдаг. Хөөрөгний хийц ч гэсэн чулуунаас хамаардаг уу?

-Хүн алгын чинээ чулуу худалдан авлаа гэхэд түүнийгээ жижиглэе гэж хэзээ ч бодохгүй шүү дээ. Шүр гэхэд маш үнэтэй, граммаар хэмжигддэг чулуу. Шүрэн хөөрөг хийхдээ доторх зайг нь маш бага ухдаг. Учир нь хөөрөгнийхөө үнэ цэнийг хадгалахын тулд тамхи хийх зайг нь бага хийдэг юм. Гэрэл тусгаад харахаар байгалиасаа цавтай чулуу байна уу, цав нь хаана дуусаж байна, цав дайруулаад хөрөөдвөл хөөрөг гарах уу гээд маш нарийн ажиллагаатай. Байгалийн чулуугаар хөөрөг хийлээ гэхэд дахиж хэзээ ч дахин давтагдахгүй шүү дээ.

-Байгалийн чулууг хиймэл чулуунаас яаж ялгах вэ?

-Энгийн нүдээр хиймэл чулуу, шахмал чулуу, будмал чулууг байгалийн чулуунаас ялгахад амаргүй. Монгол улсын сорьцын алба гэж байна. Мөн чулууг томруулдаг шилээр, гэрэл тусгаж шалгаж, үзэж болно. Хиймэл, шахмал чулууг ялгах энгийн арга бол хүний нүдэнд анзаарагдахгүй маш жижиг хэмжээний хөөс шиг хийн бөмбөлөг бий. Хятадууд муу чанартай зөөлөн чулууг будаж, янзлаад худалдаална. Эсвэл үнэтэй чулуугаар юм хийгээд үйрмэг гарахаар нь өндөр барьцалдаатай цавуугаар нааж, шахаад зарах тохиолдол ч их гардаг. Мэдээж чулууг хүчээр нааж, нийлүүлж байгаа учраас заавал хий үүснэ. Үүнийг л сайн харж, шалгаж авах хэрэгтэй. Би өөрөө БНХАУ-ын  Гуанжоу хотод болсон олон улсын чулууны үзэсгэлэнд оролцох үеэр, хуурамч будсан чулуу худалдаж авч л байсан.

Харин байгалийн чулуу аяандаа нүүгэлтсэн, үүлэнцэр, болор тунгалаг шилэн гялбаатай байдаг. Байгалийн чулууг дотор нь бас шилэн болон тосон гялбаатай гэж ангилдаг. Хаш чулуу гэхэд өөрөө тостой чулуу. Харин болор, молор, анар гэх мэт чулуун нь гялтганасан шилэн гялбаатай чулуу юм.

-Нэг хөөрөг хийхэд хэр хугацааг зарцуулдаг юм бол?

-Монголчууд жилээс жилд хөөргийг улам өргөн хэрэглэж, уламжлал ёсоо дээдэлдэг болсон байна. Зарим хүмүүс эхнэртээ хүүхдэдээ хүртэл хөөрөг хийлгэдэг. Хөөрөг хийхэд чулуунаасаа хамаарна. Зөөлөн чулуугаар хөөрөг хийхэд цаг хугацаа ч бага орно. Хатуу чулуу гэхэд цаг хугацаа, багаж их шаардлагатай. Зөөлөн чулуугаар хөөрөг хийхэд гурван өдөр суухад аятайхан, үзэмжтэй хөөрөг хийчихнэ. Миний хувьд хашнаас илүү хатуулагтай чулуугаар хөөрөг хийж байгаагүй. Хаш чулуун хөөргийг долоо хоногт нэгийг хийчихнэ. Чулуужсан самар, мод зэрэг ховор, содон материалаар хөөрөг хийж байсан.

-Сүүлийн жилүүдэд Монгол орны хөрснөөс олдсон чулуу гэхээсээ илүү импортын чулуу, чулуун эдлэл олшроод байх шиг?

Манай гариг дээр Япончууд Япон тэнгисээсээ шүр олборлож байна. Тайвань улс Энэтхэгийн далайгаас, Италичууд Газар дундын тэнгисээс шүр олборлодог. Манай улсад 2003 оноос эхлэн импортоор монгол руу маш их чулуу орж ирсэн. Ялангуяа мана гартаамын төрлийн чулуунууд. Чулууг мана, гартаам, гантиг, гөлтгөнө, болор гэж ярьж байгаа боловч дотроо маш олон төрөл байдаг. Монголд илрээгүй, олборлоогүй төрлийн содон, сонин чулуунууд Монголд их орж ирсэн .Чулуу урлаачид ч хөөрөг, гаансны соруул зэрэг олон ч зүйл хийсэн.

 Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж