Соёлын өвийг технологийн тусламжтай түгээж буй анхны "Виртуал үзмэр"

Хуучирсан мэдээ: 2019.01.24-нд нийтлэгдсэн

Соёлын өвийг технологийн тусламжтай түгээж буй анхны "Виртуал үзмэр"

Шинэ үе, шинэ мянганы монгол үрс үндэсний уламжлал, түүх, соёлын өв, дурсгалт зүйлсээ мэдэхгүй өсч буйг хүн бүхэн шүүмжилдэг ч тэдний сонирхол, хүсэл тэмүүллийг томчууд бид анзааралгүй өнгөрөөчихдөг. Цахим орчинд амьдарч, ухаалаг утас, компьютертэй “найзлах” болсон хүүхэд залууст чөлөөт цагаа өнгөрүүлэх газар нийслэлд хуруу дарам цөөн.

Гарын арван хуруунд тоологдох кино театруудад байрладаг тоглоомын төв нь хөл гишгэх зайгүй. Энд л хүүхэд залуус виртуал буюу бодит мэт хийсвэр ертөнцөөр аялж, цахим орчинд нэгэнтэйгээ уралдан тоглож цагийг хөгжилтэй өнгөрүүлж байгаа нь харагддаг. Цаасан хэвлэл уншиж, музейтэй танилцахаас илүү цахимаар хэрэгтэй мэдээллээ авч, хэрэгтэй номоо утсандаа багтаан, хийсвэр орчныг илүүд үзэх болсон хойч үеийнхэнд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газрыг анх удаа музей бүрдүүллээ.

Дууны нөлөө бүхий компьютерийн график хослуулан хиймэл (виртуал) бодит орчинд аялахдаа бидэнд мянганаар өртөөлсөн түүхийн хосгүй үнэт эд өлгий, соёлын өв болсон Өндөр гэгээн Г.Занабазарын хосгүй гайхамшигт бүтээлүүдтэй танилцах боломжийг олгожээ. Ийнхүү Монголын музейнүүд анх удаа “Виртуал үзмэр”-ээр  өнгө төрхөө өөрчилж, эрс шинэчлэлт хийгээд байна.

МУИС-ийн доктор, профессор А.Энхбаяр шавь нартайгаа хамтран Монголын музейнүүдийг “Виртуал үзмэр”-ээр баяжуулах төсөл дээр хоёр жил гаруйн хугацаанд ажилласны үр дүнд бодит амьдрал дээр хэрэгжиж эхэлжээ. Уг төсөлд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар болон ШУА-ийн түүх, археологийн хүрээлэнгээс Монгол түүх, өв соёлоо таниулан сурталчлах зорилгоор дэмжин хамтран ажилласан байна.

“Виртуал музей” төслийн нээлт өчигдөр /2019.01.23/ Өндөр гэгээн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болсон юм. Төслийн нээлтийн үйл ажиллагаа танхим дүүрэн хүнтэй эхэлж,  үзмэрийг сонирхсон хүн  байгаа орчноо умартан өөр ертөнцөөр аялахаар дугаарлаж байлаа.

Төслийн багийнхан “Виртуал үзмэрт” Г.Занабазарын найман бүтээлийг сонгохдоо өөр, өөрийн гэсэн хийсвэр орчныг бүрдүүлсэн аж. Тухайлбал, Цагаан дарь эхийг үзье гэвэл та тэргэл сар мандсан, цагаан элстэй говьд  очих болно. Учир нь Цагаан дарь эхийг монгол залуухан эмэгтэйгээр дүрсэлсэн. Түүний царайг харахад шинийн 15-ны тэргэл цагаан сар мэт тунгалаг, цагаан царайтай байсан гэх домог, хууч ярианаас улбаатай. Мөн Ногоон дарь эхийг ногоон талд, байгалийн зэрлэг амьтад хүрээлэн буйгаар орчныг дүрсэлжээ .Энэ үед та ер бусын амар тайван мэдрэмжийг мэдрэх болно. Бас гараараа мэдэрнэ.

Мичид гялалзсан огторгуйн ертөнцөөр та аялахдаа Ногоон дарь эх, мянган бурхан, язгуурын таван бурхныг үзэх олон хаалганаас сонголтоо хийж, нэг рүү нь орох үйл явц бол нөгөө ертөнцөд очсон мэт бишрэм гайхалтай мэдрэмж төрүүлнэ. Үүнд л профессор А.Энхбаяр багшаар ахлуулсан МУИС-ийн компьютер графикийн ангийн оюутнуудын бүтээлч шинэ санаа, ур ухаан, авьяас билэг, мэдлэг чадварыг үнэлж болно.

Дэвшилтэт технологийн тусламжтай бодит мэт хийсвэр орчинд аялсан зарим хүн эртний хийд, нар шингэж буй цэцэгт нугатай ногоон талд очихдоо төслийн багийнхаас “энэ хаана байдаг газар вэ” гэж асуухад хариуд нь хийсвэр ертөнц, бодит амьдрал дээр ийм газар хаана ч байхгүй гэж тайлбарлаж байлаа.

             МОНГОЛ ЗАЛУУС ДЭЛХИЙД ХӨЛ НИЙЛҮҮЛЭН АЛХАЖ БАЙНА

МУИС-ийн мэдээллийн системийн ангийн  III курсийн оюутан А.БАДРАНГУЙ:

МУИС-ийн мэдээллийн системийн ангийн  III курсийн оюутан А.БАДРАНГУЙ

-Виртуал орчин сүүлийн үед хүүхэд залуусын дунд тренд болж байгаа. Оптик төхөөрөмжийг зүүгээд өөр газруудад очно. Энд тоглоом тоглож, харж буй зүйлтэйгээ харьцаж болдог давуу талтай. Монголчууд энэ төрлөөр өөрсдийн контент бүтээж үзэж байгаагүй. Анх удаа А.Энхбаяр багшийнхаа удирдлага дор “виртуал үзмэр” контентыг гаргасандаа баяртай байна. Энэ контентыг бий болгосноороо монгол залуус дэлхийн залуустай, технологийн хөгжилтэй хөл зэрэгцэн алхах болсныг  баталж байна. Виртуал орчин, 3D модель байгуулна гэдэг их хэцүү. Гэсэн ч оюутнууд бид маш их судалгааг хийж, интернет орчинд хайлт явуулж энэ бүхэнд гаргалгаа гаргаж дуусгасан нь бид ямар ч асуудлыг шийдэж сурсанд хамгийн том ололт байлаа.

 

 

 

МУИС-ийн программ хангамжийн IV курсийн оюутан Б.БАТЗАЯА: 

МУИС-ийн программ хангамжийн IV курсийн оюутан Б.БАТЗАЯА

– Бид энэ ажлыг арваннэгдүгээр сараас эхэлж хийсэн. “Виртуал үзмэр” төсөл дээр ажиллах явцад тухайн бурхдын ур хийц, түүх, онцлогт тулгуурлан дахин давтагдашгүй орчныг бий болгоход хамгийн хэцүү нь байлаа. Хамгийн гол нь бусдад ямар мэдрэмж төрүүлэх вэ гэдэг их чухал байсан юм. Виртуал орчинд таван минутын хугацаанд хүн бодит юм шиг хийсвэр ертөнцийг бүрдүүлж, хүнд мэдрэмж төрүүлнэ гэдэг бол хамгийн хүнд асуудал. “Виртуал үзмэр”-ээр бидний ажил дуусахгүй. Энэ бол эхлэл. Цаашид илүү их зүйлийг хийж бүтээхээр төлөвлөсөн олон ажил бий.

 

 

 

 

     МОНГОЛ ЗАЛУУСТ ЗҮРХ ЗОРИГ Л ДУТАГДАЖ БАЙНА

Доктор, профессор А.ЭНХБАЯР: 

Доктор, профессор А.ЭНХБАЯР

-Дэвшилтэт технологийн тусламжтай бид Өндөр гэгээн Г.Занабазарын мутрын есөн бүтээлийг дижитал орчинд оруулж, тус бүрд нь орчин үүсгэсэн. Энэ бол технологийн тусламжтай түүх соёлын өвийг олон нийтэд түгээн дэлгэрүүлж байна гэж ойлгож болно. Үзмэрийг үзсэн хүмүүс үндэсний түүх соёлын өвөөрөө бахархах сэтгэгдэл төрнө. Монголчууд бид техник технологиор дэлхийгээс хоцроогүй гэдгийг энэ “виртуал үзмэр” батлах зэрэг олон талын ач холбогдолтой. Техник технологийн давуу байдлыг ашиглаж өв соёлыг  түгээх боломжтой.  Ирэх жил Хархорум хотын 800 жилийн ойгоос өмнө эзэнт гүрний хот ямар байсныг “виртуал орчин”-оор харуулна. Ер нь монголчууд оюуны чадамж өндөр, аливаад хурдан суралцдаг, чадвартай. Ганц зүйл дутагддаг. Багаар ажиллах чадвар муу, зориглох нь бага байдаг. Монгол залуус багаар ажиллаж, зүрх зоригтой хөдөлбөл хийж чадахгүй зүйл байхгүй. Дэлхийн залуустай тун удахгүй хөл нийлүүлэх байх.

Одоогоор “Виртуал үзмэр”-ийг Г.Занабазарын Дүрслэх урлагийн музей, Богд Хааны одон музей, Эрдэнэзуу музей, Хэнтий аймгийн музей  гэсэн таван газарт очиж үзэх боломжтой. Эл үзмэрийн ач холбогдол нь Монголын түүх, соёлын өвийг танин мэдүүлэх, орчин үеийн технологийн дэвшлийг болон түүний тусламжтайгаар хийж болох зүйлсийг хүүхэд залуус болон үзэгчдэд мэдүүлж байгаа явдал юм. Цаашид эзэнт гүрний үеийн Хархорум хот, Сарьдагиийн хийд, Төвхөн хийд, Амарбаясгалант хийд, Богд хааны ордон музей зэрэг Монголын түүх, соёлын бахархалт өвийг дижитал орчинд оруулах аж.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж