Шийдэл биш, үр дүн яриач Н.Цэрэнбат сайд аа!

Хуучирсан мэдээ: 2019.01.24-нд нийтлэгдсэн

Шийдэл биш, үр дүн яриач Н.Цэрэнбат сайд аа!

Шийдэл биш, үр дүн яриач Н.Цэрэнбат сайд аа!

NEWS агентлаг долоо хоног бүрийн Пүрэв гаригт “Яам агентлагаар сонин юутай байна вэ” буланг хүргэдэг билээ. Бид энэ удаад Байгаль орчин, аялал жуулчлалын яам /БОАЖЯ/-ыг онцолж байна.


Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад Байгаль орчин, аялал жуулчлалын яам онцгой үүрэгтэй. МАН эрх баригч нам болоод гурван жилийн хугацаа өнгөрч буй. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ аваагүй. Тэгвэл У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдаад, БОАЖЯ-ыг Н.Цэрэнбат толгойлоод жил гаруй хугацаа өнгөрч байна. 2017 оны аравдугаар сарын 20-ны өдөр Н.Цэрэнбат сайд ажлаа хүлээн авсан бөгөөд хоёр дахь  утаатай өвлөө үдэж буй. Энэ бүх хугацаанд утаа буурсангүй, салбарын сайд нь шийдэл ярьсаар өдийг хүрэв. Угтаа бол ажлаа авсныхаа дараа ханцуй шамлан орох ажил нь агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр дорвитой бодлого тодорхойлж, ажлаа эрчимжүүлэх байлаа, Н.Цэрэнбат сайд. Гэвч өнөөдрийг хүртэл шийдэл, гарц ярьсаар. Хатуухан хэлэхэд Н.Цэрэнбат сайд агаарын бохирдлыг бууруулах шийдэл ярих биш, үр дүнгээ яриад суух цаг нь өнөөдөр байсан юм. 65-уулаа УИХ-д сонгогдож, Засгийн эрх барьж байгаа намын хувьд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх бодлогоо тодорхойлоод ажлаа эхлүүлээд явах ёстой байсан. Гэтэл одоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар агаарын бохирдлыг талаар Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулахаар бэлтгэлээ базааж буй. Энэ мэтчилэн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр олон сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулдаг ч үр дүн нь хаана байгааг хотын гудамжинд гараад алхвал бэлхэн харах биз ээ. Ажлаа авсныхаа дараахан Н.Цэрэнбат сайд “Намайг ажлаа авахтай зэрэгцээд манай яам Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтарч “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулган”-ыг зохион байгуулж таарсан учир агаарын бохирдлыг бууруулах чиглэлд анхаарал хандуулж ажлаа эхлүүлсэн” гэсэн ярилцлага өгчээ. Түүний хэлсэнчлэн эхлүүлсэн ажил нь хаана гацав

САЯ ЖУУЛЧИН ХҮЛЭЭН АВЧ, НЭГ ТЭРБУМ ДОЛЛАРЫН ОРЛОГО "ОЛНО”

Н.Цэрэнбат сайд ажлаа авсныхаа дараа “2020 онд нэг сая жуулчин хүлээж авах, нэг тэрбум ам.доллар олох бол мөрөөдөл биш” гэсэн ярилцлага өгч байжээ. Тус яамны гүйцэтгэх бас нэг үүрэг бол аялал жуулчлалыг хөгжүүлэх явдал. Форбес сэтгүүлээс 2019 оны дэлхийн шилдэг 10 зорин очих газар, Инсайдер сэтгүүлээс хуримаа хийсэн хосууд бал сараа тэмдэглэх 13 шилдэг газрын нэгээр Монгол Улсыг нэрлэсэн мэдээ хэвлэл мэдээллээр гарч байв. Гэвч нэг сая жуулчин татах Н.Цэрэнбат сайдын “мөрөөдөл” хэрэгжсэн гэх гарт баригдах шийдвэр бас л алга. Монгол Улсад 2017 оны байдлаар 542 мянган гадаадыг зорчигчид, үүнээс 469,3 мянган жуулчин хүлээн авсан нь 2016 онтой харьцуулахад 16.1 хувийн буюу 65,1 мянган жуулчдын өсөлт үзүүлж аяллын салбараас олж буй орлогоор дэлхийн тэргүүлэх улсын тоонд багтсан хэмээн НҮБ-ын  харьяа Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас үзсэн байдаг.
Аялал жуулчлалыг татах чухал асуудлын нэг нь жуулчны баазууд. Манайд стандартын шаардлага хангасан, жуулчдад үйлчлэх хэмжээний жуулчны баазууд тун хомсхон. Тиймээс тус яамнаас “Жуулчны баазуудын” зөвлөгөөний зохион байгуулж, сая жуулчин авахад юуг анхаарах, ямар зохицуулалт хэрэгтэй байгаа талаар ярилцлаа. Харин Н.Цэрэнбат сайдын нэг сая жуулчин хүлээж авах мөрөөдөн 2019 оны зун биелэх үү гэдгийг харах л үлдээ.

НЭГ УДААГИЙН ГЯЛГАР УУТНААС ТАТГАЛЗЛАА

2018 оны зургадугаар сарын 20-ны өдрийн Засгийн газрын тогтоолоор 2019 оны гуравдугаар сарын 1-ээс бүх төрлийн 0.035 мм болон түүнээс нимгэн нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа, үйлчилгээнд сав баглаа боодлын зориулалтаар үйлдвэрлэх, импортлохыг  хориглосон. Гялгар уут нь байгальд уусдаггүй хог хаягдал учир дэлхийн олон оронд энэ төрлийн зохицуулалт хийж эхлээд байна. Монгол Улсын хувьд эхний удаа хүнсний бус зориулалтын, 0.035 мм-ээс нимгэн нэг удаагийн нийлэг уутны хэрэглээг хумих замаар гялгар уутны хэрэглээг үе шаттайгаар бууруулах ажлыг эхлүүлж байна. Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах ажлыг БОАЖЯ, ХХААХҮЯ, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, ГЕГ, МХЕГ-т үүрэг болгосон. БОАЖЯ-ны зүгээс 0.035 мм-ээс нимгэн нэг удаагийн нийлэг уут үйлдвэрлэгч, импортлогчид болон томоохон супер маркетуудын төлөөлөлтэй уулзан, дахин ашиглах боломжтой сав баглаа боодлыг хэрэглээнд нэвтрүүлэх зөвлөмжийг хүргүүлэн ажиллаж байна.

“ЦЭВЭРХЭН ШИНЭЛЦГЭЭЕ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

БОАЖЯ-наас “Хандлагаа өөрчилье” багц ажлыг санаачлан амжилттай хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдын дунд өсвөрийн байгаль хамгаалагч бэлтгэх зорилготой “Ногоон паспорт” аяныг санаачилж, олон улсын талархлыг хүлээгээд байгаа билээ.  Мөн Үндэсний их баяр наадмын үеэр “Цэвэрхэн наадацгаая” аяныг амжилттай зохион байгуулж улс орон даяар хоггүй наадсан. Харин энэ удаа уламжлалт сар шинийн баярыг угтаж уул, усаа бохирдуулахгүй тахин шүтэхийг уриалж “Цэвэрхэн шинэлцгээе” аяныг хэрэгжүүлэх бэлтгэл ажлаа хангажээ. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Эх болсон байгалиа хамгаалахыг олон нийтэд уриалж, соён гэгээрүүлэх нь ирээдүй хойч үеийнхээ төлөө хийж буй та бидний их үйлс юм. Иргэн бүр байгаль дэлхийдээ ээлтэй “Цэвэрхэн шинэлцгээе” гэж тодотгожээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж