Байр суурь: Намрын чуулганыг сунгах уу?

Хуучирсан мэдээ: 2019.01.24-нд нийтлэгдсэн

Байр суурь: Намрын чуулганыг сунгах уу?

Байр суурь: Намрын чуулганыг сунгах уу?

УИХ-ын намрын ээлжит чуулган хоёрдугаар сарын 10-ны өдөр завсарлана. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналаар намрын чуулганыг сунгаж хуралдуулж магадгүй болоод байна. Учир нь намрын ээлжит чуулган завсарласны дараа ээлжит бус хуралдааныг зарлах саналыг Ерөнхийлөгч гаргасан юм. Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын намрын чуулганы хугацааг сунгах саналаа /2019.01.23/ УИХ-д даргад хүргүүлсэн.

Тэрбээр тус албан бичигтээ “Улсын Их Хурлын дарга, гишүүдийн хооронд үүссэн зөрчил, тэмцлээс шалтгаалан төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа 40 гаруй хоногоор гацаж, улс орон, ард иргэдийн амьдралд ноцтой хохирол учруулах сөрөг үр дагаврыг бодитойгоор бий болголоо. Тухайлбал, Монгол Улсын Их Хурал 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн 23 хууль, тогтоомжийн төслөөс тавыг нь хэлэлцэн шийдвэрлэж, шийдлээ хүлээж байгаа нийгэм, эдийн засгийн амин чухал олон асуудлыг хойшлуулан, хаврын чуулган хүртэл хүлээлгэхээс өөр аргагүйд хүрч байна.

Төрийн эрх барих дээд байгууллага ийм үр дүнтэй ажиллаж байгаа нь сахилга, хариуцлагыг бүх түвшинд алдагдуулж, нийгмийн хөгжлийг сааруулах, аливаа бэрхшээлийг гааруулах шалтаг, гол шалтгаан болохоос гадна Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Гуравдугаар зүйлийн нэг дэх хэсгийн “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн …сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, Хорин долдугаар зүйлийн хоёр дахь хэсгийн “Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа тавиас доошгүй ажлын өдөр чуулна” гэснийг тус тус зөрчих нөхцөлд хүрнэ. Ийм нөхцөлд Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганыг хуулийн хугацаанд нь хаах боломжгүй бөгөөд чуулганы хугацааг зайлшгүй сунгаж, шийдэл хүлээж байгаа тулгамдсан асуудлуудыг нэг бүрчлэн хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна” гэж тодотгожээ.

УИХ-ын нэгэн чуулган ажлын 50-иас доошгүй өдөр хуралдаж байхаар Үндсэн хуульд заасан байдаг. Гэхдээ УИХ-ын гишүүд төлөвлөгөөнөөс гадуур буюу сандал суудлын хэрүүл хийж чуулганы үйл ажиллагааг сар гаруй хугацаанд гацаасан нь хэлэлцэж батлах ёстой олон асуудал овоороход хүргэв. Өөрөөр хэлбэл, томоохон хуулиуд намрын чуулганаар орж чадсангүй.

Ингээд УИХ-ын гишүүдээс намрын чуулганыг сунгаж хуралдуулах шаардлагатай юу эсэх асуудлаар байр суурийг нь тодрууллаа.

УИХ-ЫН ГИШҮҮН С.ЖАВХЛАН:

УИХ-ЫН ГИШҮҮН С.ЖАВХЛАН

Намрын чуулганыг сунгаж хуралдуулах нь зөв. Гэхдээ сандал, суудлын хэрүүл хийх гэж биш улс оронд тулгамдаж байгаа асуудлаа хэлэлцмээр байна. Дахин хэрүүлээ үргэлжлүүлбэл чуулганыг сунгаж хуралдуулаад ч хэрэггүй.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТ-ЭРДЭНЭ:

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТ-ЭРДЭНЭ

Хэдэн нөхдөөс болж намрын чуулганаар чухал шаардлагатай хуулийн төслүүдээ хугацаанд нь хэлэлцэж чадсангүй. Наад зах нь гэхэд хоёр сайдын асуудлыг хэзээ оруулж ирэх эсэх нь тодорхойгүй байна. Хэрэв хэлэлцэж амжихгүй намрын чуулган завсарлачихвал хоёр сар орчим хоёр яамны үйл ажиллагаа доголдолтой явна гэсэн үг. Асуудлыг нь оруулбал оруулаад үгүй бол болих хэрэгтэй. Ц.Цогзолмаа, Я.Содбаатар нар ажлаа үргэлжлүүлэн хийгээд явахад боломжтой хүмүүс. Тэднийг горьдогчидтой нь харьцуулахад хавь илүү ажиллана гэж харж байна.

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Н.ЭНХБОЛД:

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Н.ЭНХБОЛД

Дутуу асуудлуудаа хэлэлцээд явахад болохгүй зүйлгүй. Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН М.ОЮУНЧИМЭГ:

УИХ-ЫН ГИШҮҮН М.ОЮУНЧИМЭГ

Чуулган өнгөрсөн 40 гаруй хоногийн хугацаанд хуралдаж чадаагүй ч манай Өргөдлийн байнгын хорооны хувьд ажилласан. Миний хувьд намрын чуулганыг сунгаж хуралдуулах нь зөв гэж бодож байна. Бидэнд хэлэлцэж шийдвэрлэх олон асуудал байна. Тухайлбал, миний ахалж байгаа ажлын хэсэг “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” хөтөлбөр болгох хуулийн төслийг намрын чуулганаар оруулж ядахдаа эхний хэлэлцүүлгийг нь хиймээр байна. 2019 оны төсөвт тодотгол хийх бол одоо хиймээр байгаа юм. Мөн Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг гаднын зээл тусламжаар хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдээ Сангийн сайд чуулганы хуралдаанаар оруулж ирмээр байна. Ингэснээр жишиг өрхийн эмнэлэг Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт баригдах нөхцөл боломж нь бүрдэнэ. Одоогоор энэ бүхэн хүлээгдэж байна. Түүнчлэн зээлийн хүүг бууруулах асуудал удаашралтай байна. Өнөөдөр хэрэглээний зээл ДНБ-ий 40 хүртэлх хувийг эзэлж байгаа нь маш осолтой. Эдгээр бүх асуудлаа намрын чуулганаар хэлэлцэх шаардлагатай учир Ерөнхийлөгчийн саналыг дэмжинэ.

УИХ-ЫН ГИШҮҮН М.БИЛЭГТ:

УИХ-ЫН ГИШҮҮН М.БИЛЭГТ

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш хоёр сар орчмын хугацаанд УИХ-ын үйл ажиллагааг 40 гишүүн гацаасан. Өнгөрсөн хугацаанд манай намын 27 гишүүн УИХ-ын даргыг хамгаалаад суусан зүйл байхгүй. Бид УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулахыг шаардсан мөн ирц бүрдүүлэхийг хүлээсэн. Төрийн ажлыг гацаасныхаа төлөө ард түмнээсээ уучлалт гуйя гэж би чуулганы индэр дээрээс хэдэнтээ хэлсэн. Монголын ард түмэн УИХ-ын 65 суудлыг манай намд өгсөн атал энэ өндөр итгэлийг дааж чадаагүй нь манай намын бүлгийн гишүүдийн алдаа. Чуулганы тасалдсан хугацаанд чухал шаардлагатай олон хуулийн төслийг баталж амжих байлаа. Хэрэв намрын чуулганыг сунгаж хуралдуулъя гэвэл энэ саналыг би бүрэн дэмжинэ. Бид ард түмнийхээ дуу хоолой болж тэднийхээ эрх ашигт нийцсэн хуулиудыг санаачлах үүрэг хүлээснээс гадна Монголын төрийг шударга, ёс зүйтэй, хариуцлага тооцдог болгоно гэх мэт олон зүйлийг амласан. Энэ бүхнийгээ биелүүлмээр байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТТӨМӨР:

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТТӨМӨР

Ерөнхийлөгчийн гаргасан саналыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс олж харсан. Хэлэлцэх асуудал олон байна. Тухайлбал Татварын багц хуулийг намрын чуулганаар хэлэлцэх шаардлага бий. Мөн Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл хүлээгдэж байна. Тийм учраас намрын чуулганыг сунгаж хуралдуулахыг дэмжинэ.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ГАНБААТАР:

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ГАНБААТАР

Ерөнхийлөгчийн саналыг дэмжинэ. УИХ-ын 40 гишүүний бойкотоос болж намрын чуулган сар гаруй хугацаанд гацлаа. Энэ хугацаагаа нөхөж ээлжит бусаар хуралдах нь зөв. Цагаан сарын үеэр амраад ээлжит бус чуулганыг зарлаж гацсан хуулийн төслүүдийг хэлэлцэх ёстой. Төрийн ажил тасралтгүй явах үүрэгтэй.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ХАЯНХЯРВАА:

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ХАЯНХЯРВАА

Шаардлагатай бол чуулганыг сунгаж хуралдуулахад болохгүй зүйлгүй. Хувь гишүүнийхээ хувьд энэ удаагийн намрын чуулганыг хугацаанд нь завсарлуулаад түр амсхиймээр байна.

МОНГОЛ УЛСЫН УИХ-ЫН ТУХАЙ ХУУЛИЙН 16 ДУГААР ЗҮЙЛ. ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН

16.1. Ээлжит чуулганы чөлөөт цагт ээлжит бус чуулган зарлан хуралдуулж болно.
16.2. Ээлжит бус чуулганыг нийт гишүүний гуравны нэгээс дээшхийн шаардсанаар, эсхүл Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргын санаачилгаар хуралдуулна.
16.3. Ерөнхийлөгч болон Улсын Их Хурлын гишүүд нь ээлжит бус чуулган хуралдуулах санал, хэлэлцэх асуудлыг Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлнэ.
16.4. Улсын Их Хурлын дарга ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудал, хуралдах өдөр, цаг, үргэлжлэх хугацааг товлон захирамж гаргана. /Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
16.5. Ээлжит бус чуулганаар зөвхөн Улсын Их Хурлын даргын захирамжид заасан болон түүнтэй шууд холбоотой асуудлыг хэлэлцэнэ.

ОВООРСОН  ХУУЛИЙН ТӨСЛҮҮД:

• Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
• .Аж аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
• Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
• Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
• Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл;

• Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

• Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
• Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл;

• Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл;

• Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл;

• Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл;

• Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

• Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

• Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг хуулийн төслүүд хаалганы гадна хүлээгдэж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж