“Төрийн машин минийх”

Хуучирсан мэдээ: 2015.03.27-нд нийтлэгдсэн

“Төрийн машин минийх”

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг төсвийн хэмнэлтийн хүрээнд төрийн тансаглалыг бууруулах зорилгоор том жийпнүүдийг албаны хэрэгцээнд унахыг хориглосон.

Гэтэл энэ шийдвэрийг яам, агентлаг, төрийн байгууллагынхан хэрэгжүүлэхдээ тун хойрго хандаж байгаа аж. Хувийнхан хуруу хумсаа хуйхлан байж эдийн засгийн хямралтай тэмцэж байхад, төсвөөс унаа машин, утасны төлбөрөө даалгадаг дарга нар харин тансаг хэрэглээнээсээ салах дургүй байгаа бололтой. Төрийн дарга нар том жийпнээсээ салах дургүй байгааг Төрийн өмчийн хорооноос хэлж буй.

Тиймээс ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт Төрийн өмчийн хорооноос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг яам, агентлагууд дэмжихийг сануулав. Шийдвэр гарснаас хойш хоёр сарын хугацаанд  800 машин хурааж авахаас дөнгөж 40 машин хураагаад байгаа аж. Тодруулбал, Хүнс, хөдөө өж ахуйн яам, Худалдан авах ажиллагааны газар, ИНЕГ, УБЕГ, Цаг уур, орчны  шинжилгээний газраас бусад яам, агентлагууд одоо болтол автомашинаа төвлөрүүлээгүй байна. Тэр байтугай зарим яамдууд харьяа агентлагууддаа том тэргүүдээ шилжүүлж байгаад “баригдсан” гэх.

Сангийн яам “патрол” маркийн жипээ “ХАА-ийн давхар даатгал” ХК-д балансаас балансад, ЗТЯ болон БОНХАЖЯ автомашинуудаа харьяа байгуулагууддаа үнэ төлбөргүй шилжүүлсэн зэрэг зөрчил гарсныг ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт  сануулаад, ийм байдлаар асуудалд хандаж болохгүй анхааруулсан байна.

Уг нь төрийн сайдууд үлгэр дуурайл болж, тансаг хэрэглээнээсээ татгалзвал төрд гоё соёл тогтмоор. Харамсалтай нь, манай дарга нар том жийпнээсээ салах дургүй байгаа нь нөгөө “Чиний эхнэр минийх, миний эхнэр минийх” гэдэг шиг л харагдаж байна.  Нэг үгээр хэлбэл, төрийн машин минийх, миний машин минийх гэсэн шуналтай сайд дарга нар машинаа хүчээр булаалгаж шившиг болох уу, сайн дураараа өгөх үү гэдгээ өөрсдөө л мэдэх болж дээ.

Ер нь инэгэхд, үгэнд орохгүй байгаа, машинаасаа салах дургүй дарга нарыг нэр устайгаар нь зарлавал яасан юм бэ.

О.САР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж