Хүн амын хүнсний хэрэгцээнд зориулж мах бэлтгэлийн компаниудын бэлтгэсэн 14,544,6 тн нөөцийн махыг ирэх долоо хоногоос худалдаанд гаргах болсон талаар өнөөдөр холбогдох газруудаас мэдэгдлээ.
Эдийн засгийн хүндрэлээс үүдэн төсвийн тодотголд танагдсан нөөцийн махны 4,5 тэрбум төгрөгт Засгийн газраас баталгаа гаргаж, 105 дугаар тогтоолоороо векселиэр баталгаажуулах хөрөнгө, векселийн хүүгийн зардлыг 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийн төсөлд зохих журмын дагуу тусгахыг Сангийн болон Хүнс хөдөө аж ахуйн сайд нарт даалгасан юм. Урамшууллын мөнгө ч шийдэгдэж байгаа аж.
Харин нөөцийн махны үнийн тухайд нийслэлийн зургаан дүүргийн 800-1000 орчим дэлгүүрээр үхэр кг нь 5950, хонь 5750, ямаа 4900 төгрөгөөр тус тус худалдаалагдах аж. Энэ жил “Баатрууд тэнгэр” ХХК 3,212,7 тн, “Мах импекс” ХК 3,112,1 тн, “Мах маркет” ХХК 3,006,5 тн, “Эй Эн Ди Эм” ХХК 3,035 тн, Дархан хотод “Дархан мийт фүүд” ХХК 1081,4 тн, Эрдэнэт хотод “Эрдмийт” ХХК 1096,9 тонн мах нөөцлөн бэлтгэсэн гэсэн мэдээллийг Хүнс хөдөө аж ахуйн яамнаас өгч байна.
Г.НАРАН