Жил жилийн цагаан сарын өмнө Улаанбаатарт ирж, үзэсгэлэн худалдаа хийдэг жишиг тогтоод удаж байна. Айраг, цагаан идээгээрээ алдартай Архангай аймгийн Чулуут, Цахир, Их Тамир сумынхан уламжлал ёсоор “Цагаан идээний” үзэсгэлэнгээ энэ сарын 21-нд гурав дахь жилдээ Улаанбаатар хотноо хийлээ. Малчид өөрсдийн бэлтгэсэн сарлагийн сүү болон тогооны өрөм, хайлмаг, тос, ааруул гэх мэт амтат цагаан идээгээ худалдаалж, нийслэлийнхэнд сонирхуулсан юм. Архангай аймгийн хувьд улсдаа үхэр адуу, үхэр, хониороо тэргүүлдэг. Тэр дундаа сарлагаараа улсдаа тэргүүлж, нийт 70 орчим хувь нь Архангайн өндөр уулын бүсэд идээшилдэг.
“Цагаан идээний” үзэсгэлэнг уламжлал ёсоор УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн зохион байгуулсан бөгөөд тэрбээр нутгийнхаа малчдын бэлтгэсэн цагаан идээг ченж болон дундын борлуулагчийн оролцоогүйгээр нийслэлчүүддээ борлуулах боломжийг жил бүр олгодог.
Тус үзэсгэлэнд Архангай аймгийн 10 гаруй сумын 150 орчим малчин иргэд, цагаан идээ үйлдвэрлэгчид ирж өөрсдийн бүтээгдэхүүнээ борлуулжээ. Ойролцоогоор малчид 200 гаруй тонн сүү, цагаан идээтэй ирсэн байна.
Цаашид гадаад зах зээлд гарах өөрийн нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийг Чулуут, Цахир, Их Тамир сумуудад түшиглэн байгуулах боломжтой гэж үзэж байгаагаа үзэсгэлэнгийн үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлсэн онцолсон юм.
Холбоотой мэдээ