Аймгийн ИТХ-ын дарга, засаг дарга нарт зөвлөмж өгөв

Хуучирсан мэдээ: 2019.01.23-нд нийтлэгдсэн

Аймгийн ИТХ-ын дарга, засаг дарга нарт зөвлөмж өгөв

Аймгийн ИТХ-ын дарга, засаг дарга нарт зөвлөмж өгөв

Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн оны 10 дугаар сард орон нутагт ажилласан дүнгээр илэрсэн зөрчил, дутагдалд тулгуурлан авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг гарахад нөлөөлж буй шалтгаан нөхцөл, төрийн үйлчилгээний хүнд суртлыг арилгах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаарх зөвлөмжийг аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр болсон Засгийн газрын өртгөтгөсөн хуралдааны төгсгөлд гардуулан өглөө.

Уг арга хэмжээнд Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга З.Баасанням, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын албаны дарга Д.Дуламсүрэн, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Х.Хашбаатар, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т.Баярхүү нар оролцож авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг хууль тогтоомж, зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудын талаар үүрэг, чиглэл өгөв.

Тухайлбал, орон нутагт хууль бус төлбөр хураамж тогтоож, түүнийгээ хяналтгүй захиран зарцуулдаг, худалдан авах ажиллагааг хууль бусаар зохион байгуулж, танил тал, хамаарал бүхий этгээддээ тендерт шалгаруулан давуу байдал олгодог, төрийн албан хаагчдыг хууль бусаар ажлаас чөлөөлсний улмаас төсөвт хохирол учруулдаг, Сум хөгжүүлэх сан, Орон нутгийн хөгжлийн сан, Засаг даргын нөөц хөрөнгийг хууль бусаар зарцуулж, нөхөн сэргээлт нэрээр гэрээ байгуулан ашигт малтмалын олборлолт явуулдаг, ИТХ-ын даргын нөөц хөрөнгө гэх төсвийн эх үүсвэрийг зарим аймагт бий болгосон, албаны үйл ажиллагаандаа улстөржсөн байдлаар ханддаг, төрийн үйлчилгээнд хүнд суртал үүсгэдэг гэх мэт зөрчил, дутагдлууд давтагдан гарсаар байгааг анхааруулж, тэдгээрийг дахин гаргуулахгүй байх, таслан зогсоох арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.

Авлигатай тэмцэх газрын зүгээс дээрх зөрчилд хариуцлага тооцож, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр холбогдох албан тушаалтнууд хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлэхгүй, идэвх санаачилгагүй байгаа нь тухайн хэрэг, зөрчил давтагдан гарах шалтгаан болж байна. Иймд Авлигатай тэмцэх газрын зүгээс 2019 онд авлигаас урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлээгүй албан тушаалтнуудад хариуцлага тооцож, хүнд суртал гаргасан төрийн албан хаагчдын талаар олон нийтэд нээлттэй мэдээлж, төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааг ил тод болгон олон нийтийн хяналтыг улам нэмэгдүүлэх зорилтыг тавин ажиллаж байна.

Эх сурвалж: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж